УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд, Г.Солтан гишүүн томилолтоор хөдөө орон нутагт явж байсан учир өнөөдөр өглөө болтол хойшлуулсан. Тэгвэл дөнгөж сая хуралдаж дуусаад, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцсэнийг бүгд мэдэж байгаа байх. Г.Солтан гишүүн өчигдөр орой онгоцоор ирж, өглөө тайлбараа өгсөн. Ерөнхий прокурорын танилцуулга, гишүүний өгсөн тодруулгад үндэслэн шийдвэрээ гаргалаа. 

Нэгдүгээрт, мөрдөн байцаах байгууллагын шалгалт дуусаагүй байгаа. Дуусах шатандаа явж байгаа гэж Ерөнхий прокурор танилцуулсан. Иймд мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуустал УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-гийн асуудлыг бүрэн гүйцэт шалгаж дуусаад буруутай, буруугүйг нь ялгаад, гарцаагүй тохиолдолд түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирнэ гэсэн үг.

Хоёрдугаарт, Ерөнхий прокурорын танилцуулга, нэмж өгсөн тайлбар, гишүүдийн мэдэгдэлтэй холбогдуулан нарийвчлан шалгах асуудлууд цөөнгүй байгааг харлаа. 

Гуравдугаарт, бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тавигдаж буй дөрвөн гишүүн дуудсан цагт нь тус бүрдээ нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн юм билээ. Мөрдөн байцаалтын ажилд саад болсон гэхээр зүйл дэд хороонд ажиглагдсангүй. Ийм шалтгаан нөхцөл байгаа учраас энэ удаад дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах боломжгүй гэсэн санал дүгнэлт гаргасныг дэд хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)