УБТЗ найман шинэ зүтгүүр худалдан авлаа

“Улаанбаатар төмөр зам” ХНН  өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах зорилгоор ОХУ-аас найман ширхэг шинэ зүтгүүр худалдан авлаа. Уг зүтгүүрүүд өнөө өглөө хойт хилээр орж ирсэн байна. Эдгээр найман шинэ зүтгүүрийн 7 нь гол замын 2ТЭ25КМ, 1 нь сэлгээний ТЭМ-18ДМ маркийн зүтгүүр юм.

УБТЗ-ын тээврийн хэмжээ сүүлийн гурван жил тасралтгүй эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн жил  28,1  сая тонн ачаа тээвэрлэж өөрийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлаас давсан амжилт үзүүлсэн юм. Цаашдаа ч төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт болон дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа учраас УБТЗ өөрийн хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлж, суурь бүтцээ шинэчлэх ажлын хүрээнд ОХУ-ын Брянскийн зүтгүүрийн заводод үйлдвэрлэсэн эдгээр найман шинэ зүтгүүрийг авч байгаа юм.

Байгаль-Амарын төмөр зам дээр цаг агаарын хүнд нөхцөлд туршсан  цельсийн -50,+50 градуст ажиллах чадвартай, гол замын зүтгүүрүүд нь монгол орны нөхцөлд тохирсон, ашиглалтын явцад техникийн хэвийн байдлаа хянах автомат хяналтын системтэй, ухаалаг төрлийн зүтгүүр гэж зүтгүүрийн мэргэжилтнүүд тооцож байна.

Эдгээр зүтгүүрийг худалдан авснаар өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад бодит үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэж, УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний парк хүрэлцэхгүй байгаагаас УБТЗ үйлчлүүлэгчдийн захиалгыг бүрэн дүүрэн хангахад хүндрэлтэй байгаа юм. УБТЗ 2018 онд энэ төрлийн 3 шинэ зүтгүүр худалдан авч байсан юм.  УБТЗ-ын зүтгүүрийн парк өнөөдөр 120 гаруй зүтгүүртэй байна.

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)