УГТЭ-ийн MRI аппаратыг ашиглалтад орууллаа

Зүрх, судасны өвчин, тархины харвалт, шигдээсийг оношилж, эмчилдэг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т MRI аппарат байхгүйгээс олон хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй цаг алдан, өвчнөө хүндрүүлж, улмаар амиа алдаж байгаа талаар бид урьд нь хөндсөн. Тодруулбал, тус эмнэлгийнхэн цус харвасан хүмүүсийн оношийг тодруулах, учир шалтгааныг нь тогтоох гэж MRI-тай хувийн эмнэлгүүд рүү явуулж, чирэгдүүлдэг байсан. Уг асуудлыг шийдэх үүднээс УГТЭ-т MRI аппарат суурилуулж, өчигдөр ашиглалтад орууллаа. Ингэснээр иргэд эрүүл мэндийн даатгалаараа өндөр түвшний MRI оношилгоо хийлгэх боломж бүрдлээ. Мөн эмч, мэргэжилтнүүд ч сүүлийн үеийн дэвшилт тоног төхөөрөмж дээр ажиллаж чадахаар болов. Үүнээс гадна зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, оношилгоо хийх хамгийн сүүлийн үеийн, цөөн үйлдвэрлэсэн ангиографийн аппаратыг УГТЭ-т өнгөрсөн зургадугаар сард суурилуулж, өдгөө ашиглаж буй. MRI болон ангиографийн аппарат суурилуулахад улсын төсвөөс 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Энэ нь зөвхөн төхөөрөмжийн өртөг бус, засвар, үйлчилгээ хийх, дагалдах тоног төхөөрөмж авах зэрэгт зарцуулсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)