Т.ЕСҮЙ: Би хийлийн багш болно

Хөгжмийн, балетын дугуйланд суралцдаг хүүхэд олон болсон. Тэднээс хөгжмийн ч, балетын урлагт ч дурлаж, мэргэжлийн түвшинд хичээллэдэг нь цөөнгүй. Өнгөрсөн сарын дундуур болж өнгөрсөн шилдэг хөгжимчдийн “Виртуозо гала концерт-2019”-д уригдаж тоглосон, Монголын хүүхдийн ордны хийлийн дугуйлангийн суралцагч, “Эрхэм баян эрдэм” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Т.Есүйтэй ярилцсан юм.

Түүний ээж, япон бүсгүй Эми “Манай охин бүрэг, ярихдаа тааруу. Хөгжим тоглохдоо тийм биш болчихдог нь сонирхолтой” гэсэн юм. Охин сайн ярьж байлаа. Заримдаа л ичингүйрч, толгойгоо гилжийлгэнэ.

-Танай сургууль хаана байдаг юм бэ. Сонсож байгаагүй нэртэй юм.

-Санхүү, эдийн засгийн дээд сургууль гэж байдаг, та мэдэх үү. Тэнд байдаг юм.

-Лицей сургууль юм уу. Чамайг хэн тэнд оруулсан бэ. Математикт сайн охин байх нь ээ?

-Аав оруулсан. Би тоонд тийм ч сайн биш ээ. Хөгжимд л дуртай.

-Танай аав монгол, ээж нь япон юм билээ. Аав, ээж хоёрынхоо танилцсан түүхийг мэдэх үү?

-Мэднэ. Аав, ээж хоёр Японд их сургуульд сурч байхдаа, 20 жилийн өмнө танилцсан. Саяхан 20 жилийн ойн баяраа тэмдэглэсэн. Би ах, дүү хоёртой.

-Монголоор ч, японоор ч сайн ярьдаг гэсэн. Аль хэлээр нь сайн ярьж, ойлголцдог вэ?

-Японоор илүү сайн ярьдаг.

-Яагаад тэр юм бол?

-Амархан байдаг юм.

-Сонин юм аа. Жилийн ихэнх хугацааг Монголдоо өнгөрүүлдэг юм чинь монголоор сайн яримаар юм.

-Зуны амралтаараа Японд байдаг. Эмээ, өвөө хоёртойгоо хотуудаар аялж, зочид буудалд байрладаг. Тэгж явахдаа дандаа японоор ярьдаг.

-Монгол, Япон хоёр орон ялгаатай л даа. Чинийхээр гол ялгаа нь юу гэж боддог вэ?

-Японд бүх юм нь цэвэрхэн. Токио ч, манай өвөө, эмээгийн амьдардаг Осакад ч гудамжууд нь маш цэвэрхэн. Гол ялгаа нь тэр.

-Чи ямар мэргэжилтэй болох вэ?

-Хийлийн багш болно. Би аав, ээждээ өөр мэргэжилтэй болохгүй гэдгээ хэлсэн. Хийл тоглож сурах хэцүү ч сураад, тоглодог байх нь гоё. Том болоод хүүхдүүдэд хийл хөгжим яаж тоглохыг заах их гоё гэж бодож байна.

-Чех улсад өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд хоёр удаа оролцож, сүүлийнхэд нь өндөр амжилт үзүүлсэн байна лээ. Насны ангилалдаа II байр эзэлжээ. Их мундаг юм аа.

-Манай багш мундаг юм чинь. Багшийн маань нэр Г.Отгонжаргал. Бидэнд маш хатуу ханддаг. Заримдаа хэцүү. Дугуйлангийн сурагчдын заримынх нь эцэг, эх “Дугуйлан шүү дээ, ийм хатуу байх хэрэгтэй юм уу” гэж гомдол гаргасан гэсэн. Тэдний хүсэж байгаагаар багш зөөлөн байх юм бол бид хөгжим тоглож сурахгүй шүү дээ.

-Чи хүүхдүүдэд, багш, эцэг, эхчүүдэд ч сургамжтай үг хэллээ гэж бодож байна. Нээрэн толгойг нь илээд байвал хүүхэд хөгжим тоглож сурахгүй байх даа.

-Тийм ээ, сурахгүй.

-Олон улсын уралдаанд оролцох юу нь гоё вэ?

-Олон орны хүүхдүүдтэй адилхан хөгжим тоглох, бас гоё зочид буудалд байрлах, дэлгүүр хэсэж, гоё юмнууд худалдаж авах нь сайхан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)