УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн өмгөөлөгч шүүгчээс татгалзав

Баянзүрх болон Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр олны анхаарал татсан хоёр ч хэргийг хэлэлцэхээр товлоод байв. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох, улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий “Доктор МЭИК” компанидаа 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр тус шүүхэд 13.30 цагт эхлэх үед Б.Ундармаагийн өмгөөлөгч О.Сайнбилэг нь шүүгч С.Пүрэвсүрэнгээс татгалзах хүсэлт гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул хүлээн авчээ. Улмаар шүүх хуралдаан даргалагчийг өөрчилсөн тул урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Харин Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн “Салхитын мөнгөний орд”-ын гэх хэрэгт холбогдсон шүүгч Б.Сайханцэцэг болон иргэн Ц.Өнөрцэцэг нарын гэм бурууг энэ сарын 21-нд хэлэлцэхээр болов. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь дээрх ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятад иргэдээс их хэмжээний хахууль авсан нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, хахууль өгсөн, зуучилсан хүмүүст холбогдох хэргийг тус шүүх тавдугаар сарын 14-22-ны хооронд хэлэлцэн Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нарыг хахууль өгсөн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн тасгийн дарга асан, хошууч Г.Алтан-Очир, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, өмгөөлөгч Ж.Цэцгээ зэрэг хүнд ял шийтгээд буй. Тэгвэл авлига өгсөн хэрэгт хамтран оролцсон гэх Ш.Энхтөрийн үйлдлийг дахин шалгуулахаар буцаасан бол Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг болон хахууль өгсөн хэрэгт холбогдсон Ц.Өнөрцэцэг, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, МӨХ-ны ерөнхийлөгч асан Б.Пүрэвням, шүүгдэгч С.Оюунбат нарт холбогдох үйлдлийг тусгаарлаад байгаа. Шүүх хурлын үеэр биеийн байдал нь муудаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас Ц.Өнөрцэцэг болон түүнээс хахууль авсан Б.Сайханцэцэгийн үйлдлийг тусгаарлан шийдвэрлэхээр болсон юм. Гэвч шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, Б.Оюунбилэг нар Б.Ундармаад холбогдох хэргийн хурал давхацсан учраас хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч долдугаар сарын 21-ний 10.00 цагт хэлэлцэхээр товлолоо.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)