Удамт бөх

Нэр- Даваадоржийн Төмөрхүлэг

Төрсөн он, сар өдөр - 1990 оны есдүгээр сарын 29

Төрсөн газар- Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум

Спортын төрөл- Жүдо, самбо, үндэсний бөх

Үндэсний бөхийн цол – 2008 онд Булган аймгийн сумын наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн. Түүний аав Ч.Даваадорж нь 1990 онд болсон МНТ-ны 750 жилийн ойгоор зургаа давж, өсөх идэр чимэгтэй улсын начин, 1994 онд улсын наадмаар тав давж, улам нэмэх чимэг хүртсэн. 2004 онд наадмын хуулийн дагуу улсын харцага цол нөхөн олгосон.

Анхны амжилт – Бөхийн эрдэм заасан анхны багш нь Ц.Шийрэв. Түүний хувьд олонд танигдаагүй залуу жүдоч байхаасаа л дотоодын тэмцээнд жүдо болон самбо бөхийн төрлөөр ирээдүйтэй тамирчин болохоо харуулсан юм. Улмаар 2008 онд залуучуудын ДАШТ-д шигшээд шалгарч, ОХУ-ын жүдоч, хожим Лондоны олимпын аварга болсон Арсен Галстьянд хожигдож, мөнгөн медаль хүртсэн. Тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн анхны монгол жүдоч.

Дэлхийн чансааг тэргүүлэгч – Тэрбээр 2015 онд 66 кг-д дэлхийн чансааг тэргүүлсэн Монголын цөөхөн жүдочдын нэг юм. Өдгөө энэ жинд чансааны хоёрдугаарт жагсаж буй.

Хамгийн олон медаль авсан жүдоч – Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнээс есөн мөнгөн медаль хүртсэн амжилтаар бусад бөхчүүдээ тэргүүлдэг аж.

Гол өрсөлдөгч – Олон улсын татамид хамгийн олон учраа таарсан өрсөлдөгч нь ДАШТ-ий хүрэл медальт, Азербайжаны жүдоч Ниджат Шихализаде байв. Түүнтэй зургаан удаа учраа таарч, үүнээс дөрөвт нь ялалт байгуулсан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)