УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд хал суусан гишүүд халдчихлаа

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн бүрдээгүй гэх шалтгаанаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ерөнхий прокурорын саналыг парламент хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлэлгүй, хууль зөрчлөө. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа өнгөрсөн пүрэв гарагт буюу энэ сарын 16-нд УИХ-д хүргүүлсэн. Үүнийг ажлын хоёр хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай бөгөөд өчигдөр уг хугацаа дууслаа.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх саналыг Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын бөгөөд нууц санал хураалтаар шийдвэрлэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо ч хуралдаж чадсангүй.

...Үнэндээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү, үгүй юү гэдэг нь дараагийн асуудал. МАН-ын ахмад гишүүд Н.Номтойбаярыг тодотгодог МАК компанийн лоббид автсан уу, эсвэл даргатайгаа таарамжгүй харилцаатай, давилуун залуу гишүүнээс тойргийг нь булаах дайралт, даруулгатай болгох тактик уу гэдэг нь ч жич хэрэг. Зүгээр л “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг шиг дөрвөн жил нэг танхимд суучихаад сонгуулийн өмнө хууль, хяналтын байгууллагад нэгнийгээ өгч явуулаад яах вэ гэж бодсон байж ч болох юм, эрх баригчид...

Тавхан гишүүнтэй дэд хороо заавал бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах ёстой юу. Үүнд тодорхой хариулт өгөх заалт хуульд лав алга. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо заавал бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байж тухайн асуудлаар санал, дүгнэлт гаргах ёстой гэж УИХ-ын тухай хуульд заагаагүй байна. Тус дэд хорооны гишүүн, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх талаар хэвлэлийнхэнд тайлбар өгч буй, туршлагатай хуульч Ц.Нямдоржийн тодорхойгүй яриа үүнийг батална. Тэрбээр дээрх саналыг ажлын хоёр өдрийн дотор хэлэлцэж чадахгүй бол хууль зөрчих тухайд “Тодорхой, бодитой шалтгааны улмаас хууль зөрчигдөх нь. Бид гурав (Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд) ярилцаж байгаад ямар ч гэсэн бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах нь зүйтэй гэж үзсэн” хэмээж буй. Мөн “Лүндээг (Д.Лүндээжанцан) Австрали руу албан томилолттой явсныг прокурорынхон мэдээгүй юм байлгүй дээ. Н.Номтойбаяртай холбоотой эл асуудлын талаар үргэлжлүүлж хуралдаад нэг тийш болгоно шүү дээ” гэх нь бурууг бусад руу түлхэж, бараг л ерөнхий прокурор тус саналыг УИХ-д өргөн барихдаа “процедурын” гэмээр алдаа гаргасан мэт ойлгогдов.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт гурвуулаа (Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд), өчигдөр дөрвүүлээ (Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Лүндээжанцан) яагаад хуралдаагүй гэж. Хуулийн хугацаа тулчихаад байхад Ч.Улаан гишүүнийг заавал хүлээх нь зүйтэй юү. Үндсэн хуулийн 27.6-д “УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэх заалт бий.

Мөн УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлд байнгын хорооны бүрэлдэхүүнд дэд хороо байгуулж болохоор заасан нь дэд хороог байнгын хорооны нэг хэсэг буюу бүрэлдэхүүн гэж үзэх үндэслэл болж буй. Өөрөөр хэлбэл, хуулиар харьяалуулсан асуудлын талаар шийдвэр гаргах үйл явц, дэг журам нь байнгын хороо, түүний бүрэлдэхүүнд байх дэд хороонд адилхан үйлчилнэ гэсэн үг. Харин манайхан дэд хороодын үйл ажиллагаанд дээрэлхүү, дураараа хандах нь нэгэнт нийтлэг болжээ. Ёс зүйн дэд хорооны шийдвэрт ёс төдий ханддагтай адил гэсэн үг. Уг нь өдгөө УИХ-д 10 дэд хороог байгуулан ажиллаж байгаа. Цаашлаад УИХ-ын тухай хуулийн 24.12-т “Дэд хороо асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана” гэжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүнээс гурав нь байхад буюу өнгөрсөн баасан гарагт Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар хуралдаад, Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг олонхын саналаар шийдчихсэн бол Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөхгүй байсан гэсэн үг.

Тэгээд ч Үндсэн хуулийн цэц 2009 онд үүнтэй холбоотой шийдвэр гаргаж, парламент УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан сонирхолтой баримт бий. Товчхондоо, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо дөрвөн гишүүнээс бүрддэг байсныг үүгээр тав болгосон. Мөн тэд тухайн асуудлаар, жишээлбэл, аль нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх талаар санал нэгтэй шийдвэр гаргахаар хуульчилсныг өөрчилсөн юм. Тодруулбал, иргэн Д.Нямдорж УИХ-ын тухай хуулийн 24.7 дахь заалтад “УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж, санал нэгдсэн дүгнэлт гарган, зохих байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн гэж ханджээ. Үндсэн хуулийн зөрчигдсөн гэж үзсэн заалтуудын нэг нь “УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” буюу 27.6 байв. Цэц эхлээд дунд, дараа нь их суудлын хуралдаанаараа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороотой холбоотой дээрх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэхэд хууль тогтоох байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Р.Гончигдорж, Д.Одбаяр нар тус хуралдааныг орхин гарч, эсэргүүцлээ илэрхийлж байсан юм билээ. Гэсэн хэдий ч Цэцийн шийдвэр эцсийнх, түүнд бусад хууль нийцэх ёстой тул УИХ хуулиа өөрчилж, өнөөгийн заалтуудыг тусгасан.

Үнэндээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү, үгүй юү гэдэг нь дараагийн асуудал. МАН-ын ахмад гишүүд Н.Номтойбаярыг тодотгодог МАК компанийн лоббид автсан уу, эсвэл даргатайгаа таарамжгүй харилцаатай, давилуун залуу гишүүнээс тойргийг нь булаах дайралт, даруулгатай болгох тактик уу гэдэг нь ч жич хэрэг. Зүгээр л “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг шиг дөрвөн жил нэг танхимд суучихаад сонгуулийн өмнө хууль, хяналтын байгууллагад нэгнийгээ өгч явуулаад яах вэ гэж бодсон байж ч болох юм, эрх баригчид. Энэ парламентад гэхэд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх найм дахь санал нь Н.Номтойбаярынх. Үүнээс өмнө гишүүн Д.Гантулга, Б.Батзориг, Л.Энхболд, Д.Мурат, Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ерөнхий прокурор УИХ-д уламжилсан ч хэнийг нь ч “өгөхийг” зөвшөөрөөгүй. Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлснөөс бус, бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй. Ер нь байнгын ажиллагаатай парламентын 30 орчим жилийн түүхэнд гурван гишүүний бүрэн эрхийг л УИХ түдгэлзүүлсэн байдаг.

Тэд бол “казиногийн” гэх хэргээр ял сонссон, 1996-2000 оны УИХ-ын гишүүд болох Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Баттулга нар. Харин Л.Гүндалай, Д.Дондог, Ц.Батбаяр, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан ч заримыг нь буцааж, заримыг нь зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, аль ч парламент гишүүнээ тавьж явуулах тун дургүй. Ингэхдээ тэд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмний нэрийн өмнөөс сонгогдсон УИХ-ын гишүүний ард олон мянган сонгогч, иргэн бий, төрийн түшээ, түүний бүрэн эрхэд улс төрийн зорилгоор халдах вий гэхчилэн олон зүйл ярьдаг. Харамсалтай нь, ард түмний элч төлөөлөгчийнхөө үүргийг нэр төртэй гүйцэтгэж буй нь тун цөөн. Юутай ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотойгоор хөвөрч буй олон таамаг, хардлага, сэжгийг дэвэргэж, бас үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү төрийн эрх барих дээд байгууллага, тэр тусмаа энэ парламентад хамгийн олон сонгогдсоны хувьд туршлагатай, тууштай байх учиртай түшээд шийдвэр гаргахдаа баталсан хуулиа мөрдөх ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)