УИХ-ын дарга БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

    УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гэргийн хамт энэ сарын 22-26-нд  БНСУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар тус улсад  албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Хен О-той уулзалт хэлэлцээ хийж, Хууль зүйн Байнгын хорооны дарга Юү Сөн Хо, БНСУ-ын Гадаад бодлого, худалдаа, нэгдлийн Байнгын хорооны дарга Пак Жин нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох аж. Мөн  БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Багт бараалхана.
    Түүнчлэн Инчоны чөлөөт эдийн засгийн бүс болон  “Шинэ тосгон хөдөлгөөн” байгууллагад зочилж, Генги мужид загвар тосгонтой танилцахаар төлөвлөжээ. Чэжү аралд тусгай хөтөлбөрөөр зочилж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн “NATV” телевиз, “Жүн Ан Илбо” сонинд тус тус  ярилцлага өгөх юм.
    Д.Дэмбэрэлийг  УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын Парламентын бүлгийн гишүүн Д.Одхүү, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Д.Энхбат, С.Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон албаны бусад хүн багтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)