УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой" төслийг шалгуулахаар АТГ-т өгөв

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой” төслийг шалгуулах хүсэлтээ өчигдөр АТГ-т хүргүүлжээ. Тэрбээр төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” болон Монгол Улсын Засгийн Газар хооронд гэрээ байгуулсан цагаас хойш гэрээний хэрэгжилтэд анхааран, төслөөс манай улс ямар хугацаанд, хэдий хэмжээний ашиг авах талаар эрдэмтэн, мэргэжилтэн, шинжээчидтэй хамтран хийсэн судалгаа, баримтдаа тулгуурлан энэ алхмыг хийсэн гэнэ.

“Рио Тинто” компани төсөлд шууд хамааралгүй болон зарим төрийн болон төрийн бус байгууллага, түүний удирдах албан тушаалтнууд, компани, хувь хүмүүст Монголын баялгаас олсон орлогоосоо их хэмжээний мөнгө зарцуулж, санхүүжүүлж ирсэн нь зарцуулсан мөнгөний тайлангаас нь ил болсон байна. Энэ нь авлигын шинжтэй бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна хэмээн С.Ганбаатар гишүүн үзжээ.

Эхний ээлжинд тэрбээр төслийн санхүүжүүлэгч “Рио Тинто”- гоос санхүүжүүлсэн зургаан байгууллагыг шалгуулахаар АТГ-т мэдээлэл хүргүүлсэн байна. Үүнд Монголын урлагийн зөвлөл төрийн бус байгууллага 17.2 тэрбум, Хил хамгаалах ерөнхий газар 129.2 сая, Монголын уламжлалт урлах ухаан төрийн бус байгууллага 107.7 сая, Уул уурхайн үндэсний ассоциац төрийн бус байгууллага 89.4 сая, “ZIBRO Z” компани 1.4 тэрбум төгрөг, Их ус Туул төрийн бус байгууллага 600 мянган ам.долларын санхүүжилт авсныг багтаажээ.


Р.ОЮУН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)