УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцоно

УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцын байдал, Ерөнхийлөгчийн саналын талаар хэлэлцэж, зарчмын шийдвэрүүдээ гаргалаа. Нэмэлт, өөрчлөлтийн төслийг хуульд нийцүүлэх, Ерөнхийлөгчийн саналыг зайлшгүй тусгах шаардлагатай гэж үзсэн учраас II хэлэлцүүлгээс хойш бид хурлын үйл явцад огт оролцоогүй байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Ингээд өнгөрсөн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгч өөрийн байр суурийг илэрхийлж, саналаа өргөн барьсан тул бид тус саналыг дэмжиж, нөгөө талаасаа Ардчилсан намаас боловсруулсан саналыг илэрхийлж оролцох нь зүйтэй хэмээн үзлээ. 

Мөн Ерөнхийлөгчтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа. Бид хэд хэдэн асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгаа. Үүнд: 

  1. Сонгодог парламентад сонгогдож байгаа УИХ-ын сонгуулийн системийг холимог хэлбэрээр явуулах нь зүйтэй гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна.
  2. Тунхагийн шинжтэй байсан эдийн засгийн ойлголтыг өөрчлөх хандлага Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байхгүй байгааг эсэргүүцэж байна. Өнөөдөр төрийн төсөвтэй холбоотой асуудлыг болоод УИХ-ын гишүүдийг төсвийг нэмж, хасаж болохгүй гэсэн утгатай заалт орж ирж байгаа нь улс орны эдийн засгийн хөгжлийн эсрэг тушаа болж байгааг улам баталгаажуулсан хэлбэр юм.
  3. Төрийн албанд орох босгыг Үндсэн хуульд зайлшгүй оруулах ёстой.

Ерөнхийлөгчийн хуулийн төслийг зөвшилцөх нь зүйтэй. Гэхдээ зөвшилцөж дуусаагүй байхад ард иргэдээс санал асуулга явуулж болохгүй. Үүн дээр саналын зөрүү гарсан" хэмээн мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)