Т.ЦЭРЭН: Тарьсан моднуудаа камераар хянадаг болно

Ажлын ширээн дээр нь худам монгол бичгээр төрийн дууллыг нямбай, цэвэрхэн бичсэн цаас харагдана. Харин доор нь чацаргана, өөхөн тосоор хийсэн, дөрвөлжин, дугуй, цэцэг шиг хэлбэртэй савангууд байв. Эдгээрийг “Онги голынхон” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” төслийн зохицуулагч, МҮИС-ийн багш Т.Цэрэн хийжээ. Түүнтэй ярилцлаа.

-Анхилам үнэртэй эл савангуудыг та өөрөө хийсэн юм уу?

-Хувцас, саван зэргээ аль болох өөрөө хийх, эсвэл Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлздэг. Төрийн дуулал, “Үлэмжийн чанар”-ыг, худам монгол бичгээр бичиж, дотно хүмүүстээ бэлэглэдэг юм. Энэ бүгд “Эх орондоо хайртай” гэж цээжээ дэлдэхээс илүү бодит үйлдэл. Би Дундговийн Онги голын хөвөөнд тоглож өссөн. 2012 онд МУБИС-ийг гүн ухаан, улс төр судлалын багш мэргэжлээр төгсөөд, байгууллагын сургалт хөгжил хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтнаар ажиллаж байсан. 2018 оноос “Онги голынхон” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын албыг хашиж буй. Миний эмээ говьд чацарганы мод тарьж, төгөл байгуулсан анхны хүн. Тийм учраас багаасаа л байгаль орчноо хамгаалахад суралцаж, хайрлаж өссөн.

-Танай үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжүүд хэр дэмждэг вэ?

-Ихэвчлэн хувийн аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг. Хүмүүс “Сайхан санаа, зөв юм хийж байна” гэдэг ч бодит байдал дээр туслах нь ховор. Монголчуудаас илүү гадаадынхан “Та нар зэрлэг байгалиа хамгаалах хэрэгтэй” хэмээн дэмжиж, тусалдаг.

Манай “Онги голынхон” ТТБ-ын гишүүд уул уурхайн зохисгүй олборлолттой тэмцэхээс гадна иргэдэд экологийн боловсрол олгож, хүрээлэн буй орчноо нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, 2007 оноос нутгийн иргэдтэй хамтарч голын эрэг дагуу найман га газарт чацарганы төгөл байгуулсан. Гол ширгэсэн ч модны ойролцоох хэсэг нь хэзээ ч тасарч байгаагүй. Энэ нь усны хажууд байгаа мод заавал ургадаг. Мөн мод байгаа газарт ус тасардаггүйг баталж буй юм. Тэр төгөлд ургасан жимсийг нутгийн иргэд авдаг.

-Гол усаа хамгаалахаас гадна оюутнуудад хичээл заадаг гэсэн. Багшийн хувьд сурагчдадаа юу ойлгуулахыг зорьдог бол?

-Би МҮИС-д Амьдрах ухааны хичээл заадаг. Шавь нартаа “Чи нэг зүйлийг маш сайн хийж сур” гэж захидаг. Хичээлийнхээ хажуугаар зураг зурж, саван хийх, эсвэл хувцас оёход суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломж хүн бүрт бий. Хэрвээ тэгвэл импортын, чанаргүй, үнэтэй зүйл худалдаж авах шаардлагагүй болно. Бид дэвтрийн ард, урдаас нь бичиж, бүрэн ашиглаж сурах нь ой модоо хайрлаж байна гэсэн үг. Гэх мэтчилэн амьдралд хэрэгтэй зүйлийг зааж, хэвшүүлэхийг эрмэлздэг.

-Баянзүрх хайрханд хэзээнээс мод үржүүлэх болов?

-Д.Эрдэнэчулуун гэдэг хүн Баянзүрх хайрханд таван тивийн хэлбэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” төсөл санаачилсан юм. Тэрбээр

...Мод бол амьтай зүйл, бид тарьж байгаа л бол амьдруулах ёстой. Хүмүүс тарьсан модоо аяндаа ургах юм шиг санаж, орхисноос болж үхдэг. Бид долоо хоногт хоёр удаа модоо усалдаг. Заримдаа очиж амждаггүй учраас өөр хүнд мөнгө төлж услуулах тохиолдол ч бий. Цаашдаа гүний ус ашиглахгүйн тулд Туул голоос ус татах ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа...

Германд ажиллаж, олсон мөнгөө өөрийн амьдралдаа, мөн энэ ажилд зарцуулдаг. Би өнгөрсөн хавар түүнтэй холбогдож, сайн дураараа ажиллах болсон. Коронавирусийн улмаас Д.Эрдэнэчулуун ах Монголд одоогоор ирж чадахгүй байгаа. Тиймээс би түүний ахтай хамт мод тарьж, услах ажлыг хариуцаж байна.

2018 оноос хойш 5-6 зүйлийн 10 000 мод тарьж, ургуулсан. Энэ ажилд хөрөнгө, цаг их зарцуулдаг. Бид зүгээр л олон мод тарихаас илүү хүмүүсийн анхаарлыг татаж, уриалахын тулд суварга хэлбэртэйгээр 1080 мод тарьсан. Ирэх жил аавуудын төгөл байгуулна. Мөн хяналтын камер, “нарны дэлгэц” байршуулахаар төлөвлөсөн. Эрчим хүчний асуудлаа шийдвэл усалгааны төхөөрөмжийг алсаас удирдаж болно. Мөн камер байршуулснаар энд дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар захиалга өгөн мод тариулж, хэр ургаж байгаа нь хянах боломж бүрдэнэ гэсэн үг.

-Хүмүүс мод тарихдаа юунд анхаарах хэрэгтэй бол?

-Мод бол амьтай зүйл, бид тарьж байгаа л бол амьдруулах ёстой. Хүмүүс тарьсан модоо аяндаа ургах юм шиг санаж, орхисноос болж үхдэг. Бид долоо хоногт хоёр удаа модоо усалдаг. Заримдаа очиж амждаггүй учраас өөр хүнд мөнгө төлж услуулах тохиолдол ч бий. Цаашдаа гүний ус ашиглахгүйн тулд Туул голоос ус татах ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа. Бас нэг эмзэглүүлдэг зүйл нь хүмүүс мод тарихдаа том, жижгээр нь ялгадаг. Жижиг мод таривал жижиг буян, том мод таривал том буян үйлдэнэ гэсэн үг биш. Модыг том, жижиг гэж ялгах нь хүнийг арьс өнгөөр гадуурхаж буйтай адил. Бүх ургамал адилхан хүчилтөрөгч ялгаруулдаг учир энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

Бэлтгэсэн: О.Алуунгуа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)