Т.ЧОЙЖИЛСҮРЭН: Театртаа “Алтан гургалдай” хочтой явлаа

Гавьяат жүжигчин Т.Чойжилсүрэн гуайг “Нямын зочин”-оор урилаа. Тайзны 100 гаруй, дэлгэцийн 20 шахам бүтээлд дүрээ мөнхөлсөн түүнийг үзэгчид “Гарьд магнай” киноны Богд хааны хатан, улсын эх дагина Дондогдуламын дүрээр нь андахгүй.

-Таныг айлын ганц охин гэж сонссон. Их энхрий өсөв үү?

-Намайг төрөхөөс өмнө манайх сумдаа нэлээд чинээлэг айлын тоонд ордог байсан гэнэ лээ. Цагаантнууд ирээд хотыг нь харлуулаад, хонийг нь туугаад явчихсан гэдэг. Ингээд саалийн үнээ, уналгын ганц мориноос өөр юу ч үгүй үлдсэн байж. Уг нь би малчин аав, ижийнхээ гурав дахь охин. Том нь эндэж, дундахаа хүнд өргүүлэн, намайг авч үлдсэн юм билээ. Уг нь би Хандсүрэн нэртэй байсан. Муу зүйлээс хамгаалах гээд эрэгтэй хүний нэр өгсөн гэдэг юм. Ганц юм болохоор ёстой л эрхэлж өссөн дөө. Ямар сайндаа сургуульд ороод гэрээ санаад уйлаад болдоггүй, бүр оргох гэж хүртэл үзсэн. Сургуулийн захирал аргаа бараад аавд хэл дуулгаснаар надад хань болж аав минь сургуульд галч болж байв. Тийм л танхил охин байлаа. Сумын сургуульдаа нэг жил сураад, аймгийнхаа дунд сургуульд суралцаж төгссөн юм.

-Төрсөн нутгаасаа хэзээ гарав. Завханы Идэр сумын хүн гэл үү?

-Би Завхан аймгийн Идэр сумын Оноон гэдэг газар төрсөн хүн. Долдугаар анги төгссөн жил аав минь өөд болж, ижий бид хоёр үлдэв. Амьдрахын эрхээр ажил хийх боллоо. Хамгийн түрүүнд олдсон ажил нь Аймгийн эвлэлийн хороонд галч. Том, хар пийшингүүдийг нь галлах гээд чаддаггүй. Нойтон модыг нь ч даахгүй. Удалгүй Эвлэлийн хорооны дарга “Энэ ямар гээч хүүхэд аваад ирсэн юм бэ. Биднийг хөлдөөж алах нь. Болиул” гэснээр халагдчихав. Сар гаруйн дараа Эвлэлийн хорооноос дуудахаар нь яваад очтол “Бичээч хий” гэлээ. Бичгийн машиныг нь будаа тоншиж байгаа шувуу шиг хоёр хуруугаараа тоншсоор овоо сурав. Сүүлдээ ч гаршчихсан. Гэхдээ тэнд нэг их удаагүй. Багаасаа урлагт дуртай, дуу хуурт авьяастай болохоор завсар гармагц л аймгийн клуб рүү гүйчихнэ. Тэндхийн сайн дурын уран сайханч нэрээр хөгжимчин, дуучин гээд хийхгүй юмгүй л навсганаад яваад байлаа. Нэг хэсэг цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ч ажиллаж үзэв. Тэгж байтал аймгийн клуб, хятад ажилчдын клуб нэгдэн, аймгийн Соёлын ордон байгуулагдсан юм. Орон тооны жүжигчин шалгаруулж авахад нь миний нэр багтсанаар уран бүтээлийн гараа минь эхэлсэн дээ. Тэнд ажиллаж байхдаа ханьтай болсон. Эмч хүн байлаа. 1952 онд нөхөр Ховдод ажиллах томилолт авч манайх тийшээ нүүснээр нутгаасаа гарсан даа.

-Тэнд та юу хийж байв?

-Ховд аймгийн Хөгжимт драмын театрт ажилласан. Тэндээс миний амьдрал, уран бүтээлийн сайхан зам эхэлсэн юм. Гурван хүүхэдтэй болж, бүл нэмэн, мөн олон жүжигт тоглосон. “Далан худалч”, “Учиртай гурван толгой”, “Урагшлах замд” зэрэг 60 гаруй жүжгийн гол дүрийг тэнд бүтээж байв. 1960 онд нөхөр Анагаахын дээд сургуульд томилогдоход би Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр орох Соёлын яамны бичигтэй ирж байлаа.

-Улаанбаатарт ирснээр таны уран бүтээлийн замнал бүр ч дардан болжээ дээ.

-Намайг Ховдын театрт хүлээлгэн өгч, хоолтой залгуулсан хүн бол Төрийн шагналт, нэрт найруулагч Л.Ванган багш. Харин Хүүхэд, залуучуудын театрт ирэхэд тосож авсан багш “Өгөр толгой” Гүрсэд гэгддэг Н.Дугарсанжаа гуай. Ц.Цэгмид, Н.Цэгмид, Д.Дамдинсүрэн, Д.Ичинхорлоо, Т.Хандсүрэн, Д.Цэрэндулам, С.Гэндэн, А.Очирбат, Б.Энхтуяа нарын мундаг уран бүтээлчтэй хамт ажиллаж байв. Бүгд л миний багш. “Хүний бодол өөр болжээ” жүжигт алдарт жүжигчин Д.Сэдэд гуайтай хамт тоглож байлаа. А.Очирбат, Д.Хишигт нарын “Хүү” жүжгээр гараагаа эхлэн, “Ялалтын жигүүр”, “Улаан бүч” гээд олон бүтээлд тоглосон доо. Ц.Цэнд-Аюуш, Б.Магсаржав, М.Рэнцэнханд нартайгаа сайхан л ажилласан. “Баавгай дуулах уу” жүжигт “Алтан гургалдайн дуу”-г дуулсан. Тэр үед жүжгийн дууг драмын жүжигчдээр дуулуулдаггүй байв. Гэтэл Г.Дарамзагд багш заавал надаар дуулуулна гэснээр би дуулсан. Тэр дуугаараа театртаа алдаршиж, нэг хэсэгтээ “Алтан гургалдай” гэж дуудуулж ч явлаа.

-Театрын ахмад жүжигчдийг одоогийн залуус тэр бүр мэдэхгүй. Дэлгэцийн уран бүтээл шиг дүрс нь мөнхөрч үлддэггүй болохоор тэр байх. Танд тийм харамсал төрдөг үү?

-Театрын бидэнд үлдсэн нь хэдэн зураг л байх шив. Дээхнэ үеийн жүжигчдийг одоогийн хүүхдүүд ер нь мэддэг юм уу даа. Ялангуяа над шиг театрт олон жил ажилласан хүнийг бүр ч мэдэхгүй байх.

-Та анх ямар кинонд тоглосон бэ. Ер нь дэлгэцийн хэчнээн бүтээлд тоглов?

-Би 20-иод кинонд тоглосон. Анхных нь “Улаан дарцаг”. Дараа нь “Үүрийн цолмон”-д тоглосон. “Говь хянганд тулалдсан нь”, “Зарлаагүй дайны оршил”, “Ээждээ л үнсүүлэх сэн”, “Зугтаарай”, “Хойт эх”, “Нар сарны зааг”, “Ус дээшээ урсдаг”, “Чингисийн хүүхдүүд” гээд хэд хэдэн кино бий.

-Үзэгчид таныг “Гарьд магнай” киноны Богдын хатан Дондогдуламын дүрээр тань илүү мэднэ. Эл дүрд хэрхэн тоглосон юм бэ?

-Дэлгэцэд хэдхэн хором үзэгдээд өнгөрдөг дүр ч гэлээ үзэгчдийн сэтгэлд хүрсэнд их баярладаг. Ж.Бунтар найруулагч Д.Байдий агааг Богд хаанд, намайг Дондогдуламд тоглуулахаар шууд л сонгосон юм билээ. Дүрийн сонгон шалгаруулалт явуулаагүй. Д.Байдий гуай бид хоёр өмнө нь “Үүрийн цолмон” кинонд Доной баян, түүний авгайд мөн хамт тоглосон юм. “Гарьд магнай”-г гарснаас хойш намайг хаана ч явсан “Богдын хатан, эх дагина” гэх болсон. Би 20 шахам кинонд тоглосон ч энэ дүрдээ их хайртай.

-Тоглосон уран бүтээлээ зурагтаар гарахад үздэг үү. Өтөл болсон хойноо залуу цагийн төрхөө харахад ямар санагддаг бол?

-Жам шүү дээ. Уламжлалт баяр, ялангуяа улсын баяр наадмаар “Гарьд магнай” олон гардаг. Харахад сайхан. Залуу нас хүний амьдралын хамгийн сайхан үе шүү дээ. Гэхдээ залуудаа тоглосон зарим киногоо харахаар “Тэр үед тэгчих минь яав даа” гэсэн бодол төрдөг юм. Жүжигчид дүрээ тодруулахын тулд юу хиймээр, яаж тогломоор байгаагаа найруулагч нарт хэлж, ярилцдаг байх хэрэгтэй. Тэгж байж чамбай ажиллана шүү дээ.

-Тэр цаг хугацааг яаж давж, туулсан юм бол оо гэхээр хүнд үе таны амьдралд тохиолдсон уу?

-Би мөнх бусын зовлонг эрт үзсэн хүн. Долдугаар ангид байхдаа аавыгаа алдаж, дараа нь хорвоогийн жамаар ээж минь ч бурхны орон руу явсан. Хэдхэн сартай хүү минь ч хорвоогоос гэнэт явсан. Амьдрал эрээн бараантай шүү дээ. Нөхөр минь өөр гэр бүлтэй болж, би гурван хүүхдээ хөтлөөд хоцорч байлаа. Нэлээд зовлон үзсэний дараа амьдрал надад насны минь ханийг заяасан.

-Ханийнхаа талаар яриач, та. “Улсын драмын театрын онцгой мэргэжилтэн байсан” гэж олон хүн “Бид мартахгүй” арга хэмжээний үеэр дурсахыг нь сонссон юм байна.

-Миний хань, бага охины минь аав Я.Шийтэр гэж хүн байлаа. УДЭТ-т зураачаар олон жил ажилласан. Урлагийн хүний ажил цаг наргүй. Ялангуяа театрын жүжигчнийх. Орон нутагт удаан хугацаагаар тоглолтоор явна. Тэр үед хүүхдүүдээ харж, хичээлд хүргэхийг нь хүргэж, ажил руугаа дагуулахыг нь дагуулсаар л үлддэг сэн. Ажлыг минь үнэхээр ойлгодог байлаа. Сайхан хань заяасан ч, тэр минь хорвоог эрт орхисон.

-Хүүхдүүдээс тань урлагийн мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юү?

-Хүүхдүүд минь бүгд сайхан ажил, мэргэжилтэй болсон. Гэхдээ урлагийн чиглэлээр ажилладаг нь үгүй. Урлагтай хамгийн ойр нь гэвэл дунд охин минь Хөгжим, бүжгийн дунд сургуулийн бүжгийн анги төгссөн ч одоо өөр мэргэжлээр ажилладаг. Бага нь сэтгүүлч мэргэжилтэй ч одоо мөн л өөр ажил эрхэлж байна.

-Хэчнээн ач, зээтэй болов?

-Хүүхдүүд минь сайхан хүмүүстэй ханилсан. Ач, зээ, гуч, гучинцар нийлээд 39 болжээ. Ээж, эмээгээ хайр халамжаар дутаахгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)