УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлнэ

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хуулийн төслийн талаарх илтгэлдээ, Улсын Их Хурлын 40 орчим гишүүн Улсын Их Хурлын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацаж, Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгийг танилцуулав. Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг заажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж үг хэлсний дараа Монгол Улсын УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 14 гишүүн 100 хувь дэмжснээр чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр О.Баасанхүү гишүүн танилцуулах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)