Т.Өсөх-Ирээдүй харцагын хобби

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат. Тэрбээр өдгөө “Алдар” спорт хороонд үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ аймгийнхаа “Таванхан” дэвжээний бөхчүүдийг удирдаж, шинэ залуу хүчтэнүүд төрүүлэхээр зорьж буй. 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор улсын харцага цол хүртсэн түүний уран дайчин барилдааныг бөх сонирхогчид шимтэн үздэг. 

Тэгвэл тэрбээр 2019- 2020 оны улирлын үндэсний бөхийн барилдааныг “SPS national” сувгаар өнгөрсөн сарын 28-наас эхлэн тайлбарлан хүргэж буй. Зүлэг ногоон дэвжээнд наадамчин олны сэтгэлийг догдлуулан зодоглодог хүчит бөхчүүдийн барилдааны торгон агшныг тэрбээр ийн өөрийн дуу хоолойгоор түмэнд сонордуулж эхэллээ. Тэрбээр мэдлэг боловсролоо дээшлүүлж, 2014 онд “Үндэсний бөхийн уламжлал, шинэчлэл” сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. Чөлөөт цагаараа байгалийн сайханд явган аялах дуртай түүний хобби нь гэрэл зураг авах, шинэ ном уншиж, номын сангаа баяжуулах. 

Алдартнуудын намтар, амжилтад хүрсэн түүхийн талаар сонирхож уншдаг харцага маань хүүхэд байхдаа Сүхбаатарын талбайн баруун талд байрлах “Кодак” гэрэл зургийн студиэр байнга үйлчлүүлдэг байжээ. Өдгөө түүний гэрэл зургийн цуглуулгад байгаль, нүүдэлчдийн өвөрмөц ахуй амьдрал, бөхчүүдийн уран барилдааны зураг байдаг аж.

Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)