Т.ӨЛЗИЙЖАРГАЛ: “Хос эрвээхэй”-г гурван хөгжимчин гоцолно

Үндэсний урлагийн их театр буюу хуучнаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 70 жилийн ой энэ онд тохиож буй юм. Театрын захиргаа, уран сайхны зөвлөл, уран бүтээлчид тэгш ойгоо нижгэр тэмдэглэхээр зэхэж байлаа. Энэ хүрээнд гоцлол хөгжимчин бүрийнхээ бие даасан тоглолтыг зохион байгуулахаар түрүү жилээс төлөвлөсөн ч үүссэн нөхцөл байдлын улмаас эвэр бүрээч Н.Жүрмэддорж, хуучирч Ч.Отгонбаяр, ёочин хөгжимчин Т.Өлзийжаргал нарын тоглолтыг үзэгчдэдээ өргөн барихаар болжээ. Эвэр бүрээч Н.Жүрмэддоржийн тоглолтыг дангаар, харин нөгөө хоёр үндэсний хөгжимчнийхийг хамтад нь хүргэх хуваарь гаргаад ажиллаж байна. Гурван гоцлол хөгжимчний бие даасан тоглолтоос үзэгч, сонсогчид монгол үндэсний найрал хөгжим өөрийн орны хөгжмийн зохиолчдын болон Ази, улмаар дэлхийн хөгжмийн сор болсон бүтээлүүдийг хэрхэн уран чадварлаг тоглохыг, яаж өсөж хөгжсөнийг, урын сангаа хэр баяжуулсныг ойлгож, мэдрэх юм. Энэ удаа ёочин хөгжимчин, 2018 онд манай улсад болсон “Хаврын шувууд ирлээ” мэргэжлийн ёочинчдын олон улсын уралдааны гран при шагналт Т.Өлзийжаргалаас 70 жилийн ойдоо ямар ямар бүтээл зориулж буйг нь сонирхож ярилцсан юм.

-Та алдарт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит үндэсний хөгжимчдийн олон улсын II уралдаанд дэд байр эзэлсэн уран бүтээлч. Шагналтнуудын нэгдсэн тоглолтоор дахин сонсох сон гэхээр содон, сонирхолтой бүтээлээр танхим эзэмдэж байсан. Тэр ямар зохиол билээ, одоо тоглох юм биш биз?

-Энэ бол БНХАУ-ын хөгжмийн зохиолч Ван Дан Хуны рапсоди юм. Одоо “Хөгжмийн үдэш” тоглолтоороо сонсгохоор бэлтгэж байна. Уг нь ёочин, төгөлдөр хуурт зориулсан бүтээл. Гэхдээ гоцлол хөгжимчин хүсвэл бусад хөгжимчинтэй хамтарч болдог, уран бүтээлчдээс бүтээлч хандлага, сэтгэлгээ багагүй шаарддаг. Би энэ удаа хийлийн дөрвөл болон цохивор хөгжимчинтэй хамтрах юм. Хөгжмийн найруулгыг Ш.Сугарцэрэн их аятайхан хийсэн. Хөгжмийн зохиолч ёочинд зориулсан уламжлалт бүтээлийн хэллэгийг эвдэж бичсэнээр онцлог. Зарим үед рок, поп, жааз ч дуугардаг. Зэмсгийн 62 өнгийг бүрэн ашиглаж бичсэн, хоёр гараар өөр, өөр хурдтай тоглодог, ер нь боломжийг тултал харуулж тоглоход зориулсан мэт өвөрмөц зохиол. Тийм болохоор бие даасан тоглолтоороо үзэгч, сонсогчдод арай өргөн хүрээнд хүргэе гэж бодсон юм.

-Шинэ бүтээлүүд сонсгох уу?

-Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын ёочин, найрал хөгжимд зориулсан концертыг тоглоно. Нэг ангитай, тийм ч урт биш гоё бүтээл болсон байна билээ. Каденц буюу гоцлол хөгжимчин ганцаар тоглох хэсгийг бичээгүй үлдээжээ. Тийм уламжлал байдаг л даа. Хөгжимчин хүссэнээрээ зохион тоглож болдог. Би Н.Буянбаатар удирдаачаас зөвлөгөө авч, зохиолын үндсэн сэдвээс ургуулан, хөгжүүлсэн байдлаар каденц хийж байгаа. Ёочин хөгжмөөр маш олон техник ашиглаж тоглож болдог ч, тэр бүхнийг оролдож ирсэн нь олон биш. Энэ удаа нэлээд сайн харуулъя гэж бодож байна. Хөгжимчин, СУИС-ийн багш, мөн “Түмэн эх” чуулгад ажилладаг Б.Мэнд-Амар миний тоглолтод зориулж вариац буюу хувилбар аяз бичсэн. Ардын дуу “Гавалмаа”-гаас санаа авч, үндсэн аялгуу болгосон байна. Таалагдсан. Мөн өмнө нь тоглож байсан “Кармен” уран сэтгэмжээ сонсгоно. Тоглолтын гол номер гэж онцолж болох болов уу, Хятадын алдарт бүтээл “Хос эрвээхэй”-г шинэ найруулгаар тоглох гэж байна. Хуучирч Ч.Отгонбаяр, ятгачин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ бид гурав гоцлох юм. Ингэж тоглохыг Консерваторын багш, профессор Д.Чилхаасүрэн зөвлөсөн юм. Гоё санаа.

-Сонирхол татаж байна шүү. Хөгжмийн найруулгыг хэн хийсэн бэ?

-Бишгүүрч Г.Шинэбаяр үүнийг оркестрын, гурвуул гоцолж тоглох бүтээл болголоо. Их баярлаж байна. Г.Шинэбаяр БНСУ-д хөгжмийн зохиолч, удирдаачаар суралцдаг. Одоогоор бол эх орондоо байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)