УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зориг агсны мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төсөл өргөн барьжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төсөл өргөн барьж байгаа талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр УИХ-аас батлан гаргахаар бэлдэж байгаа хоёр тогтоолын төслийг танилцуулсан юм.

1. 2017 онд С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төслийг санаачилж өргөн барьсан байна. Яагаад гэвэл 1990 өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагч, удирдагч, өнөөгийн Ардчилсан нийгмийн суурийг тавьсан, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан тул Ардчилсан хувьсгалын удирдагчийн 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын төслийг боловсруулжээ.

Засгийн газраас энэ шийдвэрийг дэмжиж байгаагаа өчигдөр мэдэгдсэн байна. Уг тогтоолд 2017 онд С.Зоригийн мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, түүний амьдрал, үйл ажиллагааны талаарх түүхэн үнэнийг ард түмэнд таниулах, алдар гавъяаг нь мөнхжүүлэх, мөн С.Зориг агсанд төрөөс олгосон шагнал, бэлэг, дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг Монгол Улсын түүхийн музейд байрлуулах, ойгт эмдэглэх өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, зохион байгуулах комисс гарган ажиллуулах, үүнд шаардагдах хөрөнгийг Засгийн газраас шийдвэрлэх зэргийг тусгасан аж. Үүнийг дэмжсэн шийдвэр гарна гэдэгт итгэж байгаагаа тэрээр мөн илэрхийлж байлаа.

2. Үүнтэй холбогдуулж Ардчилсан хувьсгалыг хийсэн ахмадууд, ардчилсан хувьсгалын анхдагчдын алдар гавъяаг мөнхжүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч ажиллаж, УИХ-д ч тогтоолын төсөл оруулж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)