Т.Бэгзсүрэн: Бөх болох хүсэлдээ хөтлөгдөн, шалгалтын хариугаа ч сонсолгүй хотод ирсэн


Завхан аймгийн Отгон сумын харьяат, улсын харцага, “Даян” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, “Хаан даатгал” компанийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэнтэй ярилцлаа. 25 настай тэрбээр энэ жил төрийн наадамд зургаа даван, улсын харцага цол хүртэхдээ Хөдөлмөрийн баатар, улсын заан Н.Түвшинбаяр, улсын гарьд Н.Ганбаатар, Ш.Жаргалсайхан, улсын начин Б.Чимэдвандан тэргүүтэй шилдгүүдийг өвдөг шороодуулан, шуугиулсан.

Үндэсний бөхөөр найм дахь жилдээ хичээллэн, улсын гарьд Б.Гончигдамбын удирдлагад амжилтын төлөө зүтгэж буй Т.Бэгзсүрэн Завхан аймгаас мэндэлсэн 56, Очирваань хайрхны өвөрт орших Отгон сумаас төрсөн улсын анхны цолтон юм. Хоёр талаасаа бөхийн удамтай тэрбээр хэвлэлд анх удаа ярилцлага өгч байгаа нь энэ.

-Улсын наадмын дараа нутагтаа очин, цолныхоо найрыг хийсэн гэсэн. Бэлтгэлдээ орсон уу?

-Наадмын дараа цөөхөн хоног бэлтгэл хийгээд нутаг руугаа явсан. Завханаас ирээд бэлтгэлдээ нэг мөсөн орж, одоо сайхан жигдэрсээн. Бэлтгэлээ 2013 оноос хойш улсын гарьд Б.Гончигдамба багшийнхаа удирдлагад базааж байна. Өдөрт хоёр, долоо хоногт дунджаар 12-14 удаа хийдэг. Багшаас сурах, үлгэрлэх зүйл асар их.

Төдийгөөс өдий хүртэл барилдахдаа жудаггүй зан гарган, элдэв авир гаргахыг нь би лав үзээгүй. Үүгээрээ ч олны хүндлэлийг хүлээдэг. Үндэсний бөхийн спортод хамгийн сайн дасгалжуулагч, хамтрагч, амьдрал дээр төрснөөс дутахгүй түшиг болдог ах минь юм шүү дээ.

-Наадмаас хойш барилдаан түр завсарлан, бас бус шалтгааны улмаас хойшилсоор байна. Өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан нээлтийн барилдаанд таныг зодогдох болов уу гэж таамаглаж байлаа.

-Уг нь олон түмнээ хүндлээд барилдъя гэж бодож байсан юм. Даанч хөдөө яваад, ажил амжсангүй. Барилдаан болбол зодоглоно оо. Юу болох нь уу, хүлээж сууна.


-Үндэсний бөхийн спорт хоёр холбоотой, хоёр тэргүүнтэй болж, зуун толгойтой, нэг сүүлтэй могойны үлгэрийг санагдуулам хоорондоо тэмцэлдэж байна. Үүний улмаас олон бөх амжилтаараа хохирч байгаа нь харамсалтай.

Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Үл ойлголцоод байгаа хэдхэн хүн хоорондоо эв зүйгээ олоосой. Тэд бөхчүүдийн, үндэсний бөхийн спортын төлөө юү, эсвэл ашиг сонирхлынхоо төлөө ингэж яваа нь эргэлзээтэй. Үнэнийг хэлэхэд би ойлгохгүй л байна. Монголчууд үндэсний бөхийн спорт, бөхчүүдээ хэчнээн хүндэлдэг билээ.

Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулж, барилдаан тогтмол зохион байгуулдаг болсныхоо дараа үл ойлголцоод байгаа хүмүүс уулзан, учир зүйгээ олж болно шүү дээ.

Бөхчүүд бид барилдаанд өрсөлдөн, бэлтгэлийнхээ өнгийг шинжин, алдаа, оноогоо дүгнэдэг. Гэтэл барилдаан болохгүй байхаар хаана хаанаа л хүндрэлтэй байна. Том цолтонтой барилдаж үзэх сэн гэж буй залуу бөхчүүдийн урам хугарч байгаа нь мэдээж.

-Барилдаан зохион байгуулахгүй бол бөхчүүд тогтсон орлогогүй, амьдралын баталгаагүй болно. Улсын том цолтой цөөнгүй бөх эрх ашгийнхаа төлөө тэмцэхээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна лээ. Та дэмжих үү?

-Дэмжинэ ээ. Монгол түмний өв, уламжлалын охь болсон үндэсний бөхийн спорт маань цэвэр ариун, эрхэм байвал л болох нь тэр. Би өвөг дээдсээс үлдээсэн дэлхийд ганцхан монгол бөхийнхөө өв соёлыг эрхэмлэн дээдэлж, ард түмнийхээ хайр, хүндлэлийг хөсөрдүүлэлгүй, жудагтай барилдахыг эрхэмлэдэг.

-Энэ жилийн улсын наадмын тухай дурсъя. 2018 онд цөөнгүй барилдаанд шөвгөрөн, Монгол туургатнуудын барилдааны буриад бөхийн төрөлд түрүүлж, өнгөтэй байсан.

Танд “Бэлтгэлээ л сайн базааж чадвал том цол хүртэх хэмжээнд хүрлээ” гэх итгэл хэдийнээс төрсөн бэ?

-Хэр баргийн бөх улсын цол хүртэхийн тулд 6-10 жил уйгагүй хөдөлмөрлөн, тогтмол бэлтгэл хийх шаардлагатай юм шиг байгаа юм. Би 2010 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөн, Улаанбаатарт ирснээсээ хойш үндэсний бөхөөр тууштай барилдаж байна. Найман жил зүтгэн, төрийн наадамд гурав дахь удаагаа зодоглоод улсын харцага цол хүртлээ.

Хичээвэл улсын цолтон болох боломжтойгоо өнгөрсөн жил гурав даваад бүр их мэдэрсэн юм. Дөрвийн даваанд улсын гарьд Н.Ганбаатарт унаад, их харамсаж билээ. Тэр барилдаан олон сарын турш санаанаас гараагүй. Санасан мэхээ хийн, барилдаанаа бүрэн гаргаж чадахгүй унах харамсалтай л даа. Дахиж тэгэхгүйг хичээсэн ч энэ жил заан цолны даваанд С.Мөнхбат аваргад унахдаа давтлаа. 2018 оны Цагаан сарын барилдааны үеэр А.Сүхбат аварга “Ирээдүйн аварга” шагналаа надад олгоход бэлгэшээсэн гэж жигтэйхэн.

Тийм мундаг бөх олон хүчтэн дундаас намайг онцолсон нь учиртай байх гэж бодолгүй яах вэ. Бэлтгэл сайтай байсан болохоор энэ жил цол хүртэнэ гэдэгтээ итгэлтэй, сэтгэл зүй сайтай байлаа. Дасгалжуулагч, ойр дотнынхон “Энэ жил юм дуулгахаар өнгөтэй байна. Хичээгээрэй” гэхэд урамшин, итгэлийг нь алдахгүй юм шүү гэж бодлоо. Ер нь наадмаар өмнөх жилүүдийнхээс өөр байсан шүү. Яг тийм гээд хэлэхэд төвөгтэй юм аа.

-Улсын начин цолны даваанд Н.Түвшинбаяр аваргыг өвдөг шороодуулсан. Та хоёрынх удаан үргэлжилж, хүч шавхсан барилдаан болсон шүү дээ. Аваргаас та юугаар илүү байв?

-Үүгээр, түүгээрээ илүү байсан гэвэл онгирсон болох байх. Аварга их спортоор хичээллэн, биеэ сайн сулладаг, мэдрэмжтэй болохоор унагаахад бэрх. Барьц сонголгүйгээр давах боломж надад бараг байхгүй. Бие биеэсээ тус бүр гурван удаа барьц сонгоод, дөрөв дэх дээрээ би давлаа.

Аваргыг даван, улсын цолтны гэр бүлд багтаад есөн хөлт цагаан туг тойрч явахад юм юм бодогдсон. Юуны түрүүнд төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн аав, ээж, бөхийн удмаараа бахархдаг юм билээ. Бас монгол түмний шүтээн Отгонтэнгэр хайрхныхаа өвөрт төрснөөрөө, өдгөө овоглож яваагаараа бахархаж, омогшлоо.

-Бөхчүүд улсын цолны болзол хангаад магнайгаа хагартал баярлан, зарим нь уйлаад гүйдэг. Харин та тэгээгүй, сэтгэл хөдлөлөө ил гаргаагүй. Сэтгэл зүй сайтай байсны тань илрэл байх.

-Мэдээж их баярласан. Гэхдээ түүнийгээ аль болох ил гаргахгүй байхыг хичээсэн л дээ. Ер нь энэ жил наадмаар их тайван байсан шүү. Тавын даваанд багш эргэлзээтэй байдлаар унахад ч элдэв юм бодоогүй, барилдаандаа төвлөрсөн. Н.Түвшинбаяр аваргатай барилдахад ч ер сандраагүй.

Аварга унасныхаа дараа надад “Даваа ханах болоогүй шүү. Цолоо ахиулах боломж бий” гэхэд нь урамшсан. Түвшээ аварга тэгж захиад байхад нь би учиргүй баярлаад гүйвэл юу болох вэ.

-Зургаагийн даваанд улсын гарьд Н.Ганбаатарыг өвдөг шороодуулсан. Тийм чухал даваанд өмнөх жил унасан бөхтэйгөө учраа таарахад юу бодогдсон бэ?

-Өмнөх жилийн алдаагаа нэлээд цэгнэсэн. Н.Ганбаатар гарьд надаас чацаар хамаагүй илүү. Тиймээс түрүүлж мэх хийн, өөртөө итгэлтэй барилдахыг хичээлээ. Багш ч тэг гэж зөвлөсөн. Гарьдыг өвдөг шороодуулсан нь миний ур чадвар өмнөх жилийнхээс ахисны илрэл байх.

-Та түрүүн С.Мөнхбат аваргатай хүч сорихдоо санасан барилдаанаа гаргаж чадаагүй гэсэн. Анх удаа учраа таарсан бил үү?

-Тэгсэн. Аваргаас бэргэж, биеэ бариагүй ч санаснаар болоогүй. Харин туршлага дутсан тал бий. Түүнийг унагаах боломж байсан ч ашиглаж чадаагүй. Аав, ээж хоёр Отгон суманд амьдардаг. Энэ жил нутагтаа наадсан. Улсын харцага болоод тэдэнтэйгээ холбоо барихад ээж уйлаад ярьж чадаагүй. Нутагтаа хурдан очих сон, баярт мөчөө аав, ээжтэйгээ хуваалцах сан гэж яарсаар наадмын дараа шууд нутгаа зорьсон.

-Анхны улсын цолтноо отгончууд хэрхэн хүлээж авав?

-Улсын харцага болоод нутагтаа очих сайхан байлаа. Манай нутгийнхан “Улсын цолтонтой боллоо” гээд бөөн баяр. Отгон сумын ЗДТГ, хамаатан садан, нутгийнхан, найз нөхөд тосон, сайхан хүлээж авсан. Нутгийнхан маань намайг барилдах өдөр сааль сүүнийхээ дээжийг Очирваань хайрханд өргөн, залбирсан гэнэ лээ. Наадмын дараа очихдоо нутагтаа цөөхөн хоносон. Харин цолныхоо найрыг хийхээр очихдоо арваад хоног амарлаа.

Аав, ээж хоёр “Үндэсний бөхийн спортын нэр хүндийг сэвтээхгүйг хичээгээрэй. Биеэ зөв авч явж, олон түмний итгэлийг амжилтаар хариулаарай” гэж захидаг. Миний амжилт булган сүүлтэй байж, Отгон сумаас улсын олон цолтон төрөх болтугай. Тамирчны амжилтад ивээн тэтгэгч байгууллага, ажлын хамт олны дэмжлэг маш чухал.

Намайг үргэлж дэмждэг “Даян” дэвжээний тэргүүн Д.Дагвадорж, дасгалжуулагч Б.Гончигдамба, зөвлөх багш Ш.Пүрэвгарьд, Ч.Мөнхтогтох нартаа болон “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, “Хаан даатгал” компанийн хамт олон, монгол түмэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Аймгийн болон цэргийн харцага Т.Дүгэрдорж таны төрсөн дүү. Бөхийн спортод хорхойсон, дүүтэйгээ барилдаж өссөн дурсамжаасаа хуваалцана уу?

-Багаасаа дүүтэйгээ хүч сорин, дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн. Би эхээс хоёулаа. Дүү минь энэ жил аймгийнхаа наадамд зодоглон, харцага цолоо баталсан. Цаашид уйгагүй хичээн, хөдөлмөрлөвөл улсын цол хүртэх боломж түүнд бий. Бид хоёр талаасаа бөхийн удамтай. Завхан аймгийн анхны арслан Ч.Ашбал ээжийн талын хамаатан. Түүний хоёр дүү нь аймгийн заан цолтой байсан юм билээ.

Ээжийн төрсөн дүү нь Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Ж.Сүхбат. Олон жил барилдаж яваа мундаг бөх бий. Аавын талд ч бас бөхийн удам бий. Өвөө сумын заан цолтой байсан. Өнөөгийн амжилтад удам их нөлөөлсөн байх гэж боддог. Би Улиастай сумын нэгдүгээр сургуульд сурч байхдаа сагсан бөмбөг, волейбол тоглодог, бөхийн бэлтгэл хийдэггүй байлаа.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөн, хариуг нь хүлээж байхдаа гэнэт бөх болохоор шийдсэн шүү дээ. Тэгээд л бөх болох хүсэлдээ хөтлөгдөн, шууд Улаанбаатар хотод ирсэн юм.

-Элсэлтийн ерөнхий шалгалтынхаа хариуг ч сонсоогүй хэрэг үү?

-Тийм ээ. Хотод ирснийхээ дараа “Аварга” биеийн тамирын дээд сургууль дээр, Б.Адъяахүү багшийн удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэж эхэлсэн юм. Тэнд чөлөөт бөхийн дугуйланд хоёр жил явж, 2011 онд сумын заан цол авсан. Тэр намраас ээжийн талын хамаатан Б.Нямдорж ахтай чөлөөт бөхийн бэлтгэл жил гаруй хийлээ.

2013 онд аймгийн харцага болсноосоо хойш бэлтгэлээ Б.Гончигдамба багшийнхаа удирдлагад базааж байна. Дараа жил нь аймгийнхаа наадамд үзүүрлэн, 2016 онд түрүүлсэн.

-Чөлөөт, үндэсний бөхийн бэлтгэл хослуулж хийдэг юм билээ. Их спортоор ямар амжилт гаргасан бэ?

-Насанд хүрэгчдийн УАШТ-д тогтмол оролцохыг хичээдэг, 120 кг-д барилддаг. Улсынхаа шилдгүүдтэй гурав бил үү, дөрвөн удаа өрсөлдөөд байна. Нэг удаа хүрэл медалийн төлөө барилдсан.

-Олон улсын тэмцээнд зодоглосон бил үү?

-Зодоглосон. Өнгөрсөн жил армийн ДАШТ-д өрсөлдөхдөө эхний тойрогт ялан, удаах даваанд дийлдсэн. Дагаж барилдахдаа өвдөг шороодон, тэмцээнээ дуусгасан юм.

-Та хоёр хүүхэдтэй юм билээ. Хүүгээ бөх болгох бодол бий юү?

-Монгол түмэн хүү төрвөл бөх, хүлэг мэндэлбэл ажнай болно гэж бэлгэшээдэг. Би ч бас хүүгээ бөхөөр барилдаасай, улсын цол хүртээсэй гэж хүсдэг. Мэдээж хүсэл, сонирхлыг нь харгалзалгүй яах вэ. Эхнэрийг минь Энхжаргал гэдэг, Архангай аймгийн Батцэнгэл сумынх. Бид 2013 онд танилцан, дараа жилээс нь хойш хамт амьдарч байна.

Бэлтгэл хийн, амжилт гаргах бүхий л боломжоор хангаж, дэмждэг ханиараа бахархдаг, баярладаг. Хүү минь энэ жил наадмын өмнө мэндэлсэн. Аавдаа улсын харцага цол дагуулж ирсэн хэмээн бэлгэшээж сууна. Нээрэн, энэ жил наадмаар нэг бэлгэшээлтэй зүйл болсон шүү дээ. Тэрнийхээ тухай ярьж болох уу?.

-Бололгүй яах вэ.

-Наадмаар бүртгүүлэхэд надад 56 дугаартай мандат олгосон юм. Тэгээд энэ жил аймгаасаа мэндэлсэн 56 дахь улсын цолтон боллоо. Үнэнийг хэлэхэд үүнийг наадмын үеэр анзаараагүй. Саяхан ӨМӨЗО-д явж байхдаа л мэдлээ.

-Бэлтгэл, барилдаан гээд зав муутай байдаг болов уу. Гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чаддаг уу?

-Чаддаггүй ээ. Тийм болохоор чөлөөт цагаараа хоёр хүүхдээ агаарт гарган, гэр бүлийнхэнтэйгээ аль болох хамт байхыг хичээдэг.

-Санаанаас тань гардаггүй барилдаанаа тодотгооч гэвэл алийг нь онцлох вэ?

-Өнгөрсөн жил төрийн наадмын гурвын даваанд улсын начин Б.Амарзаяад бараг унаж явахдаа суганд нь эргээд давсан барилдаан санаанаас гардаггүй. Бас нэгэн барилдаанд улсын заан Н.Жаргалбаярт барьцгүйгээр хавсруулж унаснаа онцолъё. Тэгэхэд мөн ч чанга өвдөг шороодсон шүү (инээв).

-Манай аймгаас улсын аварга, арслан цолтон төрөлгүй олон жил болж байна. Эл цолны босго нэлээд өндөр бололтой. Таныг улсын наадамд түрүүлж, завханчуудыг олон жил хүлээлгэж буй цолыг хүртээсэй гэж ерөөе.

-Баярлалаа, хичээнэ ээ. Бөх бүхэн төрийнхөө наадамд түрүүлэхийг зорьдог. Минийх ч бас тийм. Түүндээ хүрэх, эсэх нь миний хэрхэн хөдөлмөрлөж, зүтгэхээс шалтгаална. Аварга болох амархан, аваргаа хамгаалах хэцүү гэдэг. Юуны түрүүнд цолондоо эзэн болж, ахиулахыг хүсэж байна. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл мэрийхэд алсдаа болох биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)