Т.ЭРДЭНЭЧУЛУУН: Хэсэгтээ түрүүлчих юм сан гэсэн зорилгоо биелүүлсэн

Сүүлийн жилүүдэд монголчуудын сонирхлыг татаж буй спортын нэгэн төрөл бол мөсний загасчлал. Загасчлах нь хүн төрөлхтний хүнсний хэрэгцээг хангах төдий байсан бол өдгөө шинжлэх ухаан, техник, технологид суурилсан спорт болтлоо хөгжжээ. Монголын загасчлалын спортын холбоо олон улс, тив, ДАШТ-д мөсний загасчлалын спортоор баг тамирчид бэлтгэн оролцуулж, чамлахааргүй амжилт гаргаж буй. Тус холбоо 2014 онд Олон улсын цэнгэг усны загасчлалын спортын холбоо, Үндэсний олимпын хорооны гишүүнээр элссэнээр энэ спортод дурлаж хичээллэгсэд жилээс жилд олширч, өдгөө бие даасан холбоо, клубүүд байгуулагдав. Финланд улсын Варкаус хотод өнгөрсөн сарын 15, 16- нд зохион байгуулсан “FIPSED 2020” ДАШТ-д манай таван тамирчин эх орноо төлөөлөн оролцсон юм. Монголын загасчлалын холбооны гишүүн, “Лидерс” клубийн тамирчин, спортын мастер Т.Эрдэнэчулуун тэмцээний хоёр дахь өдөр А хэсэгт түрүүлж, нийлбэр дүнгээр 22 дугаар байрт шалгарчээ. Тэмцээнд өрсөлдсөн хэсгийнхээ оролцогчдоос чансаагаараа тэргүүлсэн түүнийг “Залуус” буландаа урьж ярилцлаа.

-Хоббигоо хөгжүүлсээр мэргэжлийн тамирчин болсон хүмүүс байдаг. Хүсэл, сонирхол тань таныг загасчлалын спорт руу хөтөлсөн үү?

-Би энэ спортод их сонин тохиолдлоор хөл тавьсан юм. Наадмын үеэр гэр бүлээрээ амрахаар Архангай аймагт очлоо. Манай баз хүргэний аав загас барих дуртай. Зүгээр амарч сууснаас гэж бодоод Тамирын голын эрэг дээр уурга барьж, өдөржин зогсов. Үүнээс хойш загасчлах нь сонирхолтой санагдаж, сэтгэл татагдсан. Нэг хэсэг хоббидоо хөтлөгдөж загасчилдаг байсан бол сүүлдээ спорт төрлийг нь сонирхох болсон. 2013 оны арванхоёрдугаар сард мөсний загасчлалын УАШТ болоход анх удаа оролцож, багаараа алтан медаль хүртэв. Тэмцээний дараа Монголын загасчлалын спортын холбоо шигшээ баг бүрдүүлэхэд нь багтан, 2014 онд Беларусьт болсон мөсний загасчлалын ДАШТ-д оролцлоо. Гадаадад мөсний загасчлалын спорт хөгжсөн нь мэргэжлийн дасгалжуулагчтай ОХУ, Украин, Латви, Литвийн баг тамирчдын туршлага, арга барил, тактик, техник илт давуу байгаагаас харагдсан. Түүнээс хойш бид зургаа дахь ДАШТ-дээ өрсөлдөж байна. Тэмцээнд оролцох бүртээ туршлага хуримтлуулж, өөртөө хэрэг болох шинэ зүйл олж хардаг. 2015 онд Финландад болсон тэмцээнд өрсөлдөж байраа ахиулсан. Тэндээс загасыг өгөөшөөр дуудаж, цооногтоо тогтоон барих арга маш чухлыг мэдсэн. Мөн хэсгийн судалгаа хийх нь амжилт авчирдаг болохыг ч ойлгосон.

-Монголчуудад ДАШТ-ээс медаль авах боломж хэр ойрхон байна вэ?

-Бид мэргэжлийн дасгалжуулагчтай болох нь хамгийн чухал байна. Гадаадаас дасгалжуулагч урьж, тактик, техник, загас хооллох тэжээлийн талаар сургалт зохион байгуулах нь зүйтэй юм билээ. Тэмцээнд оролцож байхдаа олон зүйлийг ажиглаж хардаг. Финландчууд энэ жилийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулж, аварга боллоо. Тэмцээний явцад эхний таван байрт жагсах багийн амжилт тодорхой харагддаг. Мөсний загасчлалын тэмцээнд украинчууд олон удаа түрүүлсэн бол араас нь ОХУ, Латви, Литвийн баг шил дардаг. Тэмцээнд өрсөлдөж байгаа баг тамирчдын арга барил адил ч тактик, техникээрээ ялгардаг. Монголд мөсний загасчлалын спорт хөгжих боломжтой. Гэхдээ үндсэн суурь болох нуур, цөөрөм ховор. Энэ нь тамирчид бэлтгэл сургуулилалт хийх боломж бага гэсэн үг. Тухайлбал, Өгий нуур загастай ч тэмцээн зохион байгуулах хэмжээнийх биш. Амьдарч буй гол, нуурынхаа онцлогоос хамаарч загас нь хүртэл өөр. Монголын нуур, цөөрөмд алгана, бух сугас, хадран, зэвэг загас их байдаг. Загас болгон өөрийн гэсэн араншинтай. Далайн загастай харьцуулж судлахад Монголын нуур, цөөрмийн загас тэс өөр. Монголд тэмцээн болдог нуур байгалийн тогтоцтой бус, хайрга олборлож гаргасан гүний ундаргатай. Тиймээс загас нь зэрлэг, ширүүн зантай, түргэн хөдөлгөөнтэй, нэг газар удаан байдаггүй, сэлгэн нүүдэллэдэг.

-Загасчлах нь бясалгал хийхтэй адил гэж ярьдаг. Энэ нь нэг талаар стрессээ тайлах боломж олгодог байх.

-Загасчлахад стресс арилдаг. Анхаарлаа төвлөрүүлж загас барьдаг тул таагүй бүх зүйлийг мартдаг юм. Үүнд нь би татагдсан байх. Загас дэгээнд ороход сонин мэдрэмж төрдөг. Нэг үгээр хэлбэл, таашаал авдаг. Гэхдээ загасчлах нь амар зүйл биш. Авьяас, ур чадвар, туршлага, овсгоо самбаа сорино. Мөсний загасчлалын тамирчид тэмцээнд оролцохын өмнө тухайн нуур, цөөрмийн аль хэсэгт загас байгааг судалж, зураг гаргадаг. Газрынхаа орчин, нөхцөлтэй танилцаж, хаана цооног гаргахаа тооцоолно. Загасчлах, тэмцээнд оролцох нь үүгээрээ ялгаатай. Тэмцээнд зөвхөн загас барихаа л бодоод байвал амжилт гаргахгүй. Мэдрэмжтэй байхын хажуугаар ухаан хэрэгтэй. 2017 онд Дархан-Уул аймагт аварга шалгаруулах тэмцээн болоход 32 градусын хүйтэнд тамирчдын гар, хөлийн хуруу хөлдчихсөн байсан. Тэгэхээр энэ спорт хатуужил, тэвчээр, тууштай байдлыг шалгадаг. Тамирчид зорилгынхоо төлөө өвлийн хүйтнийг ажрахгүй давахыг хараад их бахархсан. Загасчлах хоббитой байгаад, тамирчин болохоор байгаль дэлхий, ан амьтнаа хайрлах сэтгэлтэй болдог. Хороож, цөөлөхөөс илүү хэрхэн хамгаалж, өсгөх тухай бодно. Өөрийнхөө мөрөөдөж буй зүйлд зорилготой, хариуцлагатай хандаж эхэлдэг.

ЗАГАСЧЛАЛЫН СПОРТЫНХОН АН АГНУУРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЧАНД БАРИМТАЛДАГ

-Залуус мөсний загасчлалыг их сонирхдог болсон гэсэн. Амьтны амь золин байж спорт болгох гэлээ гэх зэргээр хүмүүсийн шүүмжлэлтэй багагүй тулгардаг байх, тийм үү?

-Спорт загасчлал дотроо олон төрөлтэй. Тухайлбал, флай фишинг, эрэг дээрээс хиймэл өгөөшөөр махчин загас барих (спиннинг), мөсний загасчлал гээд. Мөсний загасчлалынхаас бусад тэмцээн хавар, намар болдог. Тэмцээнийг намар зохион байгуулахад хамгийн тохиромжтой. Зун бороо их ордог тул гол үерлэхэд загас амьдрах орчноо сэлгэчихдэг. Загасчлалын спортын тамирчид Ан агнуурын тухай хуулийг чанд баримталдаг юм. Дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15 хүртэл загас барьдаггүй. Энэ үед ямар нэгэн тэмцээн зохион байгуулахыг хориглодог. Зун болдог тэмцээнд тамирчид барьсан загасаа хэмжээд, биед нь гэмтэл учруулахгүйгээр усанд нь буцаан тавьдаг. Сүүлийн үед загас ховордож байна. Энэ нь гол, ус бохирдон, татарч байгаатай холбоотой. Үүнийг дагаад загасны тархалт харилцан адилгүй боллоо. Намайг энэ спортыг сонирхоход ээж минь “Лусын амьтнаар хамаагүй оролдлоо” гээд тийм ч таатай хүлээж аваагүй. Сүүлдээ загасанд хор хөнөөлгүй спорт болохыг нь ойлгоод дэмждэг болсон. Монгол далайн орнуудыг бодвол усны нөөц багатай. Тиймээс хүмүүс байгальтайгаа зөв зохистой харьцах хэрэгтэй. Нуур, цөөрмийн загасыг хүнсэнд хэрэглэх бус, спорт тал руу түлхүү хөгжүүлж, барьсан бол амьдрах орчинд нь буцаан тавих нь зөв юм. Гол, нуурын загасаа хайрлан хамгаалах нь хүн бүрийн үүрэг шүү дээ.

-Ур чадвар, туршлага, овсгоо самбаа сорьсон спорт тул загас хэрхэн барих нь чухал гэж та өгүүллээ. Тэгэхээр барих загасныхаа хэмжээнд тохируулахын тулд уурга, дэгээ хүртэл өөр өөрийг сонгодог уу?

-Тийм ээ. Тэмцээнд тамирчид мөсний өрөм, тэжээл хаягч багаж, өгөөш, 20-30 уурга, дэгээтэй оролцдог. Барих загасныхаа хэмжээнд тохирох уурга, дэгээ нь хүртэл өөр. Финланд, Норвег, Швед, Эстонийн тамирчид өөрийн нутгийн нуур, далайд амьдардаг загасныхаа онцлогт тохирсон уламжлалт уурга, дэгээ хэрэглэдэг. Бусад улсын тамирчдынх биднийхтэй адил. Манай багийнхан Орос, украинчуудын хийсэн уурга, хэрэгсэл ашигладаг. Тамирчид уурганыхаа утсыг нэг жил болоод сольдог бол зориулалтын хувцсаа гурван жилд шинэчилдэг юм. Мөсний загасчлалын спорт өртөг өндөртэй. Нэг уурга 5-10, утас нь 3-5, дэгээ нь тав, нэг багц уурга 15-20 евро байх жишээтэй. Тэгэхээр 30 уурганы үнэ, тэмцээнд өмсөх зориулалтын хувцас гээд яривал том тоо гарна. Тэмцээнд өмсдөг бидний хувцсыг Монголын үндэсний брэнд “Mon power” ХХК-ийн оёдолчид урласан. Тэмцээний хаалт, нээлтийн үеэр өмсдөг үндэсний загвартай хувцсыг ч бас оёсон. Хаалтын ёслолд биднийг оролцоход гадаадын тамирчид манай үндэсний хувцсыг их сонирхож байна лээ. Бид жил болгоны тэмцээнд шинэ хувцас урлуулж аваад явдаг.

-Загасыг өгөөшөөр дуудаж, цооногтоо тогтоон барих арга маш чухал байдгийг мэдсэн гэж дээр хэлсэн шүү дээ, та. Тэгэхээр орц, найрлагыг нь хүртэл тохируулна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ, тэмцээн болж буй газрын нуурын ёроолын өнгө шар, бор, ногоон байвал өнгөнд нь зохицуулж тэжээлээ сонгоно. Гэхдээ хаясан өгөөш болгонд загас ирэхгүй. Тиймээс урьж авчрахын тулд үнэр, өнгө, амттайг нь сонгох хэрэгтэй байдаг юм. Сонгохын тулд судалгаа хийнэ. Нэг тамирчин хоёр тугтай оролцдог. Цооног бүрт туг байх ёстой. Нэг тугаар 3-5 цооногийг өрсөлдөгчдөө алдахгүйгээр хамгаалах тактик боловсруулна. Өрсөлдөж буй тамирчныхаа тугтай цооногоос таван метрийн зайтай байх ёстой. Тэгэхээр цооногоо хаана гаргаж, тугаа хэрхэн байрлуулах нь хамгийн чухал. Бидний хувьд энэ бүхэнд багагүй суралцсан, харин ур чадвар, арга барил, техникээс сайн суралцах хэрэгтэй байгаа. 2017 онд мөсний загасчлалын спортын багийнхан Беларусьт болсон тэмцээнд оролцсоныхоо дараа сонирхон хичээллэгсдэд сургалт явуулсан юм. Уг сургалтаар Монголд энэ спортыг хөгжүүлж, тэмцээний өрсөлдөөнийг сайжруулан, чадварлаг тамирчид бэлтгэж, ДАШТ-д оролцох тухай ярьсан. Түүнээс хойш тэмцээнд оролцож буй тамирчдад спортын мастер, дэд мастер цол, зэрэг олгодог болсон. Холбооны дүрмээр тамирчин 45 оноо цуглуулж байж спортын мастер цол хүртэнэ. УАШТ-д түрүүлбэл 10, ДАШТ-д оролцвол таван оноо өгөх жишээтэй. ДАШТ-д оноог чухалчилж байр эзлүүлдэг. Харин хэсэгтээ байр эзлэхэд барьсан загасны жин их чухал. Хэрвээ эхний өдөр түрүүлээд, дараагийн өдөр хожигдвол байр эзлэх амаргүй.

БИ АЛДААГАА ДАВТАХГҮЙГ ХИЧЭЭСЭН

-Энэ удаагийн ДАШТ-ий хоёр дахь өдөр хэсэгтээ түрүүлэхэд тань таныг зохион байгуулагч, багийн дасгалжуулагчид ур чадвар, техник сайтай хэмээн үнэлсэн гэсэн үү?

-Хэсэгтээ түрүүлчих юм сан гэсэн зорилготой байсан. ДАШТ-ий уур амьсгал сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Шагнал гардуулах ёслолын үеэр багуудын нэрийг дуудаад медаль гардуулах нь их гоё. Мөрөөдлөө энэ жилийн тэмцээнд биелүүллээ. Намайг түрүүлэхэд хэсгийн шүүгчид эрхий хуруугаа гозойлгоод “Чи сайн байлаа” гээд баяр хүргэж, урам хайрласан. Тэмцээнд оролцсон Монголын таван тамирчин хүнд нөхцөлөөс боломж хайн өрсөлдсөөр 11 дүгээр байр эзэлсэн шүү. Багийн 10 хүний хийх ажлыг таван хүн гүйцэтгэнэ гэдэг хэцүү. 2015 онд Финландад зохион байгуулсан ДАШТ-д би алдаа гаргасан юм. Их загастай хэсэгт орж, таван кг, 700 гр бариад сэтгэл тайвширчихсан. Миний өмнө сууж байсан Латвийн тамирчин долоон кг, 785 гр загас барьж, хэсгээ тэргүүлсэн. Би энэ удаа алдаагаа давтахгүйг хичээсэн. Энэ удаагийнх тус улсад болсон хоёр дахь ДАШТ. Уг нь Литвид болох байсан ч гол, нуур хөлдөөгүйн улмаас Финландад зохион байгуулсан. Ирэх жилийн ДАШТ Эстони улсад болно.

-Тэмцээний үед гадаадын тамирчидтай ана мана өрсөлдөж, энгийн үед сайхан нөхөрлөдөг үү?

-Тэмцээнд оролцсоор байгаад гадаадын тамирчидтай найз нөхөр болсон. Нэгэнтэйгээ тааралдахаараа эртний андтайгаа уулзсан мэт санагддаг. Саяны ДАШТ-д оролцсон Норвегийн багийнхан “Монголд ДАШТ хэзээ зохион байгуулах вэ, хэрвээ болбол бид очиход бэлэн шүү” гэсэн. Өмнө нь ч гэсэн гадаадын олон тамирчин энэ тухай асууж, санал, бодлоо хуваалцдаг байлаа. Тэд тэмцээнд оролцохын зэрэгцээ манай орны түүх, өв соёл, нүүдлийн ахуй амьдрал, байгальтай танилцахыг хүсэж байгаагаа хэлдэг. Олонх нь Монголд очвол ямар загас их байдаг вэ, манайд байдаггүй загас танайд бий юү гэж сонирхдог юм.

-Гэр бүлийнхэн тань хэр дэмждэг вэ?

-Сонирхлоо хөгжүүлж, амжилт гаргахад гэр бүлээс шалтгаалах зүйл бий. Манай эхнэр хоббиг минь дэмждэг. Миний хамгийн үнэнч туслах. Энэ спортоор хичээллэх үеэс манайхан загасны талаар мэдлэгтэй болсон. Манайх хүү, охинтой. Намайг загасчлахаар болбол хүү минь дагаж явах гэж хөөрч баярладаг. Хүүхэд багаасаа байгальтай зөв харьцаж сурах хэрэгтэй гэж би боддог. Бид зун гэр бүлээрээ загасчилдаг. Агаарт гарч, алжаал тайлах, эрүүл мэндэд ч тустай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)