УИХ-ын гишүүд Австри Улсад ажиллав

Монгол, Австрийн парламентийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Австри Улсаас Европын Холбооны парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Роман Хайдер болон Австрийн парламентийн Гадаад хамтын ажиллагааны дэд дарга Лукас Мусси нартай энэ сарын 24-нд уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар Монгол Австрийн санхүүгийн хамтын ажиллагааны III шатны хэлэлцээрийн талаар санал солилцож, манай талаас Австрийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны зөв менежментийг монголд нэвтрүүлэх, Завхан аймагт эрүүл мэндийн шинжилгээний төв байгуулах, БЗД-т хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр австрийн туршлагыг нэвтрүүлэх, төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцсан байна.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, хоёр талын харилцааг өргөжүүлэхэд дээд өндөр түвшний айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн Австрийн талаас өндөр түвшний айлчлал хүлээн авахад бэлэн байгааг тэмдэглэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)