Т.Түвшинбилэг: Номоо анх гаргахдаа бестселлер болгоно гэсэн зорилготой байсан

Америкт 19 насандаа анх очиж байсан Т.Түвшинбилэг гэх бүсгүйн бичсэн “Almost American: A Mongolian girl's american story” буюу “Монгол охины Америк түүх” ном “Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлжээ. Ингэснээр цахим худалдааны “Амазон”-д бестселлер болсон анхны монгол зохиолчтой ном болж байна.

Америк оронд 11 жил амьдарсан түүх болон энэ улсад амьдарч буй цагаач иргэдийн талаар бичсэн Т.Түвшинбилэг гэх бүсгүйтэй ярилцлаа.

-Сайн байна уу ? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Одоо Америкт ажиллаж амьдардаг. Арван жилээ Орос-Монголын хамтарсан сургуулийг төгссөн.

-Одоо ямар ажил хийдэг талаар яриагаа эхлэх үү?

-Би “Georgetown” сургуульд суралцаж үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр магистр хамгаалсан. Одоогоор үл хөдлөх хөрөнгийн шинжээч мэргэжлээр “CBRE” гэдэг компанид ажилладаг. Үл хөдлөх хөрөнгө гэхээр монголчууд зөвхөн брокер буюу зуучлагч гэж ойлгодог.

Америкт бол үл хөдлөх хөрөнгийг маш том санхүүгийн эргэлт болгон хөгжүүлж, хувьцааны зах зээл шиг санхүүгийн том тогтолцоо гаргасан байдаг. Том улс орнуудад энэ нь нэг төрлийн хөрөнгө оруулалтын зах зээл юм. Энгийнээр тайлбарлавал яг үндсэн хийдэг ажил маань байр орон сууцыг хөрөнгө оруулагчдад үнэлж, шинжилж тэдэнд санхүүгийн үнэлгээ хийж өгдөг юм.

-Та Америкт хэр удаан амьдарсан бэ?

-Анх Америкт 2009 онд хөл тавьсан. Ирснээсээ хойш маш олон удаа Монгол руу ирж очсон. Ер нь анх ирснээсээ хойш 11 жил болж байна. Монголд байхдаа ээж, дүүтэйгээ амьдардаг байсан. Одоо бол Америкт сүйт залуутайгаа хоёулаа амьдарч байна.

-Хүний нутагт ажиллаж амьдарч байхад хамгийн хэцүү байсан зүйл нь юу байв?

-Мэдээж хамгийн түрүүнд эхлээд хэлээ сайжруулах, дараа нь хөлөө олох буюу өөрийн хүрээллийн орчинг бүрдүүлэх явдал байсан. Мөн Америк хүмүүстэй мөр зэрэгцэж явахын тулд хэл сайн сурах ёстойгоо ойлгосон юм.

Америкт 10 жил амьдарчхаад англиар ярьдаггүй хүмүүс ч байдаг. Учир нь тэд өөрийнхөө танилын хүрээнд байгаад байна гэсэн үг. Жишээ нь зөвхөн монгол хүмүүстэй холбоо харилцаатай байж өөр хүмүүстэй харилцаа холбоо тогтоож чадахгүй байх нь их. Тэгвэл танилын хүрээгээ тэлж, өөрийгөө бусдад ойлгуулж чаддаг болбол боломж үргэлж хажууд чинь байдаг.

-Таны бичсэн “Монгол охины америк түүх” ном “Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлжээ. Танд баяр хүргэе.

-Баярлалаа. Яг үнэнийг хэлэхэд монгол хүмүүсийг ингэж их ач холбогдол өгнө гэж бодоогүй. Хүмүүст гэнэт их магтуулаад байхаар эхэндээ их эвгүй санагдсан шүү. Гэхдээ маш олон хүмүүс намайг дэмжиж урмын үг хайрлаж байгаад баяртай байна.

-Номын нэрний хувьд уншихад л их сонирхолтой санагдаж байна шүү. Монгол охины Америкт амьдарсан түүх ямар байсан бол гэх бодол өөрийн эрхгүй төрж байна.

-Тийм шүү. Яг л миний түүх голчилж яваад хажуугаар нь 5-6 Америкийн тэрбумтан цагаачдын богинохон түүхийг оруулсан байгаа. Үүгээрээ бас цагаачид яг ямар бэрхшээлтэй учир ч байсныг харуулахыг зорьсон. Цагаачдын түүх гэхээр үргэлж хамгийн хүнд хэцүү түүхүүд байдаг юм шиг санагддаг. Энгийн хэрнэ сонирхолтой түүхүүдийг нь хүмүүс мэддэггүй учраас өөрийнхөө түүхийг оруулж бичсэн.

-Таны бичсэн ном цахим худалдааны “Амазон” сайтад бестселлер болсон анхны монгол зохиолчтой ном боллоо шүү дээ. Энэ мэдээг сонссон тэр торгон мөчид танд юу бодогдож байв.

-Эхлээд анхных болсон үгүйгээ баттай мэдэхгүй байсан болохоор фэйсбүүк дээрээ “Amazon дээр Монголын анхны зохиолч болчих шиг боллоо” гэж бичсэн. Номоо анх гаргахдаа бестселлер болгоно гэсэн зорилготой байсан. Иймд хүн сайн сайхан бүхнийг бодож байхад бүх зүйл болдог юм байна гэдгийг тэр үед мэдэрч байв.

-Анх яагаад энэхүү номыг бичих болсон бэ?

-Цагаач хүний нүдээр харсан амьдралаа аль болох эерэгээр бөгөөд Америкийн цагаачдыг өмөөрч бичсэн ном. Сүүлийн жилүүдэд Америкт улс төрийн шалтгаанаар цагаачдыг их ярих болсон. Үргэлж болохгүй бүтэхгүй талаас нь ярьдаг. Гэтэл хууль бус буюу “харласан” цагаачид нийт цагаачдын зөвхөн 4,1 хувийг эзэлж байна. Тийм учраас Америк бол цагаачдын орон юм аа гэдгийг тоо баримттай, эерэгээр ойлгуулж, сануулж, “цагаачид Америк орны эдийн засагт хэчнээн их хэрэгтэй хүмүүс вэ” гэдгийг харуулахыг хичээсэн. Мөн бусад цагаач хүмүүстээ урам өгөх зорилгоор номоо бичсэн юм.

-Сүүлийн үед ном, зохиол бичиж байгаа хүмүүсийг ажиглаад байхад өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээлээ хэрхэн даван туулж амжилтанд хүрсэн бэ гэдэг дээр тулгуурлаж ном бичээд байгаа юм шиг санагддаг. Таны хувьд мөн адил уу?

-Тийм ээ. Би уран зохиолын ном уншдаггүй. Харин баримттай, алдартай хүмүүсийн яаж амжилтанд хүрсэн талаар унших дуртай. Тиймээс энэ ном миний амьдралаас урган гарсан гэж хэлж болно.

-Сошиал орчинд таны номыг худалдан авах гэсэн хүмүүс бишгүй олон байх шиг байна. Хүмүүсийн танд хандах хандлагад хэр их өөрчлөлт орж байна вэ?

-Баярлалаа. Монголчуудыгаа ингэж гоёор хүлээж авна гэж бодоогүй. Гэрийнхэн маань эхэндээ ном бичиж байгаа гэхэд тоогоогүй. Гэтэл ном гарсны дараа монгол хүмүүс маань маш их дэмжиж урмын үг хайрлаж байгаад үнэхээр их баярлалаа. Монголд хэзээ гаргах вэ гэж хүмүүс их асуусан. Албан ёсоор дөрөвдүгээр сарын 27-нд худалдаанд гарна.

-Та түрүүн гэр бүлийнхэн маань анхандаа тоогоогүй гэлээ. Яагаад тэр юм бол.

-Сүйт залуу маань Америк хүн болохоороо ч тэр үү энгийн урдах ажлаа хийгээд амьдраад сурчихсан хүн. Харин би маш их бүтээн байгуулах хүсэл тэмүүлэлтэй. Намайг жаахан завсар авч амар гэж хэлдэг. Гэхдээ юу ч хийсэн үргэлж урмын үг өгч байдаг шүү.

-Дахиж ном гаргах бодол байгаа юу?. Хэрэв гарвал юуны тухай байх бол их сонирхолтой санагдаад байна.

-Одоогоор дахиж ном гаргах бодолгүй байгаа.

-Хүүхэд байхдаа хэр мөрөөдөмхий охин байсан бэ? Таны Мөрөөдөл биелсэн үү?

-Хүүхэд байхын л их зүйлийг мөрөөддөг охин байсан. Одоо хүртэл мөн адил. Өөрийнхөө дотоод ертөнцөд амьдарч байдаг хүн. Хүүхэд байхдаа Америк улсад амьдрах хүсэлтэй байсан маань биеллээ олсонд маш их баяртай байдаг.

-Таны хобби болон сонирхол юу вэ?

-Хобби гэвэл гүйх дуртай. Өглөө цэвэр агаарт гүйж түүнээсээ эрч хүч авч амьдардаг. Мөн чөлөөт цагаараа сүйт залуутайгаа шинэ содон газруудаар явж янз бүрийн амттай хоол идэж үзэх.

-Зохиолч хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ, таны бодлоор?

-Би яг зохиолч хүн биш л дээ. Миний бодлоор зохиолч хүн гэж маш их дотоод мэдрэмжтэй, уран сэтгэмж өндөртэй, тэрийгээ бусдад хэлж ойлгуулж чаддаг оюунлаг хүнийг хэлэх байх.

-Хүн бүр өөр өөрийн гэсэн дүрэм, зарчимтай байдаг шүү дээ. Таны хувьд ямар зарчмыг баримталдаг вэ?

-Хүн ажил голохоос ажил хүнийг голдоггүй гэж өвөө маань байнга хэлдэг байсан. Хүн зөв сайхан хөдөлмөрлөж байхад сайхан амьдарна гэж л боддог. Ялангуяа Америк орон энэ тал дээр бүх боломжийг нь ард иргэддээ хангаад өгсөн учраас олон хүн энд ирэх хүсэлтэй байдаг байх.

-Нийгэмд хүнийг бухимдуулах зүйлс бишгүй их тохиолдог шүү дээ. Та хамгийн их бухимдсан үедээ өөрийгөө яаж тайвшруулдаг вэ?

-Маш уртаар гурван удаа гүнзгий амьсгаа авахыг хичээдэг. Гэхдээ би их сэтгэл хөдлөл өндөртэй хүн. Нүүрэн дээр сэтгэл хөдлөл минь ил байж байдаг.

-Таны цаашдын зорилго юу вэ? Нууц биш бол хуваалцахгүй юу?

-Цаашдын зорилго маань гэвэл ажлаа сайн хийж хажуугаар нь өөрийн гэсэн онлайн бизнестэй болно гэж бодож байна.

-Манай уншигчдад хандаж юу гэж хэлмээр байна.

-Хүн бүр өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй байхад хэзээ нэгэн өдөр биелдэг учраас зорилгодоо үнэнч байгаарай л гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ()