УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жил хорих ял оноолоо

УИХ-ын 49 гишүүн 2016-2020 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 250 саяас 3.2 тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг. АТГ-ынхан эл хэргийг шалгаж, УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн асанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн билээ. Жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан тэдгээр нэр бүхий хүмүүст шүүхээс ял оноож эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Г.Солтан нарт ял оноогоод буй. Харин УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн гэм бурууг хэлэлцэх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр боллоо. НПГ-аас Б.Ундармаад холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт “Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох” гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн зургадугаар сарын 8-нд хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” ХХК-д 800 сая төгрөгийн зээл авсан аж. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасаж, 2.6 жил хорих ял оноолоо. Түүнд оноосон ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)