Т.Дүүрэн: Энэ жилийн ЖДҮ-г дэмжих үзэсгэлэнд олон улсын бизнес эрхлэгчид оролцоно

МҮХАҮТ-аас уламжлал ёсоор 22 дахь жилдээ жижиг дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах зорилготой "Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнг энэ оны тавдугаар сарын 16-19-ны хооронд "Мишээл экспо" дээр зохион байгуулах гэж байна. Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, НШУҮИГ-ын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр, ЖДҮХБХЗГ-ын мэргэжилтэн Б.Мөнхцэцэг нар мэдээлэл хийлээ.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн: Энэхүү үзэсгэлэн нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодит талбар болж өгдгөөрөө онцлогтой. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт ААН, компаниудын 80 гаруй хувь нь 1-9 хүртэлх хүнтэй жижиг дунд үйлдвэрлэгч байдаг. Үзэсгэлэнгийн үеэр жижиг дунд үйлдвэрлэгчид иргэдэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломж бүрддэг бөгөөд энэ хүрээнд бараа бүтээгдэхүүнээ суртлачилах, худалдах, гэрээ байгуулах зэргээр үйлчилдэг. 

Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь төлбөрөө төлж, талбар авах чадамжгүй бичил үйлдвэрлэгчдэд үнэгүй оролцох боломж олгосон байгаа. Мөн бид ОХУ, БНХАУ, Вьетнам, БНСУ, Хонг-конг, Балба зэрэг улс орнуудын жижиг дунд үйлдвэрлэгчдийг урьж оролцуулах гэж байна. Ингэснээр манай улсын үйлдвэрлэгчид бусад улс орнуудын жишигтэй танилцах, туршлага солилцох боломж бүрдэж байна.

“ОЛОН УЛСААС 20 ГАРУЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО”

НШУҮИГ-ын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр: Улаанбаатар хотын хувьд 2017 онд батлагдсан "Орон нутгийн түншлэл" дэд хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор МҮХАҮТ, ХХААХҮЯ-тай хамтран ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд хүргэх боломжийг бүрдүүлэхээр тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар манай улсаас 60 гаруй үйлдвэрлэгч үзэсгэлэнд оролцохоор бүртгэгдээд байгаа. Мөн олон улсаас 20 гаруй үйлдвэрлэгч үзэсгэлэнд оролцоно.

2019 оныг Монгол Улсын Засгийн газраас "Эх оронч худалдан авалтыг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын иргэдийг үзэсгэлэнд хүрэлцэн ирж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна. 

"ТАВДУГААР САРЫН 27-НООС ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛ АВАХ ИРГЭДИЙН ТӨСЛИЙГ ХҮЛЭЭЖ АВНА"

ЖДҮХБХЗГ-ын мэргэжилтэн Б.Мөнхцэцэг: ХХААХҮЯ, МҮХАҮТ хамтран жил бүр уг үзэсгэлэнг зохион байгуулдаг. ХХААХҮЯ-наас энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа бизнес эрхлэгчдэд төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр санаачилж буй бодлого, хууль журмын талаар танилцуулна. 

Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд ХХААХҮ-ийн сайдын А/119 дүгээр тушаалаар "ЖДҮХС-ийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулах журам" батлагдсан. Энэ журамтай холбогдуулан Засгийн газраас тэргүүлэх чиглэлийг баталж өгч байгаа. Энэ талаарх мэдээллийг үзэсгэлэнгийн үеэр бид иргэдэд танилцуулна. Ташрамд хэлэхэд, энэ оны тавдугаар сарын 27-ноос ЖДҮХС-ийн зээл авах иргэдийн төслийг хүлээж авна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)