УИХ-аа засаад улсаа төвхнүүлэх чуулган

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганыг хааж үг хэлэхдээ ээлжит бус чуулган зарлахаа мэдэгдсэн. Гэхдээ хэзээ гэдгийг нь товлоогүй. Юутай ч энэ сард гишүүдийг дуудахгүй сурагтай. Харин 2019 оны хаврын ээлжит чуулган эхлэхээс хоёр, эсвэл гурван долоо хоногийн өмнө ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэнэ. Ингэснээр ирэх сарын 10-наас гишүүд Төрийн ордонд цуглаж, арай эрт “ажилдаа орно” гэсэн үг. Дараагийн ээлжит чуулганыг хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 5-нд эхлүүлэх ёстой. Харин ээлжит бус чуулган зарлалаа гэхэд хэдий хэр хугацаанд үргэлжлэхийг хатуу тогтоосон хуулийн заалт үгүй. Тодруулбал, ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг гагцхүү УИХ-ын дарга захирамж гарган тогтоодог. Гэхдээ нэгэнт захирамжаар тогтоосон хугацааг баримтлахгүй бол хууль зөрчсөн хэрэг болно. Тойргоо тойглохоор тал тал тийш тарж одсон гишүүдийг чуулганы завсарлагаар цуглуулах нь амаргүй тул ээлжит бус чуулганы нэрээр нэг мөр дуудаж, хаврын чуулгантай золгуулах нь амар байж ч мэднэ.

УИХ-ын дарга нэгэнт мэдэгдсэн тул ээлжит бус чуулган болох, эсэхэд эргэлзэх хэрэггүй биз. Учир нь түүнд бүрэн эрх нь бий. УИХ-ын тухай хуульд зааснаар ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар хуралдуулдаг. Өмнөх дарга М.Энхболд өнгөрсөн долдугаар сар буюу 2018 оны хаврын ээлжит чуулганы дараагаас тавьсан ээлжит бус чуулган хуралдуулах тухай Ерөнхийлөгчийн санаачилга хийгээд нэр бүхий гишүүдийн саналын аль алийг нь хүлээж авалгүй байсаар намрын чуулгантай золгосон удаатай. Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы хугацааг сунгах тухай санал ч гаргасан. Хэдийгээр Төрийн тэргүүний тавьсан саналыг УИХ ёсоор болгоогүй ч тэрбээр ээлжит бус чуулган хуралдуулах санаачилга гаргахад бэлэн байгаа биз.

Тэгвэл ээлжит бус чуулганаар юу хэлэлцэх вэ. Энэ нь уг чуулганы хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг тогтоодог УИХ-ын даргын захирамжид ч хамаатай. Өөрөөр хэлбэл, тухайн захирамжид дурдсан асуудлуудыг л хэлэлцэх ёстой. УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг дараагийн чуулганаас урьтаж сайжруулах шаардлагатай талаар УИХ-ын шинэхэн дарга үг хэлэх бүртээ онцолсон гэхэд болно. Түүнийг сонгох хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа хэдэнтээ онцолж байсан төдийгүй намрын чуулганыг хааж үг хэлэхдээ

 “УИХ-ын чуулганы танхим популизм, хэрүүлийн талбар байх учиргүй. Ард олны хүсэмжлэл, олон нийтийн санал, бодолд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн нь парламентат ёс, соёлыг төлөвшүүлэхэд гарцаагүй чухлыг бид анхаарч ажиллах шаардлагатай. Үүний тулд хуульд нь өөрчлөлт оруулж, олон улсын парламентын зарим дэвшилт зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэтгэлцээний зарчмыг УИХ-д нэвтрүүлэх нь зүйтэй”

хэмээн онцолсон. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Цагаан сарын өмнө хуралдахдаа ч энэ тухай хөндсөн байна лээ. Юутай ч хийж, өөрчлөх, сайн сайхныг авчрах гэгээн, гэнэн хүсэл Г.Занданшатар даргад байгаа ч хойрго гишүүдээ удирдах, хүсвэл “ажил хаяхад” бэлэн түшээдийг гартаа оруулах чангахан хөшүүрэгтэй байх ёстой. Гэхдээ түүний хэлээд буй өөрчлөлт нь зөвхөн гишүүдийн сахилга, хариуцлага, чуулганы үйл ажиллагаа, зохион байгуулалтын зарим асуудлыг хөндөх төдий ойлголт байх уу. Өөрөөр хэлбэл, М.Энхболдыг Г.Занданшатараар солих үед хамгийн их яригдсан Монголын парламент, төрийн эрх барих дээд байгууллагын дархлааг сайжруулах ёстой гэсэн хүсэл эрмэлзлийг бодитоор хэрэгжүүлэх хүртэл өргөн хүрээг хамарч чадах уу. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилснаар гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх санал гаргасан тохиолдолд хэлэлцэн шийдвэрлэдэг болсон хуулиа төрхөмд нь буцаах уу. Үүний хариулт ирэх өдрүүдэд илүү тодорхой болох биз ээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хаалтын үгэндээ “Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг нийгэм, эдийн засгийн шийдлээ хүлээж байгаа амин чухал асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно” хэмээн онцолсон. Гэхдээ татварын багц хуулийн төсөл ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын нэлээд хойгуур бий. Татварын ерөнхий хуулиас гадна Аж ахуйн нэгжийн болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жагсаалтын 13-15-д эрэмбэлсэн байгаа юм. Эдгээрийн өмнө хэлэлцэн батлах хугацааг нь хуулиар тогтоосон төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл, гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдийн төсөл бий. 

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, УИХ, Ерөнхийлөгч болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль, Улс төрийн намын тухай зэрэг хэдэн парламент дамжин яригдаж буй ч үнэмлэхүй олонх бүхий УИХ-ын өнгөн дээр ч урагшлахгүй байгаа төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд буй. Эдгээрийг хэлэлцэх хуулийн хугацаа болоод улс төрийн боломжит нөхцөл ирэх чуулганаас цааш үгүй тул аргагүй биз. Тиймээс Татварын багц хуулийн төслийг сугалж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байж болох. Юутай ч Сангийн яамныхан Татварын багц хуулийн төслийг өргөн барихад бэлтгээд тун завгүй байгаа юм билээ. Энэ нь магадгүй 2019 он, цаашлаад ирэх жилүүдийн улсын орлого, хөрөнгө мөнгөтэй шууд холбогдох тул ийн яаравчилсан байж мэднэ. Нөгөө талаас байгаа 75 гишүүний 64 нь нэг намынх бүхий энэ парламентад өрнөсөн эрх мэдлийн төлөөх цусгүй тулаанаас болж хайран цаг хугацааг алдаж хоцорсон шүү дээ.

Ийнхүү өнгөрсөн намрын ээлжит чуулганаар хуулийн хугацаанд эрхбиш захирагдан 2019 оны төсвийг баталснаас өөр ажил үндсэндээ хийгээгүй парламентаас хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа дуусгахыг л Ерөнхийлөгч шаардсан. Гэвч өнгөрсөн болон ирэх чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал өмнөхөөсөө хуулчихсан аятай, эгээ ижил гэхэд болно. Харин өмнөх чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын жагсаалтад буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганы жагсаалтад багтаагаагүй нь үүнийг “ээлжит бус”-аар хэлэлцэнэ гэсэн Г.Занданшатар даргын үгийг баталж буй гэлтэй. Битүүний өдөр хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны үеэр УИХ-ын дарга “Төрийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байгаа. Үүнийг бизнес эрхлэгчид их анхааруулж ирсэн. Энэ хуульд өөрчлөлт оруулбал бүтээн байгуулалтын ажил шуурхай болно. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэлгүй нэлээд удлаа. Энэ бол олон нийтийн анхаарлыг татаж байгаа асуудал” хэмээн тодотгосон юм. Түүнчлэн тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Оюутолгой”, агаарын бохирдол, батлан хамгаалах салбарт үүсээд буй байдлыг ч ярилцах ёстойг онцолсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)