УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг дахин шалгахаар боллоо

Д.Гантулга УИХ-ын гишүүний сэнтийд заларч байхдаа Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдон удаан хугацаанд цагдаа, АТГ-т шалгуулсан билээ. Түүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хаалттай хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцаалаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал “Д.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг удирдлага болгон прокурорт буцааж шийдвэрлэлээ. Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад “Өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, гэм бурууг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ” гэсэн.

Гэвч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т заасан “Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн”, 6.14 дэх “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд нь хавтаст хэрэгт цугларсан баримтыг шинжлэхэд үндэслэлтэй байсан тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нь хэрэгт баримтаар тогтоогдож байгаа тул дээрх ажиллагааг хийлгэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн” гэж мэдээллээ.


Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)