УБТЗ-ын эрх бүхий хоёр албан тушаалтныг тагнуулынхан шалгаж эхэллээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг өнгөрсөн баасан гаргийн үдэш хууль сахиулах байгууллагынхан саатуулсан нь олны анхаарлыг татаад буй билээ. Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газар, Мөрдөн байцаах хэлтсийнхнийхээ хамт энэ сарын 4-ний үдээс хойш УБТЗ-ын төв байранд эрх бүхий хоёр албан тушаалтных нь албан өрөөнд нэгжлэг хийснийг дээрх нийгэмлэгийн эх сурвалжууд баталсан. Тэдний мэдээлснээр УБТЗ-ын Тээвэр, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболдыг хамтатган шалгаж буй гэнэ. Тагнуулын болон прокурорын байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Олон улс дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт УБТЗ-ын эрх бүхий хоёр албан тушаалтныг шалгаж эхэлсэн нь үнэн. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон. Даваа гарагт үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэлээ.

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийн тухайд өмнө нь цагдаа, АТГ-т нэг бус удаа шалгуулж шүүхээр гэм бурууг нь тогтоон, ял шийтгэж байсан нэгэн. Тодруулбал, хуучнаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа БНХАУ-ын нэг компанийн захирлаас таван сая төгрөгийн хахууль авсан, аяллын виз авч Монголд ирээд хөдөлмөр эрхэлж буй тус улсын 14 иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан хэрэгт шалгуулсан билээ. Улмаар анхан шатны шүүхээс нэг жил зургаан сар хорих ял ногдуулж байсан юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)