Т.Мягмар: “Би мэргэжлийн бус, чадахгүй” гэж хэлэх ухамсартай хүн ховор болж

Наадмын өмнөхөн Гавьяат барилгачин болсон “Бэлийн цахир” ХХК-ийн захирал, “Шинэчлэл инвест” ХХК-ийн зөвлөх, Монголын барилгачдын холбооны хяналтын зөвлөлийн дарга Т.Мягмарыг ярилцлагад урьсан юм. Ховд аймгийн Цэцэг сумд, ард Аюуш дугуйлангаа байгуулж, монголчуудыг үндэсний эрх чөлөөний төлөөх хөдөлгөөнд уриалж байсан тэр л Цэцэг нуурын хөвөөнд 1942 онд малчин ард Л.Тугалын хүү болж төрсөн тэрбээр Мөст сумд дөрөвдүгээр анги төгсөөд ээждээ туслахаар малчин болсноор залуучуудын эгнээнд нэгдэж, туслах ажлын бригадын гишүүн болжээ. Түүний аав нь залуугаараа 1953 онд өөд болсон юм билээ. Үеийн нөхөдтэйгөө хадлан хадах, хашаа барих, мал хариулах гэх зэргийн ажил хийж байхад нь 1958 онд эгч нь дүү нарынхаа дараа улсын нийслэлд ирсэн юм билээ.

Улаанбаатарын хүн болсон Т.Мягмар ажлын гараагаа Нийгэм, ахуйн барилга трест хэмээх олон зуун ажилчинтай байгууллагаас эхлүүлж, траншейны нүх жоотуудаж ухахад ч дайчлагдаж явж. Цэргийн алба хаасны дараахан ЗХУ-ын Архангелькс хотод ТМС-д суралцаж байхдаа усан онгоцонд мод ачигч хийж гарын мөнгө базааж явсан сүйхээтэй залуу Монголдоо буцаж ирээд 1966 онд Баянхонгор аймгийн барилга трестэд ажилд орсноор барилгын салбарын “байлдагч” болжээ. Хожим МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, Барилга засварын нэгдсэн трестэд томилогдсоноор эдийн засагч, төлөвлөгөө, хөдөлмөр, цалин хөлсний хэлтсийн дарга, байгууллагын орлогч дарга, даргаар ажиллаж иржээ.

Эдийн засагч Т.Мягмарын ээжийг Ц.Дарьсүрэн гэдэг. Хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлсээр 1994 онд бурхны оронд оджээ. Ахынх нь нэр Т.Бямба, эгчийг нь Т.Дуламжав гэдэг. Дүү Т.Жанлав нь математикийн шинжлэх ухааны доктор. Түүний доод талын дүү нь бол ахмад сэтгүүлч, өдгөө “ТВ-9”-ийн захирал Т.Баасансүрэн. Дараагийнх нь Ховд аймагт олон жил багшилж байгаад хотод ирсэн физикийн багш Т.Борхүү. Отгон дүү нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажилладаг. “Дүү нараа ажил, амьдралын замд хөтөлж оруулсан эгч маань бидний ажил, үйлсэд сэтгэл хангалуун амьдарч байгаад 2012 онд бурхан болсон доо” хэмээн ярих Гавьяаттай үргэлжлүүлэн ийнхүү хөөрөлдсөн юм.

-“Шинэчлэл инвест” ХХК-ийн зөвлөх таныг Гавьяат барилгачин цол хүртээхээр тодорхойлохдоо чухал ямар үзүүлэлтэд голчлон ач холбогдол өгсөн бол?

-Жирийн нэгэн нарядчик буюу тоо бүртгэгчээс эдийн засагч мэргэжилтэй болоод ажил хөдөлмөрийн талбарт гарахдаа барилгын салбартай хувь заяагаа холбосондоо баяртай байдаг юм. Зах зээлийн шуурганд тэсэж үлдсэн нь барилгын салбар. 1990 онд Монголын барилгачид их хурал хийж, нэгдэн нийлж ажиллахаар болж, дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг шиг ажиллаж, бүтээж ирлээ. Би их хурлын индэрт гарч үг хэлж, барилгачдаа салбараа орхилгүй ажиллахыг уриалж ч байлаа. 

Барилгын том, жижиг байгууллагын даргаасаа авхуулаад, ажилчин нь хүртэл наймаанд яваад байхаар нь 40-өөд мянган ажилчинтай салбарынхан бүгд ингээд явчихвал хэн барилга барих юм, амьдралд хамгийн хэрэгтэй зүйл бол барилга, байшин, орон сууц юм шүү дээ гэж хэлж байсан юм. Асуултад нь хариулахын өмнө түүх ярья гэж бодлоо. Барилгын салбар нэг хэсэг унасан, одоо бол хөгжиж байна. Унаж, босохын алинд ч манай салбарынхан тав, таван жилээр ажлаа дүгнэж явсан. Би барилга засварын чиглэлд ажиллаж ирлээ. Энэ ажлыг хүмүүс тэр болгон ойлгодоггүй юм. Муу, муухай гэж боддог ч байж магадгүй. Гэтэл барилга бариад л орхичихож болохгүй. 

Тодорхой хугацаанд засаж янзалж явдаг юм. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг хотын Барилга засварын нэгдсэн трест гэдэг газарт эдийн засагч, хэлтсийн дарга, орлогч дарга, даргын ажил эрхэлсэн. 1993 онд энэ байгууллагыг тус бүртээ үүрэг бүхий 21 байгууллага болгон тамга, тэмдэгтэй болгож бие даалгахад би байгууллагынхаа суурин дээр буюу гал голомтоо сахиж үлдсэн байгууллагын мэдэлд ажиллахаар болсон юм. Шинээр үүсгэсэн байгууллагадаа нэр өгөх болоход миний санал болгосон “Шинэчлэл” гэдэг нэрийг бүгд дэмжсэн. Араас нь үйл ажиллагааныхаа утга, агуулгыг тодорхойлсон инвест гэдэг үг нэмсэн түүхтэй. Гавьяат цол олгуулахыг хүссэн тодорхойлолтод төсвийн нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлал, шагнал, урамшууллын норм, нормативыг шинэчилсэн гэдгийг товойлгосон байна билээ.

-Хаана ажиллаж байхдаа шинэчлэв?

-Барилга засварын трестэд ажиллаж байхдаа хийсэн ажил. Тэр үед ажилчдын цалин хөлс муу байсан юм. Намайг эдийн засагчаар ажиллаж эхлэх үед шагнал, урамшууллын зардал гэхэд л хоёр хувьтай байсан юм. Түүнийг эхлээд дөрөв болгоод, дараа нь дахин нэмсэн л дээ. Түр барилгын, өвлийн нэмэгдлийн, шагнал, урамшууллын, нэмэгдэл зардлын норм зэргийг шинэчлэн бий болгосон. Үүнээс өмнө ажилчид цалин хөлс муутай гээд урвагар байсан юм. Байгууллагын 20 жилийн ажлыг судалж байж, Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороо, Сангийн яам, Төлөвлөгөөний комисс, Барилгын яамны Эрдэм шинжилгээний институтэд санал оруулж шийдүүлсэн. 

“Манай трестийн ажлыг муу гээд байдаг. Муу байх нь аргагүй шүү дээ. Ажилчдын цалин муу байна. Ажил сайжруулахын тулд цалин сайн байх ёстой. Надад цалин нэмэгдүүлэх үндэслэл хэрэгтэй байна. Эдийн засагч 650, дунд мэргэжлийн нярав 400, бичээч 260-ын цалин авна гээд улаан харандаагаар биччихсэн байдаг. Гэтэл манайхны хувьд тодорхойгүй байна. Ажилчдын цалинг олгохын тулд төсөвт суулгасан хэдэн төгрөгийг бригадуудад хуваарилдаг байсан юм. Хуваарилах тэр мөнгө бага байсныг судалгаагаар нотлоод яамуудаар дэмжүүлээд, Барилгын эрдэм шинжилгээний институттэй хамтарч боловсруулан, Улсын төлөвлөгөөний комиссын тогтоол гаргуулж байлаа. Ингэж ажилчдын шагнал, урамшууллын нормыг шинэчилсэн юм. Тэгэхэд цалин хөлсний хэмжээ ихэссээр 1000 төгрөгт хүрсэн. Тэр үед яамны сайд 1500, орлогч сайд 1200, газрын дарга 1000 төгрөгийн цалин авдаг байлаа. Ажилчдын цалинг нэлээд ахиулсан байгаа биз дээ.

-Тийм байна.

-Үүний дараа 1980-аад оны сүүлчээр Барилгын яамны Хөдөлмөр, цалин хөлсний хэлтсийн дарга байсан Чойндонбал гуайтай хамт ажиллаж нормыг дахин шинэчилсэн юм. Барилга засварын трестийн маань ажил ч сайжраад ирсэн. Шинэчилсэн норм, нормативыг зөвхөн манайд биш, орон даяар ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бүхий л барилга засварын байгууллагад мөрдүүлэх тогтоол гаргасан юм билээ л дээ. 

Сүүлд Ховд, Сүхбаатар аймгаас огт танихгүй хоёр хүн утасдаж баяр хүргээд, баярлаж байгаагаа хэлж байлаа. “Таны буянаар ойлгомжтой нормтой боллоо, цалин ч сайн авдаг боллоо” гэж хэлсэн. Трестэд Хөдөлмөр, цалин хөлсний хэлтсийн дарга байхдаа ийм ажил хийсэн дээ. Ер нь ч энэ бол насаараа эдийн засагчийн ажил хийхдээ гаргасан гол амжилт гэж боддог. Их том буян хийсэн гэж санаж явдаг.

-Буян ч юу байх вэ, мэргэжлийн ур чадвар гаргаж ажилласан байна шүү дээ.

-Тийм ч юм даа. Ажилдын цалин сайн байхаар нүд нь ургаж байгаа ногоо шиг сэргээд л ирдэг юм. Засварын ажилд хүмүүсийн ам сайн биш. Угаас дээхнэ үеэс барилгын ажилд олон түмэн дуртай байгаагүй. Сахилга бат алдсан хүмүүст арга хэмжээ авахдаа барилга дээр ажиллуулдаг байлаа. 301-т орсон хүмүүс, шоронгийн хоригдлуудаар ч барилга бариулж байсан үе бий. Тийм тааруухан байр суурьтай газарт ажилладаг хүмүүс бас л нэр хүнд муутай. 

Зүгээр л “Чи сайн ажилла” гээд нэмэргүй. Оронд нь ажил ч хийлгэж, цалинг нь ч өгдөг болсноор хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, барилгын ажлын нэр хүнд сэргэж, тэнд ажилладаг хүмүүс ч урамтай байх болсон доо. Цалин хөлсийг сайжруулах арга хэмжээг социалист уралдаантай хавсруулаад ирэхээр бүр урагштай байсан.

-Та барилга засварын ажлын мастер хүн юм. Одоо та анзаардаг уу. Барилга царцсан л гэдэг. Сургууль, цэцэрлэгийн засах шаардлагатай барилгуудыг он дамнуулан навсайтал байлгаад байдаг. Үүнийг хараад юу гэж боддог вэ?

-Засваргүй барилга ноосоо хаяж дуусаагүй тэмээ шиг харагддаг. Бидний үед ажил хийлгэх механизм байлаа. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажил нэг л хоногоор хоцорсон байх юм бол тухайн байгууллагын дарга Хотын намын хорооны даргын үүдэнд гозойж байдаг байлаа. Арга хэмжээ авхуулна. Гэтэл одоо харж хандах эзэнгүй мэт л байх юм.

-Энэ байдал юутай холбоотой юм бол?

-Тендер зарлаж, ялсан байгууллагад ажил өгдөг систем доголддогоос болж байх шиг байна. Тендер шалгаруулах журмыг засаж байна гэдэг. Сайжруулах байх л даа. Одоо бол тендер шалгаруулалтын дүн гарсны дараа асуудал үүсдэг. Бие биетэйгээ аар саар шалтгаанаар барьцдаг. Хоёрдугаарт, тендерийн шалгаруулалтын үзүүлэлтүүдэд дутуу харж, хандсан нь байх юм. Өрсөлдөгч байгууллагуудын дарга нь инженер, техникийн ажилтан мөн юм уу, барилгын ажлын хэдэн жилийн туршлагатай юм бэ, ямар ямар ажил хийж байсныг сайтар шалгах хэрэгтэй байна. 

Үсчин хүн барилгын компанийн захирал байх юм. Овсгоотой байна, танил талтай ч байдаг биз. Тэр хүн орон тооны нэг инженер, нэг техникчтэй ажилладаг. Яг ажил хийх болохоороо хаа хамаагүй хүмүүсийг дайчилдаг. Өөрөө ажлаа мэдэхгүй. Ер нь мэдэхгүй хүн бусдаар ажил хийлгүүлдэггүй юм. “Би мэргэжлийн бус. Больё, Чаддаг мэддэг хүмүүсээр нь хийлгэ” гэдэг ухамсартай хүн ховор болж. Хэнд ч “Үгүй” гэж хэлэх үе байдаг даа. Энэ чанар ихэд үгүйлэгдэх болжээ. 

Энэ мэт дутуу, дунд байдлаас болж тендерт маш хариуцлагагүй компаниуд шалгарсан болж, ажил нураах нь хэвийн үзэгдэл болсон. Тендер нурлаа, дахиад л шалгаруулах болдог. Ингэсээр байгаад барилгын засварын ажлыг хугацаанд нь, хүйтэн сэрүүн болохоос өмнө хийж чаддаггүй гэж хардаг.

-Хоёр нийгмийн аль алинд барилгын салбарт ажиллажээ. Социалист нийгмийн сайн юмнуудыг энэ нийгэмд “чирч ирээд” хэрэгжүүлэх сэн гэж бодох үе байдаг уу?

-Байдаг. Энэ тухай яриад шүүмжлүүлж, гоочлуулдаг.

-Тухайлбал, түрүүчийн нийгэмд хөгжилд сайн нөлөөтэй байсан ямар зүйл өнөөдөр үгүйлэгдэж байна вэ?

-Төлөвлөгөө. Хүн ч, байгууллага ч төлөвлөгөөнд захирагдаж амьдралаа зохицуулж, ажлаа явуулдаг. Социалист, төлөвлөгөөт нийгмийн үеэс зах зээлийн, ардчилсан нийгэмд шилжихдээ төлөвлөгөө гэдэг юмыг аваад хаячихсан. Гэв гэнэт өөр өөрийн санаснаа хийж, хэрэгжүүлэх зарчмаар ажиллах болж. Ажлыг төлөвлөгөөгүйгээр яаж хийдгийн жишээг төр өөрөө харуулдаг. УИХ-аар төсөв хуваарилж байгааг харахад тойрогтоо хэн мөнгө хуваарилуулж чадна, тэр л ганц нэг ажил аялуулдаг. 

Энэ бол улс орон даяар ажил урагшлахгүй байгаагийн үндсэн гацаа. Хоёрдугаарт, мэргэжилтэй ажилчдыг сайн бэлдмээр байгаа юм. Өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд их, дээд сургууль төгсөгчид жин дарж байна. Ажил олгохгүй байгаа нь нийгмийн буруу байвч хувь хүний хариуцлагагүй байдал ажил, амьдрал уруудахад маш их нөлөөлж байна. Голлох салбаруудад мэргэжилтэй ажилчид олноор бэлтгэхийг цаг үе шаардаж байна даа.

-Сүүлийн үеийн барилгын чанар муу болсон гэж хаа хаанаа ярих болсон. Та бүхний ажлын гараагаа эхэлж байх үе 1960 онд барьсан байшингууд өнөө хэр амьдрах шаардлага хангасаар байхад ашиглалтад ороод 10-15 жил болсон нь асуудалтай. Барилгын чанар яагаад муу байна вэ?

-Олон шалтгаантай. Юуны өмнө барилга бариулж байгаа дарга, захирлууд ажилчдаа мэдэхгүй байгаатай маш их холбоотой. Хэнээр юу хийлгэж байгаагаа мэдэхгүй, талбайд үзэгдэх ч үгүй захирлууд олон байна. Монгол ч бай, хятад ч бай ажилчид хүмүүс л юм хойно, дарга нар нь тэдэнд яаж хандаж байгааг хардаг. Ажилчдын сэтгэл санааны байдлаас их юм хамаарна. Дарга нар нь барилга барьж байгаа хүмүүс дундаа байгаад хоолноос нь идээд, ажлын хувцастай ярьж хөөрөөд явж байхад ажилчид урамтай байдаг. 

Байгууллагын дарга хүмүүсийнхээ төлөө байх юм бол ажилчид аяндаа хүрээлээд ирдэг. Эндээс харилцан итгэлцэл, хүндлэл бий болж, ажлаа чин сэтгэлээсээ хийх хүсэл төрдөг. Ажлын чанар сайжрахад ийм элэгсэг уур амьсгал маш их нөлөөлдөг. Одоогийн дарга, захирлууд хэн гэдэг хүн ажил хийж байгааг мэддэггүй. Нэргүй мэт тэр хүмүүс барилгыг чин сэтгэлээсээ барих уу. Хийсэн болоод мөнгөө аваад явахыг бодно уу гэхээс хүн амьдрах байшин чанартай болж байна уу, үгүй гэдэгт анхаарахгүй. Цалин хөлсийг нь сайн өгөх хэрэгтэй. Дарга нар нь харагдаж үзэгдэхгүй, дээрээс нь цалин сайн өгдөггүй компанийн талбайд барилгын материалын хулгай тасардаггүй. 

Ажлаа, компаниа гэх сэтгэл байхгүй болохоор тэгж байгаа юм. Мөн үйлдвэрлэлийн нэгжийн хамгийн чухал цэг бригад, түүнийг хөдөлгөх гол хүч бригадын даргаар сайн хүн сонгох ёстой. Компани түүнтэй маш сайн харилцаатай байх ёстой. Барилгын чанар зураг төсөл ямар байхаас бас хамаарна. Зураг төслийг норм, стандартын дагуу хийвэл түр барилгын зардал зэргийг ч шингээсэн байдаг. Түр барилгын зардал шингэсэн байна гэдэг хөдөлмөр зохион байгуулалт сайн байхын нэр. Талбайд машин тэргийг хаанаас оруулж, хааш нь гаргах юм, ажилчдын байр хаана байх юм, хоолны газар байх юм уу, үгүй юм уу, ариун цэврийн өрөө, байр хаана байх вэ, ажилчлын амралтын цаг байх уу гээд бүхнийг заасан түр барилгын зурагтай төсөл их юм шийддэг. Хөдөлмөр зохион байгуулалт сайн байх нь бүтээмж өндөр байхын үндэс. 

Социализмын үеийн мундаг хөдөлмөрийн сайчууд, баатруудын ажлын үзүүлэлт сайн байсны үндэс нь хөдөлмөр зохион байгуулалт юм. Утас ээрэх машины ард суугаа нэхмэлч ээрэх утсаа газраас өргөж авах уу, эсвэл хажуудаа харааны түвшинд байршуулаад татаж байсан нь дээр үү. Аль хэр хугацаа шаардах вэ. Энэ бүхнийг тооцож хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийж ирсэн туршлага үйлдвэрлэлийн талбарт олон. Энэ мэт өнөө ч хэрэгжүүлэх сайн туршлагуудын талаар ярихаар ад болох шинжтэй.

-Тэгсэн хэрнээ чанаргүй барилга бариад байдаг уу?

-Тийм.

-Та “Бэлийн цахир” компанийнхаа тухай ярих уу. Гол төлөв ямар ажил эрхэлдэг вэ?

-Барилга засварын компани юм. Барилга угсралтын ажил бага сага хийсэн. Өрхийн эмнэлэг барьж байлаа. Эрүүл мэндийн байгууллагуудтай нэлээд хамтарч ажилладаг. Тухайлбал, сайд нарын гэдэг II эмнэлгийн гаднах засварыг хийсэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, архитектурын газрын 2002 оны тэргүүний байгууллага. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайн шийддэг. 

Ажиллах чадварыг үнэлэх төв хэмээх төрийн бус байгууллагаас 2015 онд “топ аж ахуйн нэгж”-ээр өргөмжилсөн. Сайн, муу, их, бага ажил гэж байхгүй. Хэрэглэгч том, бага гэж ч байхгүй. Тиймээс манай компани зөвхөн албан газрын гэлтгүй айл өрхийн захиалгаар ч засварын ажил хийдэг.

-Гавьяат барилгачин болсон тухай баярт мэдээгээ хамгийн түрүүн хэнтэй хуваалцсан бэ, та?

-Гэр бүлийнхэнтэйгээ. Эхнэр Э.Эрдэнэцэцэг, хүү М.Хас-Очир нартаа хамгийн түрүүн дуулгасан.

-Таны гэргий ямар мэргэжилтэй вэ?

-Их эмч.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)