УИХ-ын даргын санаачилгаар жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ойн комик бүтээл гарлаа

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой энэ жил тохиож байна. Түүний мэндэлсэн өдрөөр "Сүхбаатар" шинэ эриний Монгол жанжины намтарчилсан комик номын нээлт боллоо.

Нийт түүхэн 10 цуврал бүтээл гарах бөгөөд өнөөдөр эхний 2 номыг уншигчдийн хүртээл болгоход бэлэн болгожээ. Үлдсэн 8 номыг ирэх 6 дугаар сард багтаан гаргана. Мөн хүүхэд, залууст зориулсан 10 цуврал анимейшн, радио жүжгийн бүтээлийг гаргах юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2018 онд эхлүүлсэн уг төслийн багт комик зураач, зохиолч  Н.Эрдэнэбаяр, сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу, түүхч, доктор Н.Хишигт, судлаач Б.Бат-Эрдэнэ, Н.Дэмбэрэл, Э.Тамир нар ажиллажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “ХХ зууны түүхийг орчин үеийн арга хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаад баяртай байна. Энэ үеийн түүх коминтерны шахалтаар гажуудаж, гуйвуулагдсан байдгийг түүхч, судлаачид тогтоож байна. Энэ дундаас хамгийн олзуурхууштай зүйлсийн нэг нь Ардын хувьсгал бол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө агуулгатай, түүхэн шинж чанараараа үндэсний ардчилсан хувьсгал байсныг түүхийн баримтаар нотолж байгаа явдал юм.

Тухайлбал, 1923 онд Нутгийн захиргааны дүрэмд “…Ван, гүн, ноёдын эрх хэмжээг хязгаарлаж, 10 гэрийн хурлаас эхлэн сум, аймаг, хошуу, улсын их хурлуудыг дэс дараалан байгуулж, аливаа хэрэг явдлыг шүүн хэлэлцэж, ололнхын саналаар шийдвэрлэж байвал зохино. …Улсын ба аймаг, хошуу, сум, баг, 10 гэрийн даргыг сонгохдоо ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвар бичиг үсэгт боловсронгуй, өөр өөрийн оролцсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино” хэмээн заасан нь жинхэнэ төлөөллийг ардчиллыг нэвтрүүлсэн хэрэг юм.

Мөн Ардын намын дүрмийн эх зохиогчдын нэг Жамсрангийн Цэвээн Ардын засаг гэж бичээд (Демократия) гэж хашилтад тэмдэглэж үлдээсэн нь архивын баримтад тодхон үлджээ. Энэ мэтчилэнгээр түүхийн шинэ баримтуудаар гажуудсан түүхийг засаж залруулж, хойч үедээ үнэн зөвөөр үлдээх боломж бий болж байна. Энэ 10 цуврал түүхэн комик бүтээл Д.Сүхбаатар судлалыг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гээд жанжин Д.Сүхбаатарын үйл хэрэг, захисан үгсийг нь хойч үе маань үргэлж санаж явах учиртайг онцлов.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)