Т.Бямбасүрэн: Эмч хүний ажил, амьдрал, мэдрэмж нь төрмөл авьяасыг нь зүлгүүрддэг байж магадгүй

Шуурганаар гэртээ ирсэн эцэг минь

Хувцсаа нимгэлээд л

Нимгэлэх тусам улам жижигрээд л...

Цас хаяласан хаврын түрүүч өдөр эл шүлгийг сонсчихоод аавыгаа их санаж билээ. Анх Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйланд нуруу богино шар залуу ирж байсан сан. Амнаас нь барагтаа үг унахгүй хэрнээ ам нээвэл тарваганы цөс шиг гашуун үгтэй. Дугуйлангийнхан түүнийг Тө гэж дууддаг. Ийн авгайлан дуудах бүрийд аавыгаа санагалзан дурсамжаа төнхдөг л биз ээ.  Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сард “Үдэлт” шүлгийн түүврээ хэвлүүлсэн билээ. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийг энэ жилийн хавар төгссөн түүнтэй хэдэн хором хөөрөлдснөө хүргэе.

-Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйланд ирээд хоёр жил болж байна. Тэр үеийн Бямбасүрэн одоогийн та хоёрын хооронд ялгаа бий юу?

-Хүсэл эрмэлзэл дүүрэн хүмүүстэй учирсан минь л энэ дугуйлангаас олж авсан хамгийн том ололт. Би нялхаасаа л эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Аав минь таван настайд өөд болоход эмээгээ орхин ээж эгч хоёр дээрээ ирж билээ. Тэр цагаас хойш эмээ, аав хоёроо санаж, аавынхаа үлдээсэн номуудыг уншдаг болсон. Гаднаасаа түгжүүлчихээд гэртээ ганцаараа үлддэг надад уран зохиол л хань болдог байлаа. Тиймдээ ч бичих хүсэлд эрт автсан байх. Нэг их өндөрлөг, хүрч боломгүй санагддаг байсан зүйлс энэ дугуйланд ирснээр өөрчлөгдсөн.

-Шүлэг бичих, сонирхож оролдох хоёр өөр ойлголт. Яруу найргийн дугуйланд ирж буй залуусын хувьд шүлгийн хэл, найруулга нь хэр санагддаг вэ?        

-Яруу найргийн бүхий л  дугуйлан адилхан болов уу. Би хувьдаа дугуйланд ирж байгаа ихэнх хүүхдийг бага юм уу эсвэл дунд ангидаа шүлэг сонирхож эхэлснээ нэг хэсэг ор тас мартаж дээ гэж ажигладаг юм. Авьяасаа тордож хөдөлмөрлөсөн, амьдралынхаа хамгийн дэврүүн, хийсвэр үедээ уншихаас уйдалүй өөрийгөө аварч чадсан хүүхдүүд цөөнх. Тэд андашгүй. Тиймгүй бол хэчнээн торгон мэдрэмж ч унтарчихдаг юм билээ.

-Яруу найргийн олон дугуйлан бий. Дугуйлан олшрох нь сайн хэрэг. Гэхдээ үүнийг саар ч гэж ярих юм.

-Саар гэж ярих нь зохисгүй байх. Алтан, мөнгөн үе, тэр ч бүү хэл шинэ мянган эхэлснээр гарч ирсэн утга зохиолынхон ч олон дугуйлантай байсан. Манай үед харин ч цөөн дугуйлан байна. Хүүхдүүд нь цөөрөхөөр дугуйлан ч цөөрч таарна л даа.

-Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, яруу найргийн бүлгэм болцгоож байсан. Мөн бүлгэмээс гадуур шүлэг бүтээлээ туурвидаг залуус ч олон байж. Бүлгэмүүдийн тухайд ямар бодолтой байдаг вэ?

-Бишүби, Гуну, Зүс бүгэг андууд зэрэг тодорхой үзэл суурьтай бүлгэмүүдээс эхлээд олон бүлгэм байсан. Сүүлийн үеийн бүлгэмүүд үзэл гэхээс илүү нөхөрлөл дээр тулгуурласан санагддаг. Одоо бол бүлгэм нэг их ач холбогдолгүй болов уу. Ижилсэхээс эмээдэг, бүр даажин зугтдаг үеийнхэн төрж байна шүү дээ.

-Таны хувьд яруу найргийн бүлгэмүүдээс алийг нь онцолмоор байна вэ?

-“Зүс бүгэг андууд”,  “Хөх мэдрэхүй” л юм даа.

-Багаасаа шүлэг, яруу найрагт сонирхолтой байсан хэрнээ яагаад эмч болох болов?

-Яруу найрагч гэдэг мэргэжил биш. Харин оюун санааны дээд урлаг мөнийхөө хувьд зайлшгүй боловсрол мөн. Би энэ боловсролыг бие дааж олно л гэж зориглосон. Одоогоор үр дүн нь тодорхойгүй л байна.

-С.Эрдэнэ, Б.Болдсайхан гээд Монголын уран зохиолтой нэр нь мөнхийн холбоотой эмч нар цөөнгүй бий. Тиймдээ ч эмч нарыг яруу найрагчидтай элэг нэгтэй хүмүүс болов уу гэж боддог.

-Эмч, яруу найрагч хоёр адилхан гэж дулдуйдах нь өрөөсгөл ойлголт. Харин эмч хүний ажил, амьдрал, мэдрэмж нь төрмөл авьяасыг нь зүлгүүрддэг байж магадгүй.

-Анхны гэсэн тодотголтой юмс хэзээд үнэ цэнээ алддаггүй. Анхны номоо өлгийдөж авсан сэтгэгдлээсээ хуваалцаач.

-Их л олон мэдрэмж зэрэг төрсөн дөө. Элгэндээ тэврэх үртэй болсон юм шиг санагдана, баярлана. Намайг төлөөлөх юм шүү дээ, дутуу төрчихөөгүй байгаа гэж бодоход айна. Өсгөсөн аав маань хэдэн долоо хоног миний номыг өвөртөлж гараад л оройд нь халамцуухан ирэх болсон юм. Тэгж бахархуулснаа бодохоор ачийг нь хариулчихсан ч юм шиг сэтгэлд нэг л өег.

-Номныхоо нэрийг хэрхэн сонгосон бэ?

-Номоо гаргах хүртлээ алдаж оносон олон өдөр, учирсан хагацсан олон хүмүүс бий. Тэр бүхэн минь шүлэг болон надаас навч адил тасран хийсч байгаа мэт санагдахад номоо "Үдэлт" гэж нэрлэе гэж бодсон. Энэ нэрэндээ хэзээ ч харамсаж байгаагүй ээ.

-Дараагийн номоо хэзээ гаргах гэж байна вэ?

-Чадвал ирэх хавар гаргахаар төлөвлөж байна. Өөрийгөө хэр өсөж торнисныг шалгамаар санагдаад байх юм.

-Одоо амьдралын гэрэл гэгээ болсон гэр бүлийнхний тань тухай яръя. Нэг эгчтэй, нэг дүүтэй айлын ганц хүү гэж сонссон.

-Эгч маань Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эх баригчаар ажилладаг. Аавыгаа өөд болоход би учир мэдэхгүй тоглоод л гүйж байсан. Харин эгч юмны наана цаадахыг ойлгох насанд хүрсэн болохоор их гүнзгий цочирдсон байх. Амархан шархална. Амьдрал бас түүнд минь олон аашаа харуулсаан. Хар сэртэй хүнтэй гэр бүл зохиож цохиур зодуурын зовлон мэдрэхэд нь би хамаг хувцсыг нь цүнхлээд дагуулаад гараад ирсэн юм. Багад эгч минь намайг үүрээд сургууль гэр хоёрын хооронд мөн ч их явсан даа. Хүнээс өмөөрөхгүй, хайрлахгүй гээд ч яах билээ. Ээж аав дүү гурав маань ч ялгаагүй нандин хүмүүс.

-Дурсан санах зүйлтэй амьдрана гэдэг сайхан. Аавынхаа тухай сайхан дурсамж яриач.

-Төрсөн аав маань гуталчин хүн байсан. Багад минь өөд болсон ч төрх нь ер мартагддаггүй юм. Шалан дээр надад даамны өрөг зурж өгөөд хажуудаа суулган гутал уллаж суудаг сан. Харин би ганцаараа тоглож байгаад суугаагаараа унтаад өгдөг байсан юм гэнэ лээ. Өсгөсөн аав минь  харин барилгачин хүн. Барилга дээр хамт олон жил ажилласан даа. Шавар зуурах, тоосго өрөх, дээврийн мод зангидахыг хүртэл зааж өгсөн.

-Өсгөсөн аавдаа бичсэн шүлэг танд цөөнгүй бий. Цайлган их тусч хүн байдаг болов уу гэж бодогдсон. Ааваасаа суралцах зүйл их биз дээ?

-Жилийн өмнө анхны цаснаар өсгөсөн аав минь намайг Улаанбаатарын унаанд суулгаж өгөхөөр алхаж явсан юм. Ажлаа хийж яваад хөлөө бэртээчихсэн. Тэгсэн хэрнээ “Хүүд минь дулаахан хувцас хэрэг болох нь дээ” гэж өөртөө ч юм шиг, надад ч юм шиг аяархан хэлсэн сэн. Тэр өдөр намайг унаанд суулгаж өгчихөөд буцахдаа ноосон цамцаа тайлаад "намайг өмс" гээд өгч билээ. Аавыгаа ганцхан ноосон цамцтайг мэддэг хэрнээ л цамцыг нь тэвэрчихээд цасан дундуур алхсаар цаашлан холдохыг нь харан суусан сан. Надаас юугаа ч харамлахгүй байгаа бүхнээ л өгч чадах тийм л хүн. Тэр өдөр би

Эцсийн зузаан цамцаа өвөлд минь бэлэглэчихээд

Эргэж алхахдаа аав минь залуухан байлаа...гэсэн шүлэг бичсэн. Тэр их сэтгэлийнх нь өрийг ингэж л цайруулж чадах юм шиг санагддаг.

-Эхнэр тань мөн шүлэг бичдэг. Уншсан, бичсэнээ ярилцаж бие биенээ бүтээж амьдрах сайхан байх.

-Бичсэнээ хэн хэндээ уншуулах гэхээр бас ичнэ ээ. /инээв/ Гэхдээ л ойлгож, хайрладаг хүн дэргэд байхаас сайхан зүйл байна гэж үү.

-Хэдхэн сарын өмнө аав боллоо. Эмэгтэйчүүд төрснийхөө дараа л ээжийгээ улам их хайрладаг юм шиг санагддаг. Таны хувьд?

-Үүрэг хариуцлага их боллоо. Амьдрал дээр надаас шалтгаалах зүйлс нэмэгдлээ л гэж бодсон.

-Ээжийгээ өрөвдөх хайрлах сэтгэл төрсөн л биз дээ?

-Ганц ээжийгээ ч биш эмэгтэй хүн бүрийг л өрөвдөж, хайрлах сэтгэл төрсөн. Анх хүүхдээ эмнэлгээс гаргачихаад ээждээ харуулах мөчид мөн сэтгэл нялхраад л явчихсан. Ач зээгээ харчихаад л нулимс унагаад сууж байгаа хүнийг чинь өрөвдөхгүй гээд ч яах билээ. Өөрт хүнд хэцүү зүйл тохиолдохоор хүн ер нь ээжийгээ л санадаг юм шиг. Өөрөө харин ээжийнхээ хүнд хэцүү үед нь мэдэрч чаддаг ч юм уу, үгүй ч юм уу. Би урьд нь өөрийгөө сайн хүү л гэж боддог байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам улам л итгэлгүй болоод байна. Саяхан ээжийгээ санаж ийм шүлэг бичсэн юм.

“Зарим нулимс

Хацар нүүрэнд

Хадаас хадах шиг урсдаг.

Зарим нулимс

Урсаж дүүртлээ

Ухархай дотор буцалдаг.

Гэхдээ

Уйлмаар байна аа, Ээж ээ!

Харанхуй нэгэн шөнө би сохорч билээ

Хараа орсон хойноо

-та айсандаа уйлсан уу? гэж асуусан.

-Ээж нь хүүгээ л бодож уйлсан

Энэ бие чинь эрсдэхээс өөр

Эмээх юм надад байхгүй! гэж хариулсан.

Тэр эгшинд би нулимсны тухай

Тэс өөр нэг томъёотой болсон.

Зарим нулимс

Өвдөлтгүй урсдаг

Өвдсөнгүй дээ гэхээр л

Өөр нэг хацар

Өмнөөс нь хадагдаж байдаг.

Зарим нулимс

Зовиургүй хурдаг

Зовсонгүй дээ гэхээр л

Зовинох өөр амь

Зовхиндоо буцалж байдаг.

Гэхдээ

Уучлаарай, Ээж ээ...”

Ярилцсан:Э.Булган


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)