“УБТЗ нийгэмлэгийнхэн зорчигчдын эрхийг зөрчиж байна”

УБТЗ нийгэмлэгээр үйлчлүүлсэн оюутнууд удирдлагад нь хандаж гомдол гаргав. Тэд гомдолд бичсэн мэдээллээ гэрэл зураг, бичлэгээр баталгаажуулж, тасалбаруудын хуулбарыг хавсаргажээ. Өнгөрсөн сарын 27-ны 13.46 цагт нэгэн их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнууд Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр үйлчлүүлсэн аж. Тэд 25 тасалбар авсан ч суудлыг нь бусдад давхардуулан өгсөн байж. Тодруулбал, УБТЗ нийгэмлэгийнхэн нэг вагоны 81 суудалд 139 хүн суухаар нэмэлт тасалбар давхардуулж бичжээ. Тиймээс хоёр хүний зориулалттай суудалд зургуулаа сууж, зарим нь аргагүйн эрхэнд зогсож зорчсон байна. Тиймээс галт тэрэгний ажилтанд хандаж, тасалбар дахь суудлын дагуу зорчигчдыг суулгахыг хүсжээ. Харин УБТЗ нийгэмлэгийн ажилтан “Өөрсдөө зохицоод яв...” хэмээн үл тоож, зүй бусаар харилцсан гэнэ. Оюутнууд тус галт тэрэгний дарга н.Орхонд хандахад “Галт тэрэг зорчигчдын ачааллаа дийлэхгүй байгаа. Хүйтэнд галт тэрэг хүлээж байгаад орж ирсэн хүмүүсийг тасалбаргүй гэх шалтгаанаар суулгахгүй байж чадахгүй. Танай 25 хүнийг мастер болон ажилчдын вагонд оруулж өгье. 

Өөрөөр та бүхний шаардлагыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн байна. Гэвч оюутнууд татгалзаж, дээр дурдсаны дагуу удирдлагад нь гомдол гаргажээ. Гомдолд “Цонх онгойх боломжгүй нь агаарын урсгалыг хааж, зорчигчдын бие тавгүйрхэн, толгой өвдөж, хамраас цус гарч байв. Энэ нь зорчигчдын аюулгүй, тав тухтай зорчих эрхийг ноцтой зөрчсөн хэрэг. Тасалбар давхардуулж бичсэн нь Зам, тээвэр хөгжлийн сайдын 2018 оны арваннэгдүгээр сарын 28-нд баталсан 264 дугаар тушаалын VI хавсралт болох Төмөр замаар зорчигч, ачаа тээш тээвэрлэх журмын 2.12-т заасан “Зорчигчийн вагоны суудлын тооноос илүү тасалбар худалдахгүй байхыг хатуу анхаарч ажиллана”, 2.18.1 дэх хэсэгт “Галт тэргэнд чөлөөтэй суудал байхгүй тохиолдолд тасалбар зарахгүй байх” зэрэг заалтыг ноцтой зөрчсөн” гэж дурджээ. Түүнчлэн оюутнууд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Төмөр замын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж буй. УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа гомдлыг ирэх оны нэгдүгээр сард гэхэд шийдвэрлэхгүй бол оюутнууд ШӨХТГ, дараагийн ээлжид шүүхэд хандахаа мэдэгдсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (62)