Увсын бөхчүүдийн бэлтгэл жигдэрч, улсын наадмыг хоног тоолон хүлээж байна

“Адууны үнэртэй дугараа нь айргийн сөн дээр хүлээнэ

Арван цагаантай эмээл нь нүдний гижгэн дээр хүлээнэ

Саран хөмсөгтэй нум нь хөвчиндөө чангарч хүлээнэ

Наран хээтэй зодог нь хөлсөндөө чангарч хүлээнэ” хэмээн дуунд өгүүлдэгчлэн монголчууд бид дэлхийд ганцхан наадмаа дэнж хотойлгон эхлэхийг сэтгэл догдлон хүлээсээр. Наадам эхлэх мөч өдөр өдрөөр ойртохын хэрээр хэний хүү түрүүлэн, хэн гээч харваачийн цэц мэргэн байж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоо өргүүлэх бол хэмээн дор бүрнээ таамаг дэвшүүлж суугаа нь мэдээж.

Жил жилийн наадмын түрүү бөхийн тааварт багтдаг олон хүчтэнтэй Увс аймгийн “Увс нуур” дэвжээний бөхчүүд бэлтгэлээ хэрхэн базааж буйг сонирхон, наадмын сорилго барилдааныг нь сурвалжлахаар Харзтайг зорилоо.

Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь тэргүүтэй Увс нутгийн 60 гаруй хүчтэн өнөө жил уламжлал ёсоор Цонжин болдогийн цаахна орших Харзтайд улсын заан Д.Бумбаярын удирдлагад наадмын бэлтгэлээ чамбайруулж байна.

Биднийг очиход “Увс нуур”-ынхан өглөөний бэлтгэлдээ гарчихсан, мэхээ давтаж байв.

“Ээ, зөв. Одоо барьцаа лавхан атга. Хүүе, наад хөл өө. Ганцхан мэхээр учраа бөхөө өвдөг шороодуулахгүй дээ. Угсраа олон мэх хийх нь чухал” гэж шавь нартаа зөвлөгөө өгч байсан Д.Бумбаяр заан биднийг хараад “За сурвалжлагч залуу бөхчүүдийн маань өнгийг шинжихээр ирэв үү. Саяхан бороо орж газрын цангаа тайлаад сайхан байна” хэмээсээр угтлаа.

Харзтайд шохойгоор урласан дэвж буй бөхийн дүрс бүхий зурагтай Бөх толгой хамгийн түрүүнд нүдэнд тусав. Увсчууд сүүлийн жилүүдэд тэнд наадмын бэлтгэлээ хийж байгаа нь их учиртай. Тэртээ 1976 онд Д.Хадбаатар аварга Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших, уул, ус тэгширсэн энэ нутагт наадмын бэлтгэлээ хийж байхдаа уулын энгэрт энэхүү бөхийн дүрсийг шохойгоор зурсан гэдэг.

Тэр жилээ Төрийн наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэнийг нь өдгөө ч бөхийн хорхойтнууд дурсан, бэлгэшээж явдаг юм билээ. Харин “Увс нуур” дэвжээнийхэн энд 1998 онд анх бэлтгэлээ базааж, тухайн жил улсын арслан Б.Ганбат өөрийн багш, Дархан аварга Х.Баянмөнхөөр тав даван, улсын цолтны эгнээнд багтсан түүхтэй.

Тэр жилээс хойш увсчууд Харзтайд наадмын бэлтгэлээ базаасаар олон оныг элээж, жил жилийн наадамд дээгүүр барилдаж буй. Зөвхөн сүүлийн долоон жилийн хугацаанд л гэхэд дөрвөн түрүү хүртсэн нь үүний илрэл болов уу.

Өнөө жил “Увс нуур”-ынхан наадмын бэлтгэлдээ зургадугаар сарын 9-нд гарчээ. Зарим бөх барилдааны, цөөнгүй нь хүчний бэлтгэл хийж байв. Түр зуур амарч байсан улсын арслан Н.Батсуурь “Манай гал 1994 онд байгуулагдаж, тэр жилээ Партизаны Ногоон толгой хэмээх газар наадмын бэлтгэлээ базаасан. Харин Харзтайд бэлтгэл хийж эхэлсний 20 жилийн ой ирэх онд тохионо.

Бид энэ жил хоёр газар бэлтгэл хийж байна. Нэг хэсэг нь энд, бусад нь нутагтаа. Өнөөдөр ч ёстой барилдаж ханашгүй сайхан өдөр байна. Сорил барилдаан эхлэхээс өмнө гялс хэдэн мэх давтаадахъя” хэмээн дурсамж дэлгэсээр босож, аймгийн хурц арслан О.Гантулгатай өрөв. Хажууд зогсож байсан хэдэн залуу бөх нэгэн зүйлийн тухай их л нухацтай ярилцаж байгаа нь сонирхол татав.

Тэд өнгөрсөн жилийн улсын наадмаар улсын аварга С.Мөнхбат Г.Эрхэмбаяр аваргыг амласан талаар “маргалдаж” байсан нь тэр. 2016 оны улсын наадмын хамгийн том дуулианы талаар С.Мөнхбат аваргаас тодруулахад “Тэр барилдааныг хүмүүс өөр өөрийнхөөрөө л дүгнэж байгаа болов уу. Би хэн нэгний ятгалгаар бус, давах боломжтой гээд л амласан” гэхэд нь Д.Бумбаяр заан “Би тухайн үед хөлийн цэцээр ажиллаж байсан болохоор тэг, ингэ гэж зөвлөж чадаагүй. Ер нь өөрийнх нь л шийдвэр. Их зоригтой, өөртөө итгэлтэй амласан шүү. Хэрвээ шударга зассан бол П.Бүрэнтөгс маань түрүүлэх байсныг ч үгүйсгэх аргаүй. Гэхдээ нэг аймгийн, монгол түмний хайртай бөхчүүд түрүү булаалдсан нь бахархахгүй байхын аргагүй сайхан үйл явдал” хэмээлээ.

Ямар ч тамирчны амжилтыг дасгалжуулагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ахлах дасгалжуулагч Д.Бумбаяр, туслах дасгалжуулагч Д.Энхболд хоёрыг харахаар хамгийн түрүүнд “Гарьд магнай” киноны Молиго Очир санаанд бууж байлаа. Тэд шавь нартайгаа тулж ажиллан, амжилтад хүргэхийн төлөө борви бохисхийлгүй зүтгэж байгаа нь тийм сэтгэгдэл төрүүлсэн хэрэг.

“Увс нуур” дэвжээний дасгалжуулагчаар сүүлийн 10 жил тасралтгүй ажиллаж буй, жүдо бөхийн ОУХМ Д.Энхболд “Зүгээр сууж байгаа хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Хөдөлмөрлө, зүтгэ. Бусад хүн нэг мэхийг гурван удаа давтвал чи таван удаа гүйцэтгэ. Тэгж байж л амжилтад хүрнэ” хэмээн бөхчүүддээ урам хайрлана.

Бөхчүүдийнхээ бэлтгэлийг хэрхэн базааж, улсын наадамд ямар зорилго өмнөө тавьсан талаар нь улсын заан Д.Бумбаяраас сонирхоход “Манай бөхчүүдийн бэлтгэл ерөнхийдөө жигдэрч, сайхан өнгө орж байна. Эхний өдрүүдэд нэлээд ачаалалтай, хүнд бэлтгэл хийсэн. Мэдээж заримдаа хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглох зэрэг хөнгөн бэлтгэл хийлгэлгүй яах вэ.

Саяхнаас сэтгэл зүйг нь тогтворжуулж, тактикийн барилдаан түлхүү хийлгэж байна. Энэ жилийн улсын наадамд түрүүлж, үзүүрлэн, улсын цол хүртчих болов уу хэмээн итгэл дэвсэж буй олон бөх манайд бий. Ер нь аварга, арслан цолтнууд ноёрхож, илүүрхэж байгаа өнөө үед аймаг, сумын цолтой бөх гэнэт цойлж, түрүүлж, шөвгөрөх бараг боломжгүй.

Бөхийн спорт өндөр хөгжсөн, байнгын бэлтгэл хийдэг болсон одоо цагт тэр нь түрүүлж, энэ нь үзүүрлэх болов уу гэх багцаа, таамаг алга. Тэгэх бараг боломжгүй болж. Хэн өнгөтэй, өөртөө итгэлтэй, бэлтгэлээ сайн хийсэн нь л түрүүлэх байх. Бөхчүүдийн амжилтад галын зохион байгуулалт, дэмжлэг их чухал. Увсаас олон хүчтэн төрж буй нь удмаас гадна бөхчүүдээ маш сайн дэмждэгтэй холбоотой. Мөн том цолтой бөхчүүд залууст сайхан үлгэрлэж, амжилтад нь ивээс болж байгаа нь гарцаагүй” гэлээ.

НААДМЫН СОРИЛГО БАРИЛДААНД Н.ЖАРГАЛБАЯР ТҮРҮҮЛЭВ

Төд удалгүй бөхчүүд бэлтгэлээ дуусган, сорилго барилдаанд бэлтгэж эхлэв. “Увс нуур” дэвжээний жил жилийн сорилго барилдаан сумын наадмын дайтай болдог гэхэд хилсдэхгүй. Өнөө жил тэдэнтэй хамт Сэлэнгэ аймгийн “Таван хан”, Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүд барилдан, наадмын өнгөө шинжсэн нь барилдааныг улам сонирхолтой болгов.

Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Н.Жаргалбаяр тэргүүтэй 96 бөх зодоглосон тус барилдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Гавьяат хуульч Д.Дорлигжав тэргүүтэй Увс нутгийн харьяат төр, нийгмийн зүтгэлтэн, олны танил хүмүүс үзэж сонирхлоо.

Харин том цолтнуудаас улсын аварга С.Мөнхбат, улсын харцага Ө.Бат-Орших нар барилдсангүй. Харзтай Улаанбаатар хотоос 100 гаруй км зайтай байдаг ч бараг 400 гаруй хүн барилдаан үзэхээр зорин очсон нь “Увс нуур”-ын бөхчүүдийн амжилт, бэлтгэлээ хэрхэн базааж байгаа нь бөхийн хорхойтнуудын анхаарлыг гойд татдагийн илрэл биз ээ.

Гурван галын нэгдсэн сорилго барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын харцага Н.Жаргалбаяр түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэв. Шөвгийн гуравт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй шалгарлаа.

Наадамчин олныг суудлаас нь өндөлзүүлсэн, үзүүштэй олон барилдаан болсон. Хөдөлмөрийн баатар, аймгийн арслан Х.Цагаанбаатар хоёр давсан бол аймгийн арслан Д.Тогтохжаргал улсын арслан П.Бүрэнтөгсийг давж, шуугиулав.

Д.ТОГТОХЖАРГАЛ: БЭЛТГЭЛЭЭ Л САЙН ХИЙВЭЛ УЛСЫН ЦОЛД УЛАМ ОЙРТОНО

Барилдааны үеэр аймгийн арслан Д.Тогтохжаргалтай цөөн хором ярилцлаа. 

-Наадмын бэлтгэл хэр байна вэ?

-Би “Увс нуур” дэвжээнд 2009 оноос хойш үндэсний бөхөөр хичээллэж байна. Хурд, хүчний бэлтгэл түлхүү хийж байгаа. Улсын наадамд гурван кг хасаж барилдана. Бэлтгэлээ багш нарынхаа гаргасан зааврын дагуу хийдэг.

-Улсын арслан П.Бүрэнтөгсийг давж, наадамчин олны таамгийг нэлээд будлиуллаа. Дараагийн даваанд Н.Батсуурь арсланг өвдөг шороодуулах боломж байсан уу?

-Хүндэлж явдаг арслантайгаа сайхан барилдаж давлаа. П.Бүрэнтөгс арслантай удаан барилдаад, гар их цуцсан. Н.Батсуурь арслантай барилдахад гар бадайраад барилдаанаа бүрэн гаргаж чадсангүй.

-Та үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн жилээ буюу 2009 онд сумын заан цол хүртсэн. Тэр тухай дурсамжаасаа хуваалцана уу?

-Би багаасаа бөхийн спортод хорхойсож, аймгийн начин ах шигээ бөх болох юм сан гэж мөрөөдөж өссөн. Тууштай хичээллэе гэж бодовч мэргэжлээ орхиж төвдөхгүй явсаар 2009 он хүргэсэн юм. Би эдийн засагч мэргэжилтэй.

Их сургуулиа төгссөний дараа “Алдартан” клубт Д.Бумбаяр багшийн удирдлагад үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэр жилээ Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд түрүүлж, сумын заан цол хүртэхдээ их урамшсан.

-Улсын цол санаанд тань багтаж байна уу?

-Би улсын наадамд гурав дахь удаагаа барилдах гэж байна. Өнгөрсөн жил дөрвийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгсөд өвдөг шороодсон. Ээ, дээ хол санагдалгүй яах вэ. Улсын цолыг уулын оройтой зүйрлэвэл би бэлд нь зүтгэж явна.

Гэхдээ бэлтгэлээ уйгагүй базаан, хоёргүй сэтгэлээр зүтгэж байхад болох байх аа. Надад улсын заан цол их сайхан санагддаг.

Улсын наадам дөхсөн үед барилдаан, галын сурвалжилгын үеэр томоохон цолтой бөхчүүдээс ярилцлага авах байтугай хэд, гурван үг унагана гэдэг амаргүй даваа. Аль болох ярилцлага өгөхгүй, бие бие рүүгээ булзааруулдаг нь тэд ний гэм биш тогтсон “уламжлал”.

Эл гачлан энэ удаа намайг ч бас тойрсонгүй. Улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь тэргүүтэй нэлээд хэдэн бөхөөс ярилцлага авах санал тавьсан ч “Багшаас авчих аа. Наадам дөхчихсөн болохоор ярилцлага өгмөөргүй байна” гээд халгаасангүй.

Сорил барилдаан үдшийн 20.00 цагийн үед өндөрлөж, бөхчүүд тус тусын гал руугаа, наадамчин олон гэрийн зүг хүлгийн жолоо заллаа. Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй олон хүчтэнтэй “Увс нуур” дэвжээний бөхчүүдийн бэлтгэл жигдэрч, улсын наадмыг хоног тоолон хүлээж байна.

Жил жилийн наадмын өнгөнд барилдаж, түрүү, үзүүрт багтдаг хүчтэнүүд өнөө жил ч бас амжилтаа баталж, ахиулах биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)