УИХ-ын гишүүн Л.Энхболдын хамаарал бүхий компанийн захирлуудыг баривчлав


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд их хэмжээний хөнгөлөлттэй зээл авсан нь эрх мэдлээ урвуулсан, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн билээ. 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дээрх сангийн захирал, эрх бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн санхүүгийн бичиг баримтыг АТГ-ынхан нягтлаад эхэлснийг бид цаг тухайд нь мэдээлсэн. 

Тэгвэл энэ үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Энхболдын хамаарал бүхий хоёр компанийн захирлыг өнгөрсөн баасан гарагт баривчилжээ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр “Хас говь транс” компанийн захирал Э.Чагнаасүрэн, “Жаргалант харвест” компанийн захирал Л.Батсүрэн нарыг энэ сарын 16-нд саатуулсан аж. 

УИХ-ын гишүүн Л.Энхболдын хамаарал бүхий хэмээн бичиж буй “Жаргалант харвест” компани нь 2009 онд байгуулагдсан, Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх сангаас 2018 онд 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Харин “Хас говь транс” ХХК ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй бөгөөд тус сангаас 650 сая төгрөг авсан нь баримтаар ил болсон билээ. Энэ хоёр аж ахуйн нэгжээс гадна Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 650 сая төгрөгийн зээл авсан “Азийн говь” компани УИХ-ын гишүүн Л.Энхболдтой холбоотой гэх мэдээлэл ч олон нийтийн сүлжээнд цацагдах болов.

Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)