Угтаалцайдамын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардууллаа

“Балдорж” сангийнхан жил бүрийн арванхоёрдугаар сард хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай. Энэ жил сангийн тэргүүн Б.Номинтүшиг, нарийн бичгийн дарга Б.Баярмагнай нар Төв аймгийн Угтаалцайдам сум дахь Улсын тэргүүний сургуулийг зорилоо. “Аав минь бурхан болсон өдрөөр “Балдорж” сангийнхан жил бүр сайн үйлс хийдэг. Энэ удаад аавын төгссөн Угтаалцайдам сумын сургуульд ирж, бүтээлийнх нь дээжийг гардуулж, хүүхдүүдэд бэлэг өгөхөөр боллоо” гэж сангийн тэргүүн Б.Номинтүшиг хэлсэн.

Сургуулийнхан “Балдорж” сангийнхныг найрсаг угтаж, авьяаслаг сурагч А.Уянга дуулж, Б.Буяндэлгэр шүлэг уншиж сонирхууллаа. Үүний дараа сангийнхан Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны уран бүтээлийн дээж болон БАЛДОРЖ шагналын шилдэг 10-т шалгарсан сэтгүүлчдийн бүтээлийн эмхэтгэлийг сургуулийн номын санд хандивласан юм. “Сургуулийн номын санд голдуу сурах бичиг болон хуучны хэдэн ном л бий. Хүүхдүүд сонирхон уншиж, судлах бүтээл тун цөөн. Номын санг маань баяжуулж, Нэрт сэтгүүлч, Гавьяатын бүтээлүүдтэй манай сурагчдыг танилцуулах боломж олгосонд талархаж байна” гэж нийгмийн ажилтан Ц.Оролзод онцолсон.

Угтаалцайдамын сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдэд мөн бэлэг гардуулсан юм. Дотуур байрны багш Н.Сэлэнгэ сурагчдын өмнөөс талархал илэрхийлээд “Манайх энэ жил 57 хүүхэд хүлээн авсан. Хуучин байрны дээврээс дусаал гоожоод, чийг цохиод, стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн учраас Мэргэжлийн хяналтын газраас хаасан юм. Тиймээс энэ жил сумын удирдлагын шийдвэрээр дотуур байрыг Соёлын төвийн хоёрдугаар давхар руу шилжүүлсэн нь энэ. Байрны нөхцөл тааруу болохоор манай хүүхдүүд амралтын өдрүүдэд гэртээ харьдаг юм. Шинэ жил ойртсон болохоор урлагийн үзлэгтээ бэлдээд энэ удаад олонх нь байрандаа байж таарлаа” гэв.

Тус сургуулийн шилдэг сурагч С.Билэгдэмбэрэлийн гэрт “Балдорж” сангийнхан очиж мөн бэлэг гардуулсан. Тэднийх сумын төвөөс багагүй зайтай ч С.Билэгдэмбэрэл хичээлээсээ хоцролгүй ирдэг, хичээнгүй суралцаж, онц авдаг, аймаг, сумын олимпиадад тогтмол амжилттай оролцдогийг багш нар нь хэлсэн. “Гэрээс сургууль хүртэл 700 гаруй метр зайтай. Хичээл 08.30 цагт эхэлдэг. Өвлийн хүйтэн хэцүү санагддаггүй. Заримдаа айлуудын нохой дайрах гэдэг нь хэцүү. Би математик, физикийн хичээлдээ илүү сайн. Программист болохыг мөрөөддөг. ШУТИС юм уу, МУИС-д элсэхээр төлөвлөсөн” гэж тэр ярьсан.

Бэлтгэсэн: Ч.Мөнх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)