Удмаараа бахархсан хүмүүс Баян-Өлгийд “уралдана”

Ураг, төрлийн холбоотой гурван хүнийг МАН Баянхонгор аймагт нэр дэвшүүлэв. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нутаг усандаа хамгийн нөлөө бүхий омгийн төлөөлөл гэгддэг. Тиймээс ч тэрбээр хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон, сайдаар томилогдож, өдгөө дахин нэр дэвшиж байна. Харин нэр дэвшигч А.Гылымхан түүнтэй нэг омог буюу удам нэгтэй. Тиймээс ч сайд Х.Баделхан, Засаг дарга А.Гылымхан нарыг Баян-Өлгийд төрийн албыг төрлийнх болгож, омгийнхоо хүмүүсийг томилж байна гэж шүүмжилдэг. Тэгвэл эрх баригч намаас илгээсэн гурав дахь нэр дэвшигч Т.Аубакар нь сайд Х.Баделханы эгчийн хүүхэд. Аав нь УИХ-ын гишүүн Г.Солтаны ах аж. Сэлэнгэ аймагт төрж, өссөн тэрбээр Казахстанд голдуу амьдардаг бололтой. Т.Аубакар МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад нэлээд олон жилийн өмнөөс идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдах үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад горилж байсан юм. Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 4.6 тэрбум төгрөгийн авлагатай хэмээн дурдсан нь нийт нэр дэвшигчийн хувьд ч өндөрт тооцогдох биз ээ.

Ёс зүйгүй аашилж, хувийн амьдралаа төрийн асуудал болгосны төлөө өнгөрсөн хугацаанд хангалттай “нүдүүлсэн” Д.Мурат гишүүнийг АН дахин нэр дэвшүүлж буй. Түүнтэй баг болон нэр дэвшиж буй Б.Бейсен Гавьяат эмч, Баян-Өлгийд насаараа мэргэжлээрээ ажиллаж байгаа нэгэн. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга хүртэл алба хашсан тэрбээр ИТХ-д дөрвөн удаа сонгогдож, өдгөө АН-ын бүлгийн даргаар ажилладаг юм байна. Нэр дэвшигч Р.Гажайв ч нэг бус удаа ИТХ-д төлөөлөгчөөр сонгогджээ. Барилгын “Монстрой эра” компанийн захирал гэдгээр нутгийнхан нь андахгүй аж.

АН, МАН-аас бусад нам, эвсэл 76 мандатад бүгдэд нь нэр дэвшүүлээгүй. Харин МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”, ШИНЭН, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-ын “Шинэ” эвсэл Баян-Өлгий аймаг, хоёрдугаар тойрогт тус бүр гурван хүн сойжээ. Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдсон А.Болатын хүү Айбек “Та, бидний эвсэл”-ээс нэр дэвшиж буй юм байна. Тэрбээр Баян-Өлгий аймгийн МАХН-ын хорооны дарга, хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. Тус эвслээс нэр дэвшигч З.Батырбек МАХН-ын гишүүн, эдийн засагч, 2008-2012 онд Налайх дүүргийн ИТХ-ын төлөөөлөгчөөр МАН-аас сонгогдож байв. Сүүлийн хоёр жилд “Премьер капитал” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй бөгөөд 2003 оноос Хас банканд мэргэжилтнээс салбар, бүс хариуцсан захирал болтлоо 10 гаруй жил ажилласан байна. Тэдэнтэй хамт баг болон нэр дэвшиж буй хүн бол нисгэгч Т.Ауез. Тэрбээр Монгол Улсын анхны нисгэгч, генерал М.Зайсановын ач хүү, Гавьяат нисгэгч З.Таштуаны хүү бөгөөд өвөө, эцгийнхээ мэргэжлийг өвлөсөн нэгэн.

“Шинэ” эвслээс нэр дэвшиж буй М.Төлеген нь 2004 онд Багануур, Налайх дүүрэгт бие даан нэр дэвшиж байжээ. Түүний аав У.Мавлет нь Налайхын уурхайг удирдаж, Уул уурхайн яамны сайдаар ажиллаж байсан юм. Тус эвслээс нэр дэвшигч П.Нямхүү нь нягтлан бодогч мэргэжилтэй, “Монгол ус” ТӨҮГ-ын орлогч захирлын алба хашиж явсан нэгэн. Харин нэр дэвшигч Х.Ганибатын талаарх мэдээлэл тун хомс аж. Тэрбээр хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ өөрөө ч, гэр бүл нь ч огт орлогогүй хэмээн дурджээ.

Өөрийгөө “тэнгэр үзэлт” хэмээн тодорхойлсон Г.Баянмөнх Хөгжлийн хөтөлбөр намаас ганцаараа нэр дэвшиж буй бол Зон олны намаас илгээсэн Б.Бямбагэрэл хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 100 мянган төгрөгийн орлоготой гэж дурдсанаас өөр мэдээлэл олдсонгүй. Харин “Ата-Баба” компанийн ерөнхий захирал К.Ханагат бие даан нэр дэвшиж байна.