Удирдлагыг нь занхайлгалаа гээд Улаанбаатар хөгжих үү

С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын тамгыг хүлээж аваад (хоёрдугаар сарын 27) 35 өдрийг үдсэн ч үлдсэн хугацаанд, 2020 оны сонгууль хүртэл хамтран ажиллах багаа бүрдүүлээгүй л байна. Хийх ажил их, хугацаа бага байгаа юм сан. Уг нь тэрбээр өөрийг нь Засаг даргаар сонгосон ИТХ-ын хуралдааны дараа л бүтцийн өөрчлөлт хийж, нийслэлийн удирдлагын багийг солихоо мэдэгдсэн. Засгийн газар ч тогтоол (2019 оны гуравдугаар сарын 21-ний 100 дугаартай) гаргасан. Үүний дагуу нийслэлийн ИТХ өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, Засаг даргын Тамгын газрын бүтцийн өөрчлөлтийг батлаад байна.

Ингэснээр С.Амарсайхан дарга хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч, хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчтой ажиллах нь. Хариуцан ажиллах асуудал нь харилцан адилгүй болохоос өмнөх дарга С.Батболд ч хоёр орлогчтой байв. Гэхдээ орлогчтой дүйцэхүйц түвшинд ажиллах (Засгийн газрын тогтоолд ийн тодорхойлсон) “Төслүүдийн удирдагч” гэх албан тушаалын тоо С.Амарсайханы үед нэмэгдэх нь. Үүнийгээ Засаг дарга С.Амарсайхан “Энэ нь Улаанбаатар хотод тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх гол зорилготой нь нийцүүлж, орлогч болон төсөл, хөтөлбөр хариуцсан удирдагч нарыг томилохтой холбоотой өөрчлөлт юм. Тухайн төслийн удирдагч нар зөвхөн өөрт харьяалах асуудлыг л бүрэн хариуцаж ажиллах нь илүү үр дүн авчирна. Тиймээс зөвхөн агаар, орчны бохирдол хариуцсан төсөл, хөтөлбөрүүдийн удирдагч, гагцхүү зам, тээврийн асуудал хариуцсан удирдагч гэх мэтээр үүрэг, хариуцлагыг нь тодорхой болгосон. Энэ мэтчилэн чиглэл бүрээр мэргэжлийн баг бүрдүүлж, нэгдмэл бодлого, нэг зохион байгуулалттайгаар ажиллах зорилгоор эл бүтцийг бий болгосон” хэмээн тайлбарлана лээ. С.Батболд Засаг дарга байхдаа төслийн хоёр удирдагчийг ажиллуулж байсан юм.

Үндсэндээ Ардын намынхан амны уншлага болтлоо шүүмжилсэн “Э.Бат-Үүлийн зургаан орлогчийн үе”-ийг тэд өөрсдөө авчирч байгаа нь энэ. 2012-2016 онд буюу АН-ынхныг нийслэлд засаглаж байхад МАН-ынхан Засаг дарга Э.Бат-Үүлийн зургаан орлогчоор мөн ч их оролдсон доо, хөөрхий. Үнэхээр ч “үсрээд” л хоёр орлогчтой ажиллаж ирсэн үе үеийн Засаг даргын замналд “зургаан орлогч”-ийн талаарх мэдээлэл цочир содон байсан. Засаг дарга Э.Бат-Үүл хөгжилтэй, хүн ам олонтой хотуудын жишээ татаж, олон орлогчоо “өмөөрч”, бүр сүүлдээ цалингүй ажиллуулна хэмээн зүтгэсэн. Эдийн засгийн байдал сайнгүй байсныг хэлэх үү, зургаан орлогчийг дагалдан гарах зардал, мөнгө нь тэднийг илүү ихээр нүд үзүүрлэх шалтаг болж байлаа. 

Энэ нь ч тухайн үеийн сөрөг хүчнийхнийг өнөөдөр эрх баригч болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Даргын “арми”-ийг зузаатгаж, занхар удирдлагаас зайлсхийнэ гэж Ардын намынханд ард түмэн найдсан. Гэвч тэд Засаг даргаас Засаг даргын хооронд удирдлагаа улам л занхайлгалаа. Шүүмжилж шүүмжилж олонх болчихоод өнөөх л олон орлогч томилохоос бултуулж, “төслүүдийн удирдагч” нэрээр шургуулсан нь тэр. Хариуцах асуудлуудыг нь хольж, сэлгэн, хэдэн үг наана, цаана нь оруулан “орлогч”, “төслүүдийн удирдагч” хэмээх хоёр ойлголтыг тодорхойлсноос өөр зарчмын ялгаа огт алга. Тухайлбал, өдгөө нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогчоор ажиллаж буй П.Баярхүүгийн үүргийг хот байгуулалтын болон зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч нарт хуваасан байгаа юм.

Хариуцах ажлыг хувааж, нэршлийг сэлгэсэнтэй адил хүнийг нь ч өөрчлөх нь тодорхой. “Орлогч” нарын төлөөх “марафон” МАН-д хэдийн эхэлчихсэн. Одоогоор нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг томилох нь баараггүй болсон сурагтай. Тэрбээр Засаг дарга С.Батболдын үед ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор томилогдсон бөгөөд С.Амарсайхан тамга гардах хүртэл хотыг түр удирдаж байсан юм. Улаанбаатарыг удирдах хүний төлөөх “уралдаан”-ы үед ч түүний нэр цохиж явсан. Үүнээс гадна нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлд аль нэг “төслүүдийн удирдагч”-ийн суудлыг бэлдээд буй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)