Т.Гантөмөр: Импортыг орлох үйлдвэрүүд маань уурхайнуудын хэрэгцээг бүрэн хангана

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци болон “Очир ундраа” группийн ерөнхийлөгч Т.Гантөмөртэй ярилцлаа.

“Очир ундраа” группийн харьяа МЕРА компани уурхайн тэсэлгээний ажлын салбарт амжилттай ажиллаж байгаа билээ. Бидний яриа тус компанийн уул уурхайн тэсрэх бодисын үйлдвэрийн төслийн талаар өрнөв.

-МЕРА компанийн хэрэгжүүлж буй уул уурхайн тэсрэх бодисын үйлдвэрийн төслүүд дууссан уу?

-Тэсрэх материал үйлдвэрлэж, өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээг уул уурхай болон дэд бүтцийн компаниудад бүрнээр хүргэж буй МЕРА компани нь 2006 онд тэсрэх бодисын анхны үйлдвэрээ байгуулж байсан.

Энэ үйлдвэр жилд 18 мянган тонн энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай байлаа. АНУ-ын бүрэн автомат удирдлагын системтэй, дөрвөн төрлийн савалгаатай, гурван төрлийн тэсрэх бодис үйлдвэрлэх иж бүрэн суурин тоног төхөөрөмжөөр тоноглосон, тусгай зориулалтын гурван ширхэг цэнэглэгч автомашин импортолж үйлдвэрээ байгуулсан.

Тухайн жил “Дотоодын шилдэг хөрөнгө оруулагч”, дараа жил нь “Импортын бүтээгдэхүүн орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тэргүүлэгч” гэх мэт шагнал авч байлаа. Энэ жил бид тэсрэх бодис болон тэсэлгээний хэрэгсэл хийх дөрвөн үйлдвэр ашиглалтад оруулсан.

Ингэснээр тэсэлгээний ажил үйлчилгээнд хэрэглэдэг бүх эцсийн бүтээгдэхүүнийг Монгол Улс хийдэг боллоо. Бас л импортыг орлож буй Монголдоо анхдагч үйлдвэрүүд. Гэхдээ бид түүхий эдээ гадаадаас авсан хэвээрээ л байна. Цаашдаа үндсэн түүхий эдийг Монголдоо үйлдвэрлэхийг зорьсон.

Дөрвөн үйлдвэр байгуулснаар манай компанийн болон Монголын Улсын өрсөлдөх чадвар дээшилсэн гэж бид дүгнэж байгаа. Тэсрэх материал хэрэглэгч компаниуд гадаадаас жилийн хэрэглээнийхээ бүтээгдэхүүнийг авч хадгалдаг. Тэгвэл одоо сар, эсвэл нэг улиралд хэрэглэх бүтээгдэхүүнээ авах боломж бүрдлээ.

Ингэснээр хэрэглэгчийн нэг удаад төлөх мөнгөний хэмжээ, агуулах дахь үлдэгдэл багасаж, эргэлт сайжирна. Манай үйлдвэрүүд ч жигд ачаалалтай, төлөвлөгөөтэй ажиллах боломж бүрдэнэ. Хэрэглэгч хүссэн бараагаа 2-3 сарын дараа биш, харин 2-3 хоногт авч чаддаг болно.

Аль нэг улсын Ерөнхийлөгч манай оронд айлчлахаар хилээр импортын тэсрэх материал оруулахыг хориглочихдог. Үүнээс үүдээд ажил нь саатах тохиолдол бий. Монгол ажилтнууд улсдаа тэсрэх материалаа бие даан үйлдвэрлэдэг болоход суралцаж, энэ салбарын технологи манайд нутагшиж, хэний ч өмнө нүүр улайхгүй болно. Манай үйлдвэрүүд байгуулагдсанаар ийм давуу талтай юм уу даа.

-Үйлдвэрүүдийн хүчин чадал хэр вэ?

-Манай улсын тэсрэх материалын хэрэгцээ хөрш орнуудтайгаа харьцуулахад тун бага. Бид улсынхаа хэрэгцээнд тохируулж үйлдвэрийнхээ хүчин чадлыг тодорхойлж байгуулсан. Уг нь их хэмжээгээр үйлдвэрлэх юм бол нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг хамаагүй бага тусдаг гэдгийг та бүхэн мэдэх байх.

Мөн автоматаар хүн оролцохгүй шахам үйлдвэрлэх боломж бий болдог нь аюулгүй ажиллахад ч маш тустай. Бид өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Австралийн тоног төхөөрөмж, Сибирийн хүйтэн нөхцөлд зориулсан технологитой, жилд 100 мянган тонн үл тэсрэх хольц үйлдвэрлэх, цэнэглэх хүчин чадалтай үйлдвэрээ түшиглэн савласан эмульсийн тэсрэх бодисын T13 үйлдвэр ашиглалтад орууллаа.

Энэ шинэ үйлдвэр нь нэг ээлжээр жилд 6000 тонн савласан эмульсийн тэсрэх бодис хийх хүчин чадалтай. Монголд анх удаа барууны технологиор бялт тэслүүрээс өдөөлт авдаг савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэж буйгаараа онцлогтой юм.

Бид энэ оны эхэнд өдөөгч тэсрэх бодис үйлдвэрлэх Т14 үйлдвэрийг “Dyno nobel” технологи, БНХАУ-ын тоног төхөөрөмжөөр нэг ээлжээр ажиллахад жилд 200 тонн өдөөгч үйлдвэрлэх хүчин чадалтай. “Аустин детонатор” компанийн тоног төхөөрөмж, технологи суурилуулсан тэсэлгээний хэрэгсэл угсрах Т15 төслийн үйлдвэрээ өнгөрсөн дөрөвдүгээр сард ажилд оруулсан.

Энэ үйлдвэр нэг ээлжээр ажиллахад жилд 500 мянган ширхэг тэсэлгээний хэрэгсэл угсрах хүчин чадалтай. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын SGS компанийн Овоот толгойн уурхайн талбайд орших “Orica” компаниас технологи, тоног төхөөрөмжийг нь худалдан авсан үйлдвэрээ сэргээж, хүчин чадлыг нь жилийн 20 мянган тонн шингэн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэдэг болгон нэмэгдүүлж, улсын комисст хүлээлгэн өгч, ажилд оруулаад байна.

-Үйлдвэрүүдээ байгуулахдаа хэдий хэмжээний хөрөнгөөр, хаанаас санхүүжүүлсэн бэ?

-“Голомт” болон АНУ-ын “Хантингтон” банкны зээлээр санхүүжүүлж үйлдвэрүүдээ байгууллаа. Байгуулахдаа олон сая ам.доллар зарцуулсан. Цаашдаа тэсэлгээний ажил үйлчилгээ эрхэлдэг компани бүр өндөр өртөгтэй тэсрэх материалын үйлдвэрүүд байгуулаад байх нь манайх шиг жижиг улсад зохимжтой биш санагддаг.

Гэхдээ энэ нь өрсөлдөөнийг хязгаарлана гэсэн үг биш л дээ. Бид оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх шаардлагатай байгаа. Үйлдвэрүүдэд хэрэглэж байгаа зарим түүхий эдүүд нь анх удаа импортолж буй химийн бодисууд учраас аюулгүй ажиллагааг хангахад олон саад бэрхшээл, хүндрэл гарсаар байгаа.

Бэрхшээлтэй гээд хийхгүй суугаад байвал монголчууд бид үйлдвэрлэлээ хөгжүүлж чаддаггүй гээд өрөвдүүлээд л яваад байна. Найман сая хүн амтай болсон улсад химийн үйлдвэрлэл хөгждөг юм гэж ярьж байхыг сонссон.

Тэсрэх материал үйлдвэрлэж байгаа нь яах аргагүй манай улсын химийн үйлдвэрлэлийн хөгжилд тустай алхам гэж бодож байна. Улс орон бусдаас дутахгүй хөгжиж, дэвжье гэвэл цаашид химийн үйлдвэрлэлээ хөгжүүлэхээс өөр аргагүй.

-Шинэ үйлдвэрүүд хэчнээн ажлын байр бий болгосон бэ?

-100 орчим ажлын байр бий болголоо. Дахиад хэлэхэд, монгол хүн тэсрэх материал үйлдвэрлэх технологи эзэмшиж, ийм үйлдвэрийн техник, автоматжуулалт, программ хангамжийг ажиллуулж, стандартуудад суралцаж байгаа нь улсынхаа хүний хөгжилд оруулж буй хувь нэмэр гэж харж байгаа. Мөн үйлдвэрүүд маань маш олон зүйлийг дотоодоосоо худалдаж авч байна.

-Импортыг хэр орлож байгаа вэ. Манай улс ам.долларын хомсдолд ордог учраас импортыг орлох үйлдвэр байгуулахыг ихэд дэмждэг болсон.

-Импортыг орлож байгаа. Гэхдээ нэлээд түүхий эдээ импортлоод, эцсийн бүтээгдэхүүнийг олон улсад шалгарсан, тэргүүний технологи, тоног төхөөрөмж ашиглаад үндэсний ажилтнууд минь өөрсдөө үйлдвэрлэж, нэмүү өртөг бий болгож байна.

-Түүхий эдээ Монголд үйлдвэрлэх алхам хийнэ гэж ярьсан. Тэгэх нөөц боломж бий юү?

-Боломжтой.

-Танайхаас өөр тэсрэх бодисын үйлдвэр Монголд бий юү?

-Байгаа. Гэхдээ манайх шиг бүх төрлийг хийдэг нь одоохондоо үгүй. МЕРА компани Монголын уул уурхайн салбарт тэсрэх материал үйлдвэрлэх, өрөмдлөг тэсэлгээний үйлчилгээ хийх ажилд маш олон зүйл анхлан хийсэн бөгөөд нэлээд хэдэн үзүүлэлтээр салбартаа тэргүүлдэг.

Манайх тэсэлгээний ажил үйлчилгээтэй холбоотой бүх ажлыг бие даан хийж байна. Зөвхөн зэвсэгт харуул хамгаалалтын үйлчилгээг гаднаас авдаг. Монгол Улсад өнгөрсөн хэдэн жилд эдийн засгийн хямрал болж хүндрэлийг даван туулахын тулд бид алтны уурхай ажиллуулсан.

Үүний үр дүнд уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлт, геологийн хайгуул хийдэг компанитай болчихлоо. Бас ашигт малтмал хил рүү зөөдөг ажил хийж байна. Иймд сайн үзүүлэлттэй ашигт малтмалын орд газар эзэмшдэг хувь хүн, аж ахуйн нэгжтэй манай МЕРА компани хөрөнгө оруулж, хамтран ажиллаж болно.

-МЕРА компани зөвхөн тэсэлгээний үйлчилгээ хүргэхээ больжээ.

-Хямрал биднийг ийм болголоо. Тэсэлгээнээс гадна уул уурхайн бүх ажил, үйлчилгээг нэг дор их, бага хэмжээгээр хийж байгаа.

-Монголын зах зээл дэх уурхайн тэсэлгээний хэдэн хувийг хийж байна вэ. Хамгийн том гэсэн статусаа хадгалж байгаа юу?

- Дунджаар 30 гаруй хувийг нь хийдэг. Хамгийн том гэдгийг бол би сайн мэдэхгүй. Сайн өрсөлддөг гадаад, дотоодын олон компани байгаа.

Эдийн засгийн хүндрэлийн үед зарим нэг байр сууриа бид алдчихсан байсан. Аюулгүй ажиллагаа болон техник, технологи эзэмшсэн үзүүлэлтээрээ бид олон улсын түвшинд оччихсон гэж боддог.

-Тэсрэх бодисыг хадгалах, тээвэрлэхэд аюулгүй ажиллагаа маш чухал гэж та олон удаа дурдлаа. Аюулгүй байдалдаа хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Аюулгүй ажиллагааны олон улсын стандартуудыг хэрэгжүүлсэн. Үүнээс гадна аюулгүй ажиллагаанд компанийн соёл маш чухал. Ажилтнууд маань буруу зуршилгүй, зохион байгуулалттай, ажилтан, албан тушаалтан нэг бүр хариуцсан ажилдаа эзэн болдог байх ёстой.

Энэ соёл аюулгүй ажиллагааг бүрдүүлдэг. Аюулгүй ажиллагаанд хамаагүй нэг ч хүн манайд байхгүй. Манай бүх ажилтан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байдаг. Мэдээж аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэхийн тулд хууль, дүрэм, журам мөрдүүлдэг.

Манай компанийн аюулгүй ажиллагааны үзүүлэлт олон улсын дундаж үзүүлэлтээс давсан байгааг гадаадын шинжээчид хэлсэн. Энэ бол бидний бахархал. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаад зогсохгүй бид гадны халдлага, хулгай, дээрэм, бас бус ёс зүйгүй хандлагаас хамгаалах хэрэгтэй болдог.

Тээврийн бүх хэрэгсэл нь битүү бүхээгтэй, лац, цоожтой байдаг. Мөн тээврийн хэрэгсэл бүрийг зэвсэглэсэн харуул хамгаалж явдаг. Бүх нэгжүүдээ Улаанбаатараас камераар хянаж байна. Мөн бүх хаалгаа цахимжуулсан.

Хэн аль хаалгаар хэдэн цагт нэвтэрсэн, гарсан, ямар ажил хийснийг нэгбүрчлэн бүртгэдэг. Тэсрэх бодисын үйлдвэрлэсэн хугацаа, хаана хүргэснийг нь ч бүртгэдэг. Аюулгүй байдлаа давхар давхар хамгаалж байж тэсрэх материал үйлдвэрлэх, тэсэлгээний ажил үйлчилгээ хийх ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)