УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.08.12/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлнэ.

Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 30-нд товлогдсон байсан ч өмгөөлөгч болон хэрэгт холбогдогч өөрөө ирээгүй тул өнөөдөр буюу 2020 оны 08-р сарын 12-ны өдөр хүртэл хойшлоод байна.

Хэргийг эргэн сануулахад. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь “Сафир стоун” компанидаа ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн байдаг.

Шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсний дагуу албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.

Эрүүгийн хуулийн

  • 3.4.1.Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно.
  • 3.1.2.Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.
  • 3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)