УБТЗ шинэ зүтгүүрээ хүлээж авлаа

Анхны галт тэрэг орж ирсний 65 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар вокзал дээр боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр УБТЗ-ын Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тугийг залах ёслол болсон юм. Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн евро стандартын хоёр шинэ зүтгүүр, зам шалгагч вагонуудаас бүрдсэн шинэ галт тэргийг хүлээн авлаа.

“2ТЭ116УД” серийн дугаартай илчит тэрэг нь “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн “Трансмаш” холдингийн бүрэлдэхүүнд багтдаг “Луганск”-ийн илчит тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэн гаргасан байна. Тусгаар тогтносон хамтын нөхөрлөлийн орнуудын /СНГ/ нутаг дэвсгэр ихээр нийлүүлэгдэж байгаа “2ТЭ116У” илчит тэрэгний сайжруулсан загвар гэж хэлж болно. Үндэс болгож авсан загвараасаа гол ялагдах онцлог бол АНУ-ын “Дженерал электрик” компанийн GEVO V12 хүчний төхөөрөмжөөр тоноглогдсон явдал юм. “2ТЭ116” серийн болон ОХУ-д үйлдвэрлэгдэж байгаа бусад серийн илчит тэрэгнүүдээс өндөр хүчин чадал, айдвартай ажиллагаа зэргээрээ ялгагддаг бөгөөд техникийн үйлчилгээний зардал багатай зүтгүүр юм. “2ТЭ116УД” илчит тэрэгний хоёр секцийн чадал 6200 кВт, хийцийн хурд 100 км/ц юм байна.

1949 оны энэ өдөр, хуучнаар Октябрын баяраар анхны галт тэрэгний цуваа Улаанбаатар хотод ирснээс хойш 65 жил өнгөрчээ. 1949 оны зургадугаар сарын 6-нд Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талыг Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн талыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ю.Приходов төлөөлж, гарын үсэг зурсан байсан аж.  

1953 оны хоёрдугаар сарын 8-нд Зөвлөлт, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх төмөр замыг ЗХУ өөрийн хүч, хөр өнгөөр барихаар болж, 1955 оны эцсээр дуусган, 700 гаруй км урт төмөр зам хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү манай улс умард, өмнөд хилээ 1115 км төмөр замаар холбосноос хойш монгол инженерүүд ур ухаанаа зарж, өөрсдөө илчит тэрэг бүтээдэг болсон зэргээр төмөр замын түүх зузаарсаар буй. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)