Т.Тэлмэн: Хогийн зориулалтын бус цэгүүдийг илрүүлнэ

хөрсний бохирдол

Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн залуу судлаачид хөрсний бохирдлыг бууруулах шийдэл боловсруулсан нь нийслэлийн ИТХ, ЗДТГ-аас зарласан уралдааны шагналт байрт шалгарсан. Тус хүрээлэнгийн хөрс судлалын салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Т.Тэлмэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хөрсний бохирдлыг бууруулах ямар шийдэл боловсруулав?

-“Хог хаягдалгүй, цэвэр орчин” нэртэй төсөл хэрэгжүүлэх болсон. Төлөвлөгөөгөө өнгөрсөн зургадугаар сард гаргаж, зуны турш ажиллалаа. Манай хүрээлэнгийн хөрс судлалын салбарынхан хөрсний бохирдлыг 2010- 2016 онд хоёр жилийн давтамжтайгаар дөрвөн удаа судалсан. Үр дүнд нь хөрсний бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг нь хог хаягдал болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хөрсний бохирдлыг бууруулахын тулд хог хаяхгүй байх ёстой гэсэн үг. Уг нь төр, засгаас энэ талаар байнга хөндөж, хог хаягдлыг багасгах, цэгүүдийн тоог цөөрүүлэх зэрэг олон ажил хийдэг. 

Гэвч тэдгээр нь үр дүн багатай. Бидний шийдэл бол иргэдийн ухамсрыг дээшлүүлж, хог хаяулахгүй байхад анхаарах. Үүний тулд зориулалтын бус газарт хог хаяж байгаа, Хог хаягдлын тухай хуулийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийг илрүүлэн, дүрс бичлэг хийн баримтжуулж, торгууль ногдуулан, олон нийтэд мэдээлэх юм. Зориулалтын бус газарт хог хаявал торгуулах хуулийн заалт байдгийг, хог зөвхөн орчныг бус, хөрсийг ч бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдгийг хүн бүр мэддэг болох ёстой учраас уг төслийг санаачилсан.

-Хөрсний бохирдлын хэдэн хувь нь хог хаягдлаас үүсдэг юм бэ?

-Судалгааны үеэр 300 орчим цэгээс дээж авч, хүнд металлын болон органик бохирдол хэр их байгааг шалгасан. Органик буюу ахуйн гаралтай хог хаягдлаас үүдэлтэй бохирдол нийт дээ жийн 52.6 хувиас илэрсэн. Шивтрийн буюу ил задгай газарт бие зассанаас шалтгаалсан бохирдол 88, сульфатын буюу үнснээс үүдэлтэй бохирдол 72 хувиас нь илэрсэн байна.

-Хаана хэрэгжүүлэх талаар төсөлдөө тусгасан уу?

-Төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслөө бичиж байхдаа туршилтын журмаар хэд хэдэн газарт ажиглалт хийсэн юм. Тухайлбал, Модны хоёр орчмын явган хүний зам дээр хог хаясаар бараг цэг үүсчихсэн нэг талбай бий. Тэр хэсгийг ажиглахад өглөө цэвэрхэн шахуу байснаа хоёр цагийн дараа л цэг үүссэн. Тэндхийн аж ахуйн нэгжүүд, ТҮЦ, дэлгүүр, үйлчилгээний газрууд хог их хаядаг юм билээ. Иргэд ч ялгаагүй. Мөн Гандан орчимд судалгаа хийсэн. Ажиглалтын цэг сонгохдоо тухайн хороо, дүүргийн холбогдох ажилтнуудаас асуусан.

Тухайн хороо, дүүргийн ажилтнууд хаана хогийн зориулалтын бус цэг үүсээд байгааг мэддэг ч төдийлөн арга хэмжээ авдаггүй. Иргэд ч тухайн газарт хог хаяж болохгүйг ухамсарладаггүй. Ийм цэг Гандан орчимд цөөнгүй. Долоон буудалд ч бас бий. Хогийн зориулалтын бус цэгүүдийг илрүүлж, цэвэрлүүлэх, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах нь бидний төслийн гол зорилго.

-Хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх вэ. Үр дүнд нь хөрсний бохирдлыг хэдэн хувиар бууруулах юм бол?

-Төслийн удирдагч маань холбогдох албаныханд хандсан. Одоогоор хариу ирүүлээгүй байна. Мэдээж хөрсний бохирдлыг бууруулах боломжтой. Гэхдээ одоогоор яг төдөн хувиар бууруулна гэж хэлэхэд төвөгтэй. Хэрэгжүүлэх явцад судалж тогтооно.

-Гудамжинд суурилуулсан хяналтын камерын тусламжтайгаар үүнийг хэрэгжүүлэх үү. Эсвэл шинэ төхөөрөмжүүд суурилуулах шаардлагатай юу?

-Тухайн хүн хаанаас гарч ирж хог хаясныг илрүүлэх, царайг нь таньж торгууль ногдуулахад гудамжны камерууд хангалтгүй юм билээ. Хөдөлгөөнт камераар илрүүлэх сүлжээ хэрэгтэй. Ингэхээр иргэд хүний эрхэд халдах нь гэж ойлгож магадгүй. Мэдээж шууд тухайн хүний царай, нэрийг зарлаад, дүрс бичлэгийг олон нийтэд цацахгүй л дээ. Хариуцлага тооцож, торгууль ногдуулахад ашиглана. Удаа дараа зохисгүй үйлдэл гаргавал нийтэд мэдээлэх ёстой гэж үзэж байгаа.

М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)