Т.СЭР-ОД: Сүүлийн жилүүдэд хятадуудтай хамтарч ажиллалаа

Ээжийн тухай шинэ дуу төрүүлж, фэнүүддээ хүргээд удаагүй байгаа хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одтой товч ярилцлаа.

-Шинэ дууныхаа талаар мэдээлэл өгнө үү?

-Дуу бол хоёр жилийн өмнө бэлэн болсон байсан юм. Хөл хориотой үед хүмүүсийн сэтгэл санааг өргөе гэж бодоод, эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн клиптэй болголоо. Шүлгийг нь яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичсэн. Дуучин, Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс дуулж олонд хүргэлээ. Сонссон хүмүүс сэтгэгдлээ хэлж эхэлсэн. Таалагдаж байна гэхээр нь баярлаж л сууна.

-Та Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгадаа ажиллаж байгаа юу?

-Үгүй ээ. Нэг хэсэг өвдөөд, цэргийн ажлаа хүлээлгэж өгсөн. Одоогоор өөрийн байгуулсан “DoReSound production”-аа удирдаж байна. СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн тэргүүлэх профессорын багийн гишүүн. Хааяа сургууль дээр дуудагдана.

-Голдуу уран бүтээл хийж буй байх нь ээ?

-Тийм ээ. Сүүлийн гурван жил төрөл бүрийн төслийн ажилтай байв. Хятадын аялал жуучлалын байгууллагуудын захиалгаар хөгжим зохиож өгдөг ажил нэлээд хийлээ.

-Тэд танаар бичүүлсэн хөгжмөө юунд ашигладаг бол?

-Аялал жуулчлалын контентдоо. Гадаадаас Хятад улс руугаа жуулчин татах зорилготой янз бүрийн дүрс болон дуу бичлэгийн ажлууд мундахгүй юм билээ.

-Манайхан контент гэж юу байдгийг ойлгож ядаж суух. Гэтэл урд хөршийнхөн аль сайн мэргэжилтнүүдийн маань чадварыг дайчилсаар л.

-Захиалахаар нь хийхгүй гэлтэй биш. Үнэлгээ нь ч гайгүй.

-Та олон дуутай. “Ижий минь” дуу хэд дэх нь вэ?

-Яг төд дэх нь гэж хэлж барахгүй нь. Нийт 700 орчим дуутай болсон.

-Их олон дууны хөгжим зохиожээ. Эрхэм гишүүн шавьтайгаа хамтарч уран бүтээл хийхгүй байна уу. “Нутгийн салхи” гээд л гоё дуунууд бий шүү дээ.

-Шавийн зав болохгүй юм аа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)