Т.МӨНХБАТ: Тэмээ өсгөх нь тэвчээртэй хүний хийх ажил

Эхнэр Саруулын хамт

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн малчин, “Алтан ботгоны эзэн” Төгсийн Мөнхбаттай ярилцлаа. Тэрбээр тэмээ хэмээх тоо толгой нь төдийлөн өсөхгүй байгаа малыг өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэж яваа малчин юм. “Алтан ботгоны эзэн”-ээс гадна мянгат, аймгийн сайн малчин гэсэн цол түүнийг “чимдэг”.

-“Алтан ботгоны эзэн” шагналыг ямар шалгуур, болзол хангасан малчинд олгодог юм бол?

-Өмнө нь аймаг орон нутгаас “Мөнгөн ботгоны эзэн” шагнал өгч байсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радиогоос хамтран шалгаруулдаг “Алтан ботгоны эзэн” шагналыг надад 2017 онд хүртээсэн. Тухайн жилийнхээ төлийг бүрэн бойжуулсан, тэмээгээ төлөөр нь өсгөсөн гэсэн үзүүлэлтийг гол шалгуур болгодог юм билээ. Уг нь манайх 200 гаруй тэмээтэй. Цогтцэций сумдаа хамгийн олон тэмээтэй гэгддэг айл. Манайх тэмээ цөөнтэй сум. Шагнал хүртээсэн жил 30 ботготой л байсан.

-Тэмээг хэзээнээс өсгөж эхэлсэн бэ?

-Цэрэгт явж ирснийхээ дараа, 1992 онд гэр бүлтэй болоод тэмээг түлхүү өсгөж эхэлсэн. Тухайн үед мал хувьчлал болсон юм. Аав, ээж хоёр минь мал хувьчлалаар арваад тэмээ авсан. Тэгээд намайг айл болж өрх тусгаарлахад есөн тэмээ өгч байлаа. Тухайн цагт есөн тэмээ том хөрөнгө байв. Аав, ээжийнхээ тасалж өгсөн хэдийг өсгөсөөр 200 орчимд хүргээд байгаа нь энэ. Ингэ хоёр жилд нэг удаа ботголдог учраас тэмээ удаан өсдөг мал. Ингэ нэг жил хээл хаялаа, сувайрлаа гэхэд гурван жилийн дараа дахиж ботголно. Ингээд бодохоор удаан өсөхөөр мал байгаа биз. Тэмээгээ үрж зарахгүйгээр өсгөсөн гэвэл худлаа ярьсан болно. Зарж борлуулж, амьжиргаандаа хэрэглэсэн тохиолдол бий. Ингэнүүдээ ээлжээр төллүүлдэг юм. Энэ жил тал нь төллөж байхад нөгөө хэсэг нь хойтон ботголох жишээтэй. Тэгэхээр жил бүр л ботго бойжуулна гэсэн үг.

-Тэмээний тоо толгой нэг хэсэг цөөрсөн. Сүүлийн жилүүдэд малчид тэмээгээ өсгөж байх шиг байна.

-Нэг хэсэг тэмээ ховордох талдаа болж байлаа. Сүүлийн үед малчид тэмээгээ өсгөж байна. Энэ нь тэмээний ашиг шим нэмэгдсэнтэй холбоотой гэж боддог. Тэмээний сүү цагаан идээг удаан хугацаанд хэрэглэх боломжтой. Ингийг бүтэн жил саадаг юм. Манай гэрт тэмээ л хамгийн өндөр ашиг шим өгч байна. Тэмээгээ сааж хоормог хийгээд борлуулчихна, ноос үсийг нь зах зээлийн ханшаар зарчихна. Нэг тэмээнээс 4-5 кг ноос авдаг. Тэмээнийхээ ноосыг өнгөрсөн жил кг-ыг нь 4000 төгрөгөөр борлуулсан. Харин 2018 онд кг нь 18 000 төгрөгт хүрч, баярлуулсан шүү.

-Өсгөе гэсэн хүн л тэмээг өсгөөд байх шиг. Та яагаад тэмээ өсгөхөөр шийдсэн бэ?

-Тэмээ сайхан мал. Гэхдээ би бүх малд хайртай. Тэмээг өсгөе гэсэн хүн л өсгөөд байна гэдэг үнэн байх шүү. Тэвчээртэй хүний л хийх ажил гэж боддог.

-Таныг малаа таван төрлөөр жигд өсгөж байгаа малчин гэж сонссон. Орчин цагт сүргийн бүтцийг хадгалж малаа өсгөж буй малчин ховордсон. Аль ашиг шим өндөртэйг нь давамгайлахгүй, таван хошуу малаа жигд өгсөх нь таны сонирхол уу?

-Тийм ээ. Таван хошуу малаа жигд өсгөх сонирхолтой болоод ингэж явна. Үхэр цөөнтэй. Говийн хахирт үхэрт идэх өвс олдохгүй байх тохиолдол бишгүй. Тэжээх шаардлага ч гарна. Хэдийгээр маллахад амаргүй ч хэдэн үхрээ байж л байг гэж боддог. Уяж хурдлуулаад байхгүй ч адуугаа цус сэлбэж өсгөөд 100 гаруйд хүргэсэн. 500 орчим хонь, 400 ямаатай айл даа.

-Бэлчээрийн даац муудаж байгаатай холбоотойгоор малын тооноос илүү чанарт анхаарахыг зөвлөх болсон. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Олон бага малтай байх ч бэлчээр, худаг усны хүрэлцээнээс авхуулаад хэцүү. Одоо хүмүүс мал үхүүлэхээ больчихсон цаг. Айл бүр л мянган малтай болчихоод байна. Мөнгө л байх юм бол өвс тэжээлийг нь худалдаж авч тэжээгээд онд оруулдаг болжээ. Өвөл, зунгүй тэжээсэн ч болж байна. Малаа өсгөх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх нь тухайн малчны ажиллагаанаас л шалтгаална. Ажилсаг хүний мал өсдөг л дөө. Хараад суугаад байвал мал өсөхгүй, хөдөлмөрлөж байж л өсгөдөг. Малын тооноос илүү чанарт анхаарах хэрэгтэй гэдэгтэй санал нийлнэ. Бэлчээрийн даац хүндрэлтэй болсон. Говьд ус муутай байна. Манай говьд санасан газартаа ухахад ус гарахгүй. Уснаас болж малчид хоорондоо мууцалдаж байна гэж сонсогддог. Говьд мал өссөнөөр усны хүрэлцээ хамгийн том бэрхшээл болж байгаа. Отор нүүдэл хийе гэхэд бэлчээр олдохгүй хүндрэлтэй болсон. Өнгөрсөн хавар манай говийнхон чадах чинээгээрээ отор нүүдэл хийж байж, хахир цагийг давах шиг боллоо.

-Ажилсаг хүний мал өсдөг гэлээ. Та хэдэн цагт малаа бэлчээж байна вэ?

-Хөдөөнийхөн эрт босно. Зуны цагт нар мандахтай зэрэгцээд босоод малаа бэлчээнэ. Ногоо эрт цухуйсан газар луу малаа бэлчээдэг. Говийн малчны ажил нартай хамт эхэлж, жаргахад нь дуусдаг. Өвлийн цаг бол харанхуйд босчихоод малаа бэлчээгээд, хариулаад байна гэж юу байх вэ.

-Мянган малын ашиг шим амьдрал ахуйд элбэг хүрэлцээд илүү гарна биз дээ.

-Малын түүхий эдийн үнэ ханш тухай үед хэдэн төгрөг байхаас хамаарна. Ноолуурын ханш өнгөрсөн жилийнх шиг өндөр байвал хэдэн ямаа самнахад л хэрэгцээгээ бүрэн хангахаар байлаа. Энэ жилийнх шиг байвал ч ярвигтай. Ойр зуурын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг. Гэтэл малын түүхий эдийн үнэ хямдраад байна. Салбарын сайд ноолуурын ханшийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэж хэлэхэд малчин бид “Овоо хэдэн төгрөгийн орлого олох нь” хэмээн баярлаж байв. Гэтэл ноолуураа сайдын хэлсэн шиг өндөр үнээр борлуулж чадсангүй. Манай сумын зарим малчин кг ноолуураа 40 мянган төгрөгөөр л борлууллаа. Малаас өндөр ашиг шим хүртэх, эсэх нь малчин хүнээс л хамаардаг. 300 ямаа ишиглүүлчихээд сааль сүүг нь авахгүй хар цай уугаад сууж байвал малчин хүний залхуугийнх. Ноос, ноолуур, махнаас нь гадна малынхаа сааль сүүг авч, ашиг шимийг нь бүрэн хүртэх хэрэгтэй.

-Олон малтай айл туслах малчин ажиллуулдаг, түүнийгээ малжуулдаг жишиг тогтчихоод байгаа. Танайх туслах малчинтай юу?

-Манайх таван хүүхэдтэй. Хоёр нь тусдаа гарсан. Энэ жил цар тахал гараад сургууль эрт амарчихлаа. Улаанбаатарт сурдаг оюутан хоёр, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг нэг хүүхэд маань ирж малаа төллүүллээ. Энэ жил ч хүн бүлээр дутсангүй. Ер нь айл бүр л хүн бүл сайтай хаваржих шиг боллоо. Түүнээс биш, хүүхдүүд ирээгүй бол эхнэр бид хоёрт олон мал төллүүлэх нь ахадсан ажил. Хүүхдүүд ирээгүй бол туслах малчин авах байсан.

-Малаа мотоцикл унаж маллаад байна уу. Мотоцикл ажил хөнгөвчлөх юм уу?

-Уг нь мориор нэг өдөрт амжуулдаг ажлаа мотоциклоор л хийж байгаа юм. Түүнээс биш, мотоциклоор мал маллалаа гээд илүү бүтээмж гаргаад байгаа зүйлгүй. Малчид морь, тэмээгээр малаа хариулахаа нэг хэсэг огт больчихсон байсан. Харин сүүлийн үед мориор малаа хариулдаг болоод байна. Айлын гадна тохоштой тэмээ харагддаг болоод байгаа. Би ч мотоциклоор л ажлаа амжуулдаг. Харин хүүхдүүд морь унаж малаа хариулдаг юм. Малчид нэг хэсэг туйлширсан ч буцаад монгол ахуй руугаа эргэж байна.

-Замд машинаар хонь хариулж байгаа малчин хэд хэд таарсан. Мотоциклоо болиод машинаар мал хариулдаг болжээ гэж бодож явлаа.

-Тийм тохиолдол бий. Нэг төрлийн, бог мал малладаг хүмүүс машин техникээр хариулаад байгаа тал анзаарагддаг. Зарим малчин ашиг шимийг нь бодоод голдуу ямаа өсгөх болжээ. Уг нь хонь ч ашиг шимтэй мал. Даанч түүхий эд нь үнэгүй болсон. Хонины нэхий үнэгүй болчихоод байна. Сайхан нэхийг хог дээр хаях юм байна шүү дээ. Авдаг өгдөг, ашигладаг болоосой л гэж бодох юм. Цаг эргэх байлгүй.

-Танайх Тавантолгойн нүүрс тээврийн зам дагуу нутагладаг юм байна. Уул уурхайн нөлөөлөлд хамгийн их өртөж байгаа малчин гэж бодож байна. Уул уурхай таны амьдрал эергээр нөлөөлж байна уу, эсвэл сөргөөр үү?

-Уул уурхай улс орны эдийн засагт сайнаар нөлөөлөх нь ойлгомжтой. Малчин бидний хувьд зам харгуй ихтэй болсон нь сөргөөр нөлөөлж байна. Манайхаас холгүйхэн төмөр зам тавьж байгаа. Төмөр зам тавьчихаар малын бэлчээр хумигдах шинжтэй. Даланг өндөрлөөд л байна. Малын гарц хийж байгаа, эсэхийг тодорхой мэдэх юм алга. Гарцтай байсан ч малын бэлчээрт нөлөөлөх нь дамжиггүй. “Энержи ресурс” компанийнхан олон жилийн өмнө анх төмөр зам тавихдаа малчин айл бүрийн харалдаа гарц гаргана гэж ярьж байсан. Гэтэл энэ жил ямар нэг мэдээлэл өгөхгүйгээр зам тавиад эхэллээ. Худаг гэр хоёрынх нь дундуур төмөр зам гараад явчихсан тохиолдол ч бий. Төмөр зам тавьснаар малчин, уурхай хоёрын зөрчил нэмэгдэх нь. Баг, сумынхаа дарга нарт малын гарц гаргах хэрэгтэй гэсэн саналаа хэлсэн. Малчдын санал бодлыг сонсохгүй, уурхайнхан л өөрийн дураар замаа тавьж байна уу даа гэж бодож сууна. Нүүрсний авто зам дээр манай адуу дайруулж үхсэн тохиолдол хэд хэд гарсан. Мал дайраад алчихлаа гэж хэлэхээр “Та малаа зам руу явуулсан. Таны буруу” гэдэг. Би шөнө малаа хариулах аргагүй шүү дээ. Замын хамгаалалтын шуудууг нь 2-3 метрийн зайтай хол ухаасай гэж хэлмээр байна. Мал замаар гарч яваад хамгаалалтын гүнзгий шуудуунд нь тулахаар буцаж эргээд л дайруулчихаад байгаа юм. Уурхайнхан малчдын эрх ашгийг бодохдоо муу.

-Уурхайнууд мах, сүү, хоормог худалдаж авах зэрэгцээгээр амьжиргаагаа дээшлүүлэхэд тань нөлөөлнө биз дээ.

-Тийм эерэг нөлөөлөл байлгүй яах вэ. Уурхайнуудын ажил хэвийн байвал мах, сүү борлогдох нь сайн байдаг.