УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэргийг удахгүй прокурорын хяналтад шилжүүлнэ

УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан. Тухайн өдөр болсон “Торгоны зам” олон улсын автомашины уралдааны зохион байгуулах комиссын хуралд оролцоод, дараа нь УИХ-ын хэд хэдэн гишүүний өрөөнд зочлоод, гарсан тэрбээр Засгийн газрын хуралдааны танхимын үүдний дэргэдэх гонхноос доош унасан гэдгийг тухайн үед хэргийн газарт ажилласан хууль сахиулагчид тогтоосон юм. Гэвч зарим улстөрч, жирийн иргэд ч түүнийг гаднын нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй хэмээн хардсаар өдий хүрсэн.

Тэгвэл уг хэргийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дуусаад, хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурорт удахгүй шилжүүлэх болсныг эх сурвалжууд мэдээллээ. Бидэнд олдсон мэдээллээр, цагдаагийн мөрдөгчид шаардлагатай бүх л нотлох баримтыг цуглуулж, гэрчүүдээс мэдүүлэг авсан бөгөөд тэдний дунд УИХ-ын нэг бус гишүүн тайлбар өгсөн сурагтай. Ингээд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, ШШҮХ-гийн шинжээчдийн дүгнэлт зэргээр гаднын нөлөөгүй, золгүйгээр амиа алдсаныг тогтоож, хэргийг хаах саналтай НПГ-т шилжүүлэхэд бэлэн болжээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)