УИХ-ын гишүүд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих лобби бүлэг байгууллаа

Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгууллаа. Тус лобби бүлэгт нам харгалзахгүй 30 гишүүн багтсан бөгөөд бүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллахаар болжээ.

Тэрбээр "Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг дэмжих бодлогыг тус лобби бүлэг манлайлан ажиллах болно.Энэхүү ажлын хүрээнд бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай улсын хувьд нэн даруй шийдэх асуудлын нэг. Аймгуудад долоогоос есөн хувийн бэлчээрийн даац хэтэрчихсэн байгаа. Тиймээс бид бэлчээрийн тухай хуулийг авч хэлэлцэх нь зүйтэй" гэлээ.

 Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Малчдыг дэмжих анхдугаар аянг зохион байгуулна. Залуу малчдыг бэлтгэхэд анхаарах цаг нь болсон. Бэлчээрийн цөлжилтийн асуудлыг Засгийн газрын түвшинд гарган ирэх хэрэгтэй. Мөн малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэхээр бодлогын шинэчлэл гаргана. Цаашлаад малчдыг дэмжих энэ хөтөлбөрт Монголын өнцөг булан бүрт байгаа малчин өрхийн нийгмийн халамжийн асуудлыг шийдэхэд түлхэц үзүүлэх лобби бүлэг байгуулагдаж байна. Малын хулгайх таслах асуудлаар ирэх дөрвөн жилд маш шаргуу ажиллана. Ирэх дөрвөн жил Монголын малчид малын хулгай гэдэг шүдний өвчнөөс салахад бидний лобби бүлэг онцгойлон ажиллана. Төсөвт дарамт учруулахгүйгээр малын хулгайтай тэмцэнэ. 2019 онд малын хулгай дөрөв дахин буурсан. Хулгайлсан малын түүхий эдийг худалдаалдаг хотуудыг орц гарц хаалттай байсан учир малын хулгай буурсан. Үүнээс бид малын хулгайг зогсоох боломжтой гэдгийг мэдэж болно. Үүний тулд төр нийгэм болон иргэдийн оролцоо маш чухал" гэсэн юм.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)