Т.НЯМ-ОЧИР: II улирал эхлэхэд хүүхдүүдийг сурах бичгээр бүрэн хангана

Хичээлийн жилийн нэгдүгээр улирал дуусах гэж байхад дунд, ахлах ангийнхны 60 хувь нь сурах бичигтэйгээ алаг цоог золгож байна. Түүнчлэн “Монгол тэмүүлэл”, нийслэлийн 133 дугаар сургуулийг нэгтгэснээр хүүхдүүд 3-4 ээлжээр хичээллэж буй зэрэг асуудал эцэг, эхчүүдийг бухимдуулах болсон. Цаг үеийн эдгээр асуудлаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцсанаа хүргэе.

-Нэг байранд хичээллэдэг нийслэлийн 133, “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд хоёр ч удаа жагсаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн. Уг маргааныг эцэслэх дорвитой шийдэлд хүрсэн гэв үү?

-2017 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн XXVI хороонд ашиглалтад оруулсан, нэг ээлждээ 600 орчим хүүхэд хичээллэх хүчин чадалтай барилгыг БСШУСЯ-ны шийдвэрээр “Монгол тэмүүлэл” сургуульд өгсөн. Тус сургууль олон улсын сургалттай, төгсөгчдөд гадаадад тэтгэлгээр сургах боломж нээдгээрээ давуу талтай. Олон хүн үүнийг хувийн сургуультай андуурдаг. Болсон үйл явдлыг товч тодруулбал, XXVI хороо нь сургуулийн насны 5000 гаруй хүүхэдтэй хэрнээ нэг ч сургууль, цэцэрлэггүй. Тиймээс “Монгол тэмүүлэл”-ээс гадна 133 дугаар сургуулийг тус хорооны нутаг, “Олимп” хотхоны арын талбайд барих шийдвэрийг нийслэлээс 2017 онд гаргасан юм. 

...Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн I байр луу “Монгол тэмүүлэл” сургуулийнхныг нүүлгэх шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргалаа. Сургуулийн нэг, хоёрдугаар давхрыг засаж, сантехникийн шугам хоолойнуудыг шинэчлэх зэрэг урсгал зардлыг мөн нийслэлээс гаргах болсон...

Гэвч газар эзэмшигчдийн маргаан өдий хүртэл тасраагүйн дээр тухайн газарт барилга барих боломжгүй болгосон. Үүнээс шалтгаалж 133 дугаар сургуулийн хүүхдүүдийг “Монгол тэмүүлэл”-ийнхэнтэй хичээллүүлэхээс аргагүйд хүрсэн. Гэтэл жил ирэх тусам сурагчийн тоо нэмэгдсээр, 133 сургууль гэхэд өдгөө 1599 хүүхэдтэй болжээ. Өөрийн гэсэн байргүй хэрнээ олон хүүхэд элсүүлсэн нь асуудлыг улам хүндрүүлсэн. 2018, 2019 онд сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг улсын төсөвт хангалттай суулгасан ч газрыг нь нийслэлээс шийдэж өгөөгүй. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга, нэр бүхий гишүүд, холбогдох албаныхан 133 дугаар сургуулийн газар дээр очиж, асуудлыг яаралтай шийдэхийг хотын удирдлагаас удаа дараа хүсэж байлаа. Үүний ачаар өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр сургуулийн газрыг шийдэж, гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулсан. Одоогоор 960 хүүхэд хичээллэх хүчин чадалтай сургуулийн барилгын суурийг цутгаад байна.

-Барилгыг ашиглалтад оруулах хүртэл сургуулиудыг тусгаарлаж, хоёр ээлжид шилжүүлнэ биз дээ.

-Хоёр сургуулийн хүүхдүүдийн суралцах орчин, нөхцөлийг сайжруулах шаардлагатай. Үүний хүрээнд бид эртнээс арга хэмжээ авсан ч тохиролцож чадаагүй юм. ХСҮТ-ийн ойролцоох үйлчилгээний зориулалтай барилгын I, II давхрыг сургалтын зориулалтаар тохижуулаад, 133 дугаар сургуулийг түр хугацаанд шилжүүлэх гэтэл сурагчдын эцэг, эхчүүд зөвшөөрөөгүй. БСШУС-ын сайд ажлын хэсэг дахин томилж, “Монгол тэмүүлэл” сургуулийг өөр тийш нүүлгэх гэтэл бас л одоогийн байрнаасаа явах хүсэлгүйгээ илэрхийлсэн. Ингээд Хотын даргад хүсэлт тавьж, сургуулийн зориулалтаар түрээслэх боломжтой байр, байшин судалж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг ч хүссэн. Хотын дарга уг асуудлыг шийдэж, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн I байр луу “Монгол тэмүүлэл” сургуулийнхныг нүүлгэх шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргалаа. Сургуулийн нэг, хоёрдугаар давхрыг засаж, сантехникийн шугам хоолойнуудыг шинэчлэх зэрэг урсгал зардлыг мөн нийслэлээс гаргах болсон.

-2019-2020 оны хичээлийн жилд сурах бичиг түрээслэх дунд, ахлах ангийн 181 мянга орчим хүүхэд бий гэсэн. Ном хэвлэх үйл явц хэдэн хувьтай байна вэ?

-Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн 60 хувийг номоор хангана гэвэл 100-гаад нэр, төрлийн 2.7 сая ширхэг сурах бичиг шаардлагатай. Өнгөрсөн хичээлийн жил хүртэл зах зээлд сурах бичгийн зохиомол хомсдол үүсдэг байлаа. Уг нь 2009 оноос хойш сурах бичгийн үнийг нэг ч төгрөгөөр нэмээгүй. Гэтэл энэ чиглэлийн бизнес эрхлэгчид дундаас нь ном их хэмжээгээр нөөцөлж, эрэлт нэмэгдэнгүүт үнийг нь өсгөдөг бүлэг бий болсон. Түүнчлэн алслагдсан сумд руу сурах бичиг нийлүүлэх нэгдсэн сүлжээ байхгүйгээс эцэг, эхчүүд заавал аймгийн төв орж, ном авдаг байлаа. Энэ мэт шалтгаанаар улсын хэмжээнд сурах бичгийн хүртээмж хангалтгүй явж ирсэн. Уг тогтолцоог өөрчлөхийн тулд бүх сурагчийн тоогоор ном хэвлэж, түрээслэх. Хүүхдүүд сургуулийн номын сангаасаа сурах бичгээ авдаг болсноор хүртээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй дамын наймаачдын сүлжээг үгүй хийх давуу талтай.

Дээрх тооны сурах бичгийг хэвлэж, хүүхдүүдэд тараахад шаардлагатай найман тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр шийдсэн. Тус банкныхан уг нь хугацаа хожихын тулд бүх сурах бичгийг нэг компаниар хэвлүүлэх тендер зарлах шаардлага тавьсан. Гэвч манайд энэ шаардлагыг хангах үйлдвэртэй компани байхгүй. Тиймээс тендерийг багцлахаас өөр аргагүйд хүрснээ АХБ-ныханд уламжилснаар өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр сонгон шалгаруулалт зарлах зөвшөөрөл өгсөн. Ингээд өнгөрсөн наймдугаар сард гурван багц тендер зарлаж, сонгон шалгаруулалтын дүнгээ АХБ руу илгээсний дараа сурах бичиг хэвлэх эхний зөвшөөрлийг есдүгээр сарын 18-нд ирүүлсэн. Үүний дагуу VI, VII ангид түрээслэх сурах бичгүүдийг долоон компани хэвлэж, тараагаад байна. X-XII ангийн номыг хэвлэх дөрвөн компанитай энэ сарын 2-нд гэрээ байгуулсан. Тэд сурах бичгүүдийг хэвлэж дууссан гэсэн мэдээ ирүүллээ. Харин VIII, IX ангийн сурах бичгийг хэвлэн, нийлүүлэх гүйцэтгэгч нартай 11-нд гэрээ хийсэн. Ингээд II улирал эхлэхэд хүүхдүүдийг сурах бичгээр бүрэн хангана. Бид анх удаа зориглоод бүх сурах бичгээ хэвлэчихлээ. Үүнийг эцэг, эхчүүд ойлгож, хүлээцтэй хандаасай. Өмнө нь нэг ангийн багц ном худалдаж авахад 70-100 мянган төгрөг зарцуулдаг байсан бол энэ жилээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ 3-4 дахин хямд үнээр сурах бичиг түрээслэх боломж бүрдсэн.

-Гурван ээлжийг халах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн үү?

-Шинэ барилга, өргөтгөл нэмж бариад ч энэ хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх 18 сургуулийн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан. Тиймээс бид сургалтын зориулалтай, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан байр, байшингуудыг судалж, түрээслэх боломжтойг нь нягталсан. Үүнд шаардлагатай санхүүжилтийг 2020 оны төсөвт тусгана гэдгээ Сангийн яамныхан бидэнд мэдэгдсэнээр дээрх сургуулиудаас 15-ыг нь хоёр ээлжид шилжүүллээ. Ингэхдээ дотоод нөөц бололцоогоо ашиглан засахыг нь засаж, түрээслэхийг нь түрээсэлсэн. Одоогоор 133-аас гадна хоёр сургуулийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс гурван ээлжээр хичээллэж байна. Гэхдээ оны өмнө дээрх хоёр сургуулийн барилгыг ашиглалтад оруулчихвал 2020 он гэхэд бүх сургууль хоёр ээлжид шилжинэ.

-Эрх баригчдыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд гурван ээлжтэй сургуулиудыг хүчээр хоёр ээлжид шилжүүлэн, дунд нь хүүхдүүдийг хохироож, хол зам, гуу, жалгаар бэдрүүлж байна хэмээн эцэг, эхчүүд шүүмжилсэн. Өөр сургуулийн байр түрээслэхэд хэчнээн төгрөг зарцуулах вэ?

-Өнгөрсөн жилүүдэд гурван ээлжтэй сургуулийн хүүхдүүд 20.00-21.00 цагт гэртээ харьдаг. Согтуу хөлчүү хүн айлгаж ичээхээс эхлээд чөлөөт цаг бараг гарахгүй, сургалтын чанарт нь хүртэл муугаар нөлөөлдөг байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна сургалтын үйл ажиллагааг 08.00-17.00 цагт дуусгах нь хамгийн зөв шийдэл. Нэг ангид өдөрт 100-200 хүүхэд хичээллэхээр танхимын доторх эрүүл ахуй ямар байх нь ойлгомжтой.

Энэ хичээлийн жилд их, дээд сургуульд 14 мянган хүүхэд элсжээ. Урьд нь жилд дунджаар энэ үзүүлэлт 30 мянгад хүрдэг байж. Тэгэхээр их, дээд сургуулиудын эзэнгүй өрөө, тасалгааг ашиглах нь хэн хэндээ хэрэгтэй. Дээрх 15 сургуулийн ихэнх нь их, дээд сургуулийн өрөө, танхим түрээслэн, хичээллэж байгаа. Сургууль бүр харилцан адилгүй түрээс төлнө. Зарим нь дөрөв, зургаа, арван сарын турш түрээсээр явна. Үүнд шаардлагатай хоёр тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт тусгах тул их, дээд сургуулиуд түрээсийн зардлаа ирэх нэгдүгээр сараас авна гэсэн үг. Одоо бол нэг ч байранд түрээс төлөөгүй.

-Энэ онд багтаад хэчнээн сургуулийн барилгыг ашиглалтад оруулах бол?

-Манай Үйлдвэрлэлийн хэлтсийнхний ирүүлсэн мэдээгээр, энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 22 сургууль нээлтээ хийжээ. Үүний 15 нь нийслэлд байна. Он дуусахаас өмнө 15 сургууль ашиглалтад оруулахаас зургаа нь хотод, үлдсэн нь орон нутагт. Ирэх онд ч сургууль, цэцэрлэгийн олон барилга ашиглалтад оруулна. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах шаардлагатай. Хотод сургууль нэмж бариад л байдаг. Энэ хэрээр хүн амын төвлөрөл, авто замын ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. Эсрэгээрээ орон нутгийн сургуулиуд хоосроод байна. Үүнийг бодлогын түвшинд авч үзэх болсон. Орон нутагт сургалтын чанарын ялгаатай байдлаас болж зарим сургууль хэт ачаалалтай болж.

Ирэх хавар ерөнхий боловсролын сургуулийг 25 мянган хүүхэд төгсөнө. Нэгдүгээр ангид 80 мянган сурагч элсэнэ. 2021 онд 37 мянган хүүхэд төгсөхөд 83 000, түүний дараа жил 45 мянган хүүхэд төгсөхөд, нэгдүгээр ангид 90 мянган сурагч элсэх урьдчилсан дүн гарсан. Өөрөөр хэлбэл, 2025 он гэхэд ерөнхий боловсролын сурагчдын тоо 890 мянгад хүрэх нь. Одоогийнхоос 250 мянгаар нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр төвлөрлийг сааруулах, орон нутгийн сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа нь энэ. Ингэхдээ дотуур байрнуудыг засаж, сайжруулан, амьдрахад тав тухтай болгох, зарим газар нэмж байгуулах, төвлөрсөн усан хангамжид холбох замаар ариун цэврийн байгууламжуудын асуудлыг шийдэхгүй бол горьгүй.

-Дотуур байрны хүрэлцээ хэр байна вэ?

-Улсын хэмжээнд 511 дотуур байр бий. Тэдгээрийн 70 гаруй хувь нь ус хангамжид холбогдоогүй, ариун цэврийн байгууламжгүй. Сүүлийн 10 жилд дотуур байрны хүүхдийн тоо өссөнгүй. Жилд дунджаар 34-35 мянган хүүхэд амьдарч байна. 100-150 хүүхдийн хүчин чадалтай 80 орчим дотуур байр 50-иас доош сурагчтай байх жишээтэй. Энэ нь дотуур байр тав тухгүй, тэр дундаа бага насны хүүхдэд ээлгүйг харуулж буй хэрэг. Шөнө орой гадаа бие засна гэдэг хүүхдүүдэд хүндрэлтэй. Түүнээс болж эцэг, эхчүүд хүүхдүүдээ түрээсийн байр, эсвэл ах, дүү, хамаатныдаа амьдруулах нь элбэг. Зарим аймагт дотуур байрны хүрэлцээ муу байгаа. Энэ онд 10 гаруй байр ашиглалтад оруулна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)