Т.Хүрэлбат: Дүүг минь ажилдаа явж байхад нь тагнуулынхан гудамжнаас хулгайлсан


Д.Дагва

-Шоронд яаж тамлуулж, хэрхэн аврал эрэн, айж эмээж байсан бол 

гэж бодохоос зүрх зүсэгдэх шиг болдог-

УИХ-ын гишүүн С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргээр шүүхээс 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа.

-С.Зоригийн хэрэгт холбогдуулан дүүг тань шалгаж байгааг Та хэдийд мэдсэн юм бэ?

-Дүүг минь тагнуулын ажилтнууд гудамжнаас хулгайлаад авч явсны маргааш нь мэдсэн. Эхэндээ юу болоод байгааг ойлгоогүй. Хүнтэй андуурсан юм болов уу, удахгүй явуулчих байлгүй дээ гэж бодож, ээждээ ч тэгж хэлсэн. Чимгээ тэр үед нэг байгууллагад тогооч хийж байсан юм.

-Хулгайлсан гэв үү?

-Тэгсэн, тэгж хэлэх бүрэн үндэслэл бий. Дүү минь тэр өглөө ажил руугаа явж байсан гэдэг. Тэгсэн чинь хаанаас ч юм бүү мэд, хар тэрэгтэй хүмүүс хүрч ирээд амыг нь таглаж, нүдийг нь боогоод машиндаа чихэж суулгаад аваад явжээ. Ингээд сураггүй болсон. Зөвхөн энэ ажиллагаа нь хүний хулгай биш гэж үү. 

Бид чинь хуультай, төртэй, ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэдэггүй бил үү. Ардчилсан нийгэмд хэн нэгнийг, ямар нэг хэрэгт сэжиглэн баривчлахдаа прокурорын зөвшөөрөл энэ тэрээ үзүүлж, өөрт нь болон ар гэрийнхэнд нь мэдэгддэг юм гэсэн. Гэтэл тэр хүмүүс огт тэгээгүй.

Сураггүй болчихлоо, ажилдаа ч очоогүй байна гэдгийг маргааш нь надад хэлсэн. Нөхөр нь хайж, баахан эрэл сурал болж. Гэтэл Чимгээг машинд хүчээр суулгаад авч явахыг автобусны буудалд зогсож байсан хүмүүс харжээ. Энэ тухай цагдаад мэдэгдсэн гэсэн. Цагдаагийн газарт очиход юу ч мэдэхгүй гээд сууж байсан гэдэг юм. 

Түүнээс хойш хоёр хоногийн дараа цагдаагийн нэг ажилтан “Та хотын тагнуулынхнаас асуусан нь дээр байх” гэж чиг өгчээ. Энэ явдлын дараахан тагнуулын ажилтан гэсэн баахан хүн ирж, гэрт нь нэгжлэг хийж байхдаа Чимгээг С.Зоригийн хэрэгт холбогдсон, байцааж эхэлсэн гэж хэлсэн байна лээ. Ийм юм болсон талаар нөхөр нь ээжид дуулгаж, ээж надад утсаар хэлсэн. 

“Чимгээ бид хоёрын хүн ална гэж юу байх вэ, андуурсан л байлгүй. Удахгүй гаргаад явуулчих нь даа” гэж ээжийгээ тайвшруулсан. Гэтэл долоо хоногийн дараа ээж дахин утасдаж “Олон хар машинтай, баахан хүн ирж манайхыг нэгжээд явлаа” гэж хэлдэг юм байна. Хашааг нь бүслэж байгаад хамаг юмыг нь онгичжээ. Ээжийн, дүү нарын алтан ээмэг, бөгжийг бүгдийг нь хурааж аваад явсан гэнэ. 

Тэднийг явсны дараа ээжийн даралт ихсэж, дүү нар шоконд орсон гэж байсан. Тэр орой нь миний эгчийн хоёр хүүхэд галт тэргээр гарч, эмээгийндээ очжээ. Юу болоод байгааг мэдэх гэж, бас Чимгээг Төв аймагт хорьж байгааг дуулгачихаад буцаад явсан юм билээ л дээ. Гэтэл аймгийн Тагнуулын хэлтсийн ажилтнууд ирж, “Танайд буусан хоёр хүн хаачив, хэн хэн байв, юу ярив, яах гэж, хаанаас ирэв” гээд бөөн юм болсон гэдгийг сүүлд надад хэлсэн. 

Ингээд ер нь би оролцохгүй бол болохгүй юм байна, дүүгийнхээ араас сураг ажиг тавих ёстой боллоо гэдгийг ойлгож, энэ асуудлыг хөөцөлдсөөр өдий хүрлээ.

-Т.Чимгээ гэр бүлтэй, гурван хүүхэдтэй байсан гэдэг. Бага нь хэдэн настай байсан юм бол?

-Манайх Дорноговийн айл. Чимгээ аймагтаа дунд сургууль төгсөж, Хөгжимт драмын театрт бүжигчнээр ажиллаж байсан. 1989 онд айлын бэр болж, Эрдэнэтэд амьдрах боллоо. Гурван хүүхэдтэй, бага нь хоёр настай, хөхнөөсөө гараагүй байсан юм шүү дээ.

...“Талийгаач Б.Отгонбаатар та хоёр Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгтэй ууланд гарч архидсан байдаг.
Тэр үед та нар юу ярьсан бэ” гэж л дахин дахин асуугаад байсан гэсэн..

-УИХ-ын гишүүн С.Зориг алагддаг өдөр хаана, юу хийж байсан юм бэ?

-Бид эцэг, эхээсээ есүүлээ. Чимгээ дээрээсээ дөрөв дэх нь. Багаасаа эмээгийнд өссөн. Тэр намар эмээгийн бие чилээрхээд, Чимгээ асрахаар Эрдэнэтээс Дорноговьд ирсэн байсан юм. Хүүхдүүдээ дагуулаад ирчихсэн, өөрийнхөө сурч байсан сургуульдаа нэг охиноо орууллаа гэж ярьж байсан юм даг. Дорноговьд байхад нь тэр хэрэг гарсан.

-Т.Чимгээг баривчлаад явснаас хойш Та хэзээ уулзав?

-Надтай байтугай, ар гэрийнхэнтэй нь тэр бүр уулзуулдаггүй. Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн гэдэг хоёр прокурор энэ тал дээр тун хатуу ханддаг байсан. Том охин нь ээжийгээ Урьдчилан хорих төвд хоригдож байхад нь нас барсан юм.

Охиныг нь хөдөөлүүлэхэд салах ёс ч хийлгээгүй юм шүү дээ. Чимгээг 2015 оны наймдугаар сарын 31-нд баривчилж хорьсон, би хойтон жилийнх нь хавар уулзсан. Нүхтэй шилний цаанаас бид ярилцлаа. “Би ямар ч хэрэг хийгээгүй, хүн алаагүй. Та намайг эндээс аваад гараач” гээд уйлаад байсан. Үнэн мөн нь олдох байлгүй дээ. Ах нь хөөцөлдөнө гэж хэлээд гарсан.

Дүү минь байна даа, ядаж духыг нь үнэрлэчихээд гаръя гэхэд “Болохгүй” гэдэг юм байна. Авч очсон жаахан юмыг минь нэг жижигхэн нүхээр нохойд өгч байгаа юм шиг шидчихдэг юм билээ.

-Тэгээд Та холбогдох байгууллагаар орж, хүмүүстэй уузав уу?

-Тэгэлгүй яах вэ. Олон газраар орж, цөөнгүй хүнтэй уулзсан. Хэлдэг юм нь “Танай дүү С.Зоригийг егүүтгэсэн” л гэдэг. Ямар баталгаа, нотолгоо байгаа талаар нэг ч үг хэлдэггүй хэрнээ “Энэ тухай цааш нь яривал хариуцлагад татна” гэж сүрдүүлэхийг нь яана.

Гэтэл Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан (ажлаасаа чөлөөлөгдсөн) УИХ-ын чуулганы танхимаас эдгээр хүн С.Зоригийг егүүтгэсэн төдийгүй гэмт хэргээ нуух зорилгоор нэг айлын дөрвөн хүнийг галдан шатаасан гэж ярьлаа. С.Зоригоос гадна дөрвөн хүнийг гэртэй нь шатаасан хэрэг тулгаж байгааг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ерөнхий прокурор ярьж байхаас л мэдэв шүү дээ. Тэр хүртэл энэ тухай бид огт сонсоогүй байсан.

Тэгээд Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа гуайтай ярьж, бас юун дөрвөн хүнийг шатаасан хэрэг нэмэгдчихэв ээ гэтэл “Харин тийм л юм болоод байна. Тэр Паар (Б.Отгонбаатар) гэдэг залууг манай хоёр (Б.Содномдаржаа, Т.Чимгээ) таньдаг байж, энэ айлд гарсан галын хэргийн нотломж гэдэг юмыг би олоод авчихлаа” гэв. Их чухал баримт байна гээд би үзсэн. 

Тэр нотломж дээр нь “Цахилгааны буруу ашиглалтаас болж гал гарсан байна. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзав” гээд цагаан дээр хараар бичсэн байхыг би уншсан. Дүгнэлт гаргасан хүн, гэрчүүд гарын үсгээ зурсан байна лээ. Энэ баримтыг Жавзмаа гуай бид хоёр бариад явлаа. Миний үгийг хэн ч сонсоогүй. Прокурорт өргөдөл өг л гэдэг байсан. Ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат “Отгонбаатарынхныг галдан шатаагаагүй гэж ярьж буй хүмүүс тэр дүгнэлтэд цахилгааных нь утас тасарчихсан хэвтэж байсан гэдгийг огт хэлдэггүй юм” гэж хэвлэлд ярьсан. 

Гэтэл шинжээчийн нотломжид тийм нэг ч үг, үсэг байхгүй. Тэр нотломжийг нь олшруулаад хэвлэлийнхэнд өгөхөд Г.Эрдэнэбат прокурорын ярьсан зүйл энэ байна шүү дээ гэх нэг ч хүн гараагүй. Ингэж улайм цайм худлаа ярьдаг прокурор байж болох уу.

-Энэ хэргийг шалгаж байсан ажлын хэсгийнхэн Тантай уулзсан уу?

-Тагнуул, прокурорынхон надтай бараг уулзаагүй. Би олон хүнтэй байгууллагад ажилладаг тул тэд ирж очоод, хүмүүст харагдах сонирхолгүй байсан байх. Нөгөөтээгүүр, надтай ярьж байснаас 70 гарсан хөгшнийг дээрэлхэж байх нь амар байсан биз. 

Дөрөв, таван хар машинтай, хорин хэдүүлээ нэг хөгшнийд очиж айлгаж сүрдүүлээд яах гэсэн юм бол, бүү мэд. Сүрийг үзүүлж байгаа нь тэр юм байлгүй. Миний эгч, ээжтэй тэд байнга уулзаж, элдвээр хэлж, дарамталж байсан төдийгүй Чимгээгийн ангийнхан, найз нарыг нь хүртэл айлгачихсан байна лээ. 

Сайн найз нь хүртэл надаас дөлж гүйгээд, халз тулчихаад ярьж чадахгүй, их айсан нь мэдэгдээд байгаа юм чинь.

-Шүүх хуралд танайхнаас хэн орсон юм бэ?

-Ээж оролцсон.

-Өөрөө орж болоогүй юм уу?

-Энэ асуудлаас намайг аль болох хол байлгах сонирхолтой байсан нь тодорхой. Шүүх хурал хаалттай болсон. Өмгөөлөгч маань хуулийн заалт, энэ тэр юм тэмдэглэсэн дэвтрээ аваад шүүх хуралд орох гэтэл хориглоод хурааж авч байсан. Яаж ч тайлбарлаад нэмэр болоогүй, түүнээс нь болоод манай өмгөөлөгч ухаан алдан унаж байсан гээд бод. 

Тэгсэн хэрнээ Ц.Амгаланбаатарын өмгөөлөгч, гэрч энэ тэр гэсэн хүмүүсийг тагнуулынхан өөр хаалгаар шүүх хуралд чөлөөтэй оруулан, яриулж байжээ. Өндөр настай ээжийг минь шүүх хуралд оролцуулсан нь ч тодорхой зорилготой. “1998 оны есдүгээр сарын 2-нд Чимгээ хаана байсан бэ” гэж л асуугаад байсан гэсэн.

Эмээгийнх нь бие муудаад, асрахаар Дорноговьд байсан гэж хэлээд байхад л дахин дахин асуугаад байсан гэсэн. Ц.Амгаланбаатар луу баахан цамналаа гэж ээж бидэнд ярьсан. 

Талийгаач Б.Отгонбатарын эгч нь шүүх хурлаас гарч ирээд “Тэр Амгаланбаатар гэдэг хүн л бид гурав нийлж айл шатаасан гээд байх юм. Өөр баримт алга” гэж байсан.

-Шүүх хурлын явцад дүүтэйгээ уулзах боломжгүй байсан уу?

-Огт уулзуулаагүй. Гурван шатны шүүх хурлын дараа, хорих ангид байхад нь эргэж очсон. Хоригдлууд, тагнуул, прокуроруудын дарамт харьцангуй багассан биз. Юм ярихтайгаа болсон байсан. “Хууль, шүүгчид тэр чигээрээ миний эсрэг байгаа юм байна. “Үнэнийг тогтоох хүсэл эд нарт огт алга. Ээжийг, нөхөр, хүүхдүүдээ, та нарыг ингэж зовоож байхаар ерөөсөө үхчихдэг ч юм бил үү гэж хоёр дахь шатны шүүх хурлын дараа бодож байсан” гэж надад хэлсэн. 

Асар их дарамтад байсан нь мэдэгдэж байгаа биз. Хүн амиа хорлох тухай бодох хүртэл нь дарамталжээ. УИХ-ын гишүүд, хэвлэлийнхэнд үзүүлсэн бичлэг эхний зургаан өдрийнх гэсэн шүү дээ. Тэгэхээр бүтэн гурван жилийн дарамт гэдэг аймшигтай юм байж таарна.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан үзүүлэхгүй гээд зүтгээд байсан. Хүн харахааргүй аймшигт тамлал байгаа юм болов уу. Тэнд төрийн ямар нууц байх вэ дээ. Дүү минь яаж айж, тарчилж, хэрхэн аврал эрж байсан бол гэж бодохоос зүрх зүсэгдэх шиг болдог. Шүүх хуралд Б.Булганыг яагаад оролцуулсангүй вэ. Энэ хэргийн амьд гэрч тэрбээр гэмт хэрэгтнүүдийг таньж байгаа. “Энэ хоёр биш байна” гэж хэлчих вий гэхээс айсан юм болов уу. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ноцтой юм ярилаа. Алуурчдыг харсан ганц хүн нь С.Зориг гэж. Хэрэг гарах үеэр эхнэр нь байгаагүй болж таарлаа. Гэр нь эзгүй, тэнд алуурчид, С.Зориг нараас өөр хүн байгаагүй гэдгийг энэ хүн мэддэг байх нь. Эсвэл хэргийн газарт өөрөө байжээ гэсэн логик эндээс гараад байгаа биз. 

Тэгвэл цагдаа, тагнуулынхан Б.Булган гэдэг эмэгтэйг хаанаас гаргаад ирэв. Энэ бүхнийг шалгах хэрэгтэй болох нь ээ. Дээрээс нь АН-ын дарга С.Эрдэнэ “Шоронд иймэрхүү дэглэх юм байдаг шүү дээ” гэж хэлэхийг сонслоо. Монголын улс төрийн том намын дарга хүний амнаас ийм үг унана гэж бодож байсангүй. 

Хүн амины хэргээр өөрөө шоронд сууж байсан юм гэсэн. Тэр үетэйгээ харьцуулаад байгаа юм болов уу, би их гайхсан, бас харамссан, эмзэглэсэн.

-Т.Чимгээг дээрх хэрэгт сэжиглэн хорьсоны дараа Та нэг удаа уулзсан гэж байсан. Тэр үед элдэв дарамт, эрүү шүүлтийн талаар хэлээгүй хэрэг үү?

-Хэлэлгүй яах вэ. Ц.Амгаланбаатар шоронгийн хонгилоор “Хүн алсан, 25 жилийн ялтай хулгайчид шээх газар байна уу” гээд хаалгыг нь өшиглөөд байдаг. Камерт нь оруулсан, яаж дарамталж, тамлаж байсан талаар хэлсэн. 

Энэ бүхнийг хэвлэлийнхэнд хэлж, Хүний эрхийн үндэсний комиссоос эхлээд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүртэл өргөдөл бичсэн. Хэн ч авч хэлэлцээгүй. Өгдөг хариу нь “Мөрдөн байцаалтын шатанд яваа хэрэгт бид хөндлөнгөөс оролцох эрхгүй, шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн болно” л гэдэг. 

Сүүлдээ хэнд ч хандаад нэмэргүй, хүний эрх гэдэг чинь зүгээр тунхаг төдий зүйл юм байна гэж бодох болсон.

-Хашаанд нь цогцос хаясан байсан гээд ярьдаг. Тэр юу болсон юм бэ?

-Шоронд хоригдож байсан Ц.Амгаланбаатараас янз бүрээр дарамталсан, заналхийлсэн мессеж Чимгээд ирэх болжээ. Ирүүлсэн мессежнийх зургийг авч цагдаагийн газарт хандаж байж. Цагдаа огт хөдлөөгүй гэнэ лээ. Манай хүргэн (Т.Чимгээгийн нөхөр) нэг өглөө гэрээсээ гарсан чинь хашаанд нь хүний цогцос хаясан байсан гэсэн. 

Ямар олигтой харагдав гэж, айж сандарцгаасан юм байгаа биз дээ. Тэр нь ил оршуулсан хүний хүүр байсан бололтой. Бүр хатчихсан байсан гэсэн. Энэ тухай Цагдаагийн газарт мэдэгдэж, ажилтнууд нь ирж, ул мөрийг бэхжүүлж аваад явж. Цэргийнхний өмсдөг арзгар ултай, израил гэж нэрлэдэг гуталтай хоёр хүн “Портер” машинтай ирж, цогцос хаяад явсан байна гэж тогтоосон ч, хэн яах гэж үүнийг хийв гэдгийг илрүүлээгүй, таг чиг болжээ. 

С.Зориг алагдсан хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийнхэн холбоотой бүх асуудлыг жижиг, том гэлтгүй шалгасан байдаг байлгүй. Тэр цогцосны тухай УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат зурагтаар “Тийм нэг юм болсон байна лээ. Энэ пакт уу, пакт” л гэж ярьж байхыг сонссон.

-Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, талийгаач Б.Отгонбаатар нар найз юм уу, тэд юугаараа холбоотой байсан юм бол?

-Миний дүү Эрдэнэтэд айлын бэр болж очиход хадам ээжийнх нь эгчийн өргөмөл хүү гэж жаахан банди гүйж явдаг байж. Тэр нь Ц.Амгаланбаатар. Том болсон хойноо тэр хүү нэлээд хөдөлгөөнтэй, хулгай зэлгий хийчихдэг нэгэн болсон юм билээ. 

Дүүгийн гэрээс ч дэл сул юм авдаг болсон гэсэн. Сүүлдээ бурхан тахилыг нь хүртэл хулгайлчихаж. Тэр тухай нөхөртөө хэлж л дээ. Эндээс хэл үг гарсан байлгүй, Ц.Амгаланбаатар яаж дуртай байх вэ. Юм санаж л явсан бололтой. Нөгөө хоёрыг нь таних төдий л юм билээ. Учиргүй найз нөхөр байгаагүй.

-С.Зоригийг егүүтгэсэн гэх хэрэгт яллагдагчдыг эрүүдэн шүүсэн, хүчээр хэрэг хүлээлгэсэн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд ар гэрийнхнээс нь уучлалт гуйлаа. Та мэдээж сонссон байх.

-Энэ хэргийн мөрдөн байцаалт хууль бус, сэжигтэн гэгдэх хүмүүс хүн алсан гэх баримт байхгүй тухай 2005 оноос хойш цөөхөн хүн дуугарсны нэг нь Ц.Нямдорж гуай. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар олон удаа анхааруулж ирсэн. 

Асуудал нааштайгаар эргэсэнд ээж минь их баярлаж суугаа. Дахин дахин асууж, тэр тухай сонинд гарсан мэдээг байн байн уншуулдаг дуулдсан.

-Ийм асуудал болсноос хойш дүүтэйгээ уулзсан уу?

-Өнгөрсөн сарын сүүлчээр, эмнэлэгт хэвтүүлэхээс нь өмнө уулзсан. Ц.Амгаланбаатар хэргээ задалж, та нарыг гүтгэснээ хүлээж байгаа. Б.Булган та нарыг танихгүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр асуудал наашаа эргэлээ. Одоо биеэ бодоорой гэсэн. 

Эмнэлэгт хэвтүүлснийх нь дараа дарга нартай нь уулзлаа. Шинжилгээ авч, эмчилгээ хийж эхэлсэн гэнэ лээ. Бие нь гайгүй ч нарийн шинжилгээ хийх шаардлага байгаа бололтой.

-Т.Чимгээгийн нөхрийг бас хорьж шалгасан гэл үү?

-Нөхрийг нь, нөхрийнх нь ахыг баривчлан, хорьж шалгасан байдаг. Манай хүргэний ахыг “С.Зоригийг егүүтгэсэн гэмт хэрэгтнүүдийг чи машинаараа зөөснийг бид мэдэж байгаа, хэргээ хүлээ” гээд байсан гэнэ лээ. Т.Чимгээгийн нөхрийг тагнуулынхан баривчилж, 14 хоног хорьсон.

“Талийгаач Б.Отгонбаатар та хоёр Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгтэй ууланд гарч архидсан байдаг. Тэр үед та нар юу ярьсан бэ” гэж л дахин дахин асуугаад байсан гэсэн. Шоронд Чимгээг нөхрийнх нь хажуугаар тууж явах зэргээр сэтгэл зүйгээр нь дарамталсан гэж надад ярьсан. 

Тэгснээ жорлонд хамт оруулжээ. Нөхөр нь “Хийгээгүй хэрэг хүлээчихсэн юм биш биз дээ” гэж хэлсэн байна. Дүү минь “Учир начир нь олдох биз дээ. Би хүн алж, хүрээ талаагүй нь үнэн болохоор юу гэж үйлдээгүй хэрэг хүлээх вэ” гэх зэргээр ярилцсан байна. Гэтэл жорлонгоос гаргаж “Хэрэг битгий хүлээгээрэй гэж эхнэртээ үг зааж өглөө” гээд “Чи эхнэртэйгээ дахиж амьдарна гэж байхгүй, чамайг алаад байшингийн суурьт цутгачихна шүү” гэх зэргээр дарамталж байжээ.

-Асуудал өөр болж байх шиг байна. Цаашдаа яах бодолтой байгаа вэ?

-Хууль, шүүхээс дүүг минь цагаатгах байлгүй дээ. Үүний дараа гэр бүлийнхээ нэр төрөө сэргээлгэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)