Т.БАДРАХБАЯР: Албан бус секторт ажлын байр нэлээд хумигдана

Хэдэн мянган хүний амийг авч одсон, өнөөдөр ч хор хөнөөл нь арилаагүй, 215 орныг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас олон улсад ажлын байр хумигдаад буй. Эдийн засгийн эл хямрал Монголыг ч тойроогүй. Ажлын байр хумигдсан, эсэх талаар иргэд байр сууриа илэрхийлж эхэллээ. Бодит байдлыг тодруулах үүднээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяртай ярилцлаа.

-“Ажлын байр хомсодлоо. Ажилгүй иргэдээр Монгол дүүрэх нь” гэх мэдээлэл цахим орчинд хүчтэй цацагдаж буй. ХХҮЕГ сар бүр хөдөлмөр эрхлэлтийн тайлан гаргадаг. Эхний дөрвөн сарын байдлаар Монголд хөдөлмөр эрхлэлт буурсан, эсэх талаар мэдээлэл өгнө үү?

-Ажилгүй иргэдийн тоо өссөн, ажлын байр ихээхэн хумигдлаа, 260 000 хүн ажилгүй болно гэх тоон мэдээг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас удаа дараа өгч буй. Олон зуун бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн том газар учраас гишүүн байгууллагуудынхаа мэдээлэлд үндэслэн 260 000 иргэн ажилгүйчүүдийн эгнээнд орох нь гэсэн урьдчилсан таамаг гаргасан байх. Харин манай газраас сар бүр гаргадаг хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллээс арай өөр дүр зураг харагдаж байна. Эл статистикийг ажил хайж буй хүн, бүртгэлтэй ажилгүй иргэн, ажилд зуучилсан хөдөлмөрчдийн тоо, ажлын байрны захиалга, шинээр бий болсон ажлын байр зэрэг үзүүлэлтэд үндэслэн гаргадаг юм. 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 33 000 орчим иргэн ажил хайж, манай газарт бүртгүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1000 орчим хүн буюу 0.1 хувиар өссөн дүн. Ирсэн ажлын байрны захиалгыг түрүү оны мөн үеийнхтэй харьцуулахад мөн л харьцангуй бага өөрчлөлт орсон. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сард 11 000 гаруй ажлын байрны захиалга ирсэн бол энэ оны өнгөрсөн сарын байдлаар ажлын байрны захиалга 12 000 байна. Ажил олгогчдын санал болгож буй ажлын байрны захиалга харин ч өссөн. Гэхдээ эдийн засаг аажмаар хүндэрч эхлэх нь мэдээж. Энэ хямралыг давж туулахын тулд Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэд хамтдаа урьдчилан сэргийлж, аль болох хохирол багатай даван туулах арга зам хайж буй.

-Энэ сард эрэлтэй ямар ажлын байр байна вэ?

-Улирлын чанартай барилга, зам, уул уурхайн салбарын мэргэжилтэн, ажилчдын эрэлт, хэрэгцээ их байна. Улсын хэмжээнд ажлын байрны 6300 орчим захиалга шинээр ирсэн.

-Ажил хайж буй иргэнийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрхэн зуучилдаг юм бол?

-Ажлын байранд зуучлахаас урьтаж, тухайн иргэнийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулдаг. Ажил хайгч их, дээд сургууль төгссөн байлаа ч заримыг нь давтан сургадаг юм. Захиалагчийн шалгуурт тэнцүүлэхийн тулд тухайн иргэнийг бэлтгэдэг гэсэн үг. Он гарсаар 8400 орчим иргэнийг сургалтад хамрууллаа. Эдгээр иргэнийг тодорхой ажлын байранд тэнцэх хэмжээнд бэлтгэсэн гэж ойлгож болно. Дараа нь тохирох ажлын байранд нь зуучилдаг.

-Сургалтад хамрагдсан иргэнээс хэчнээн нь ажилд оров?

-Сургалтад хамрагдсан иргэдээс 7266 нь ажилд орсон. Өнгөрсөн жилийн мөн үед 6499 хүнийг ажил зуучилсан дүн байна. Тодорхой хэмжээний өсөлттэй гарлаа.

-Эдгээр иргэнийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-гийн зардлаар сургадаг гэсэн үү?

-Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой хөрөнгө, санхүү зарцуулдаг. Энэ дагуу ХЭДС-гийнхан үндсэн зургаан дэд хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тодруулбал, ажлын байрыг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг, ахмад настны зөвлөн туслах үйлчилгээг, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, ур чадвар олгох хөтөлбөрийг дээрх сангаас санхүүжүүлдэг юм. Он гарсаар орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тодорхой ажлууд хийсэн. Тэнд томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж хомс. Ганц хоёр аймгийг эс тооцвол аль ч аймаг, сумуудад олноороо ажлын байртай болох нөхцөл бүрдээгүй. Тиймээс орон нутгийн иргэдийг дэмжин, өөрөө өөртөө ажлын байр бий болгож, өрхийн бичил бизнес эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх шаардлагатай. Энэ утгаараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр, төслүүдийг орон нутагт түлхүү хэрэгжүүлэхийг зорьж буй. Орон нутгийн нэг иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэл нь хөл дээрээ зогсох хүртэл зөвлөн тусалдаг. Улмаар бичил бизнес нь амжилттай яваа иргэн сумынхаа нэг, хоёр хүнийг ажилд авдаг. Тухайн ажилд орж буй иргэнийг нь хөдөлмөр эрхлэхэд бэлдэх сургалтад давхар хамруулдаг юм. Орон нутгийн иргэдийг энэ мэтээр дэмждэг. Туршлага солилцох, шинэ арга барилд сургах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг аль болох цогцоор нь хэрэгжүүлж байна.

-Он гарсаар дэд хөтөлбөрүүдийн хүрээнд хэчнээн иргэнд бичил бизнес эрхлэх боломж олгож, ажлын байранд зуучилсан бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, малчдын хөдөлмөр эрхлэлт, ахмадын зөвлөн туслах үйлчилгээ, хүүхэд хамгаалагч туршилтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, 2135 хүн хамрууллаа. Үүнээс 1751 хүнийг ажлын байртай болоход 1.6 тэрбум төгрөгөөр дэмжсэн.

-ХЭДС-гийн орлогыг хэрхэн төвлөрүүлдэг вэ?

-УИХ-аас 2020 онд ХЭДС-д 41 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Манай улс жил бүр тодорхой квот тогтоож, гадаадаас ажиллах хүч авдаг. Тодруулбал, аж ахуйн нэгжүүд гадаадаас ур чадвартай инженер, техникийн ажилтан, зайлшгүй шаардлагатай мэргэжилтэн урьж ажиллуулдаг. Тэдгээр гадаадын иргэний ажлын байрны сарын төлбөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө байдаг юм. Энэ орлогоор ХЭДС бүрддэг гэсэн үг. Энэ сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, дэд хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Мөн МСҮТ-ийн суралцагчдад сар болгон 200 000 төгрөгийн тэтгэлгийг эл сангаас олгож байгаа. Дээрээс нь гадаадын иргэний ажлын байрны төлбөр улсын төсөв бүрдүүлэхэд бага боловч нэмэр болдог.

-Энэ жил гадаадаас ажиллах хүч авах боломжгүй нөхцөл үүссэн шүү дээ.

-Дэлхийн олон оронд “Ковид-19” цар тахал дэгдэж, хорио цээр тогтоолоо. Үүний дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас хойш манай газраас гадаадын нэг ч иргэнд урилга, зөвшөөрөл олгоогүй. Ер нь нэгэнт хилээ хаасан болохоор гадаадын ажиллах хүч Монголд ирэх боломжгүй. Үүний улмаас аж ахуйн нэгжүүдэд тодорхой асуудал үүссэн. Тухайн байгууллагууд төлөвлөсөн ажлаа эхлэхийн тулд гадаадаас мэргэжилтэн, инженер, техникийн ажилтан, ажиллах хүч авах хүсэлт, захиалга ирүүлсээр байна. Гэсэн ч тухайн хэрэгцээтэй ажлын байрандаа монгол хүнээ сургаж ажиллуулахаас өөр аргагүй гэдэг зөвлөмжийг бид өгсөн. Одоогоор хорио цээр тогтоохоос өмнө 2019 онд Монголд ирсэн гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг автоматаар сунгаж байгаа.

-Гадаадаас ажиллах хүч оруулж ирэх боломжгүй үед энэ сангаас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдээ хэрхэн өөд нь татах вэ?

-Тодорхой хэмжээнд төсвийн орлого тасалдах эрсдэл үүсэж буй. Эхний таван сарын орлого үндсэндээ тасарсан. Хорио цээр хэдий хүртэл үргэлжлэх, хэзээнээс хэвийн болохыг мэдэхгүй байгаа учраас цаашид ч хүндрэл үүсэх болов уу. Гэсэн ч манай агентлагийнхан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, малчдыг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх шат дараалсан арга хэмжээг чадлынхаа хэрээр авч байна.

-Дотооддоо ажлын байрыг нэмэх ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ажлын байрыг хадгалах, дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд тодорхой шаардлага тавьдаг. Жишээ нь, хэн нэгнийг ажилд авсан бол нэг жилийн хугацаанд дадлагажуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөхийг зөвлөж буй. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг сургаж, байнгын ажилтнаар авах нь тогтвортой ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг хэлбэр. Мөн ажлын байраа алдах эрсдэлтэй, хүндрэл үүссэн аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна. Наад зах нь аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн шат дараалсан үйл ажиллагааг Засгийн газраас улс даяар явуулж эхэлсэн. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл авахгүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлж байна. Хувь хүний орлогын албан татварыг ч хөнгөлж, иргэд ч цалингаа хэдийн бүтэн авч буй. Энэ нь тухайн аж ахуйн нэгжүүдийг хэвийн үйл ажиллагаатай байлгаж, иргэд ажлын байраа хадгалж үлдэх нэг хэлбэр юм.

-Ажилгүйдлийн түвшин он гарсаар хэдэн хувьтай байна бэ?

-Үндэсний статистикийн хорооноос гаргадаг үзүүлэлт гэж бий. Ажилгүйдлийн түвшин дөрөвдүгээр сарын байдлаар 8.1 хувьтай гарлаа. Харин хөдөлмөр эрхлэлтийн түвшин 56.3 хувьтай, ажиллах хүчний тоо 1 293 597 байна. Мөн ажилгүй иргэдийн тоо 126 582 байгаа бол ажиллагсад 1 188 440 гэсэн дүн гарлаа. Ерөнхийдөө манайх ажил хайж байгаа, орох сонирхолтой идэвхтэй иргэнийг бүртгэдэг. Тоон утгаараа өнөөдөр 33 000 ажил хайгч байна. Нөгөө талдаа ажлын байрны 12 000 захиалга ирлээ. Автоматаар 33 000 хүнээс 12 000 нь шилэгдэж орно гэсэн үг. Гэтэл амьдрал дээр ажилд бүгд тэнцэх боломжгүй. Захиалсан ажлын байранд нь тэнцдэггүй. Наад захын шаардлагыг нь хангадаггүй. Чадвартай нь цөөн. Тиймээс дээр хэлсэнчлэн тэдгээр иргэнийг ажил олгогчдын өгсөн захилгад нийцүүлэхийн тулд тодорхой хугацаанд бодлогоор бэлтгэж ирсэн. Учир нь ажил олгогчийн тавьж буй шаардлагад нийцэх залуус ховордсон. Ажил олгогчид бизнесийнхээ үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд тодорхой хэмжээний ажиллах хүч авах шаардлага өнөөдөр ч бий. Гэвч тэнцэх хүн олдохгүй байна.

-Ажлын байр хомсодлоо, хямрал болох нь гээд байгаа ч таны өгсөн мэдээллээр асуудал тэгтлээ хүндрээгүй бололтой. Ирээдүйд гол хүндрэл аль салбарт тулгарах бол?

-Хөдөлмөрийн гэрээ байгуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлдөг ажил олгогч, ажилтны аль алинд нь төрөөс дэмжлэг өгч буй. Тиймээс тухайн ажилтан ажил олгогч хөдөлмөрийн харилцаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой. Зургаан сарын хугацаанд хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй болсон. Дээрээс нь хувь хүний орлогын албан татвар төлөхгүй. Тиймээс аж ахуйн нэгжүүд өнөөдөр ажилтнаа олноор нь цомхотгоогүй. Төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үр дүнгээ өгч, байгууллагууд харьцангуй тогтвортой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, ажил хайгч төдийлөн их нэмэгдээгүй нь албан секторынхны үйл ажиллагаа хэвийн тогтвортой байгаатай холбоотой. Тиймээс гол эрсдэл албан бус секторт гарах байх. Албан бус секторын эзэн ажилтны цалинг сарын 1.5 сая төгрөгөөр тогтоогоод үүнээсээ нийгмийн даатгал төлөхгүй гэж тохирох нь бий. Үүний улмаас ажлын байр нэлээд хумигдах болов уу. Тодруулбал, албан бус секторынхон хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, нийгмийн даатгал төлөхгүй, зөвхөн аман хэлцлээр ажлаа явуулж байна. Энэ тохиолдолд эрсдэл үүснэ. Гол нь ажилтнууд хохирч үлддэг. Өөрөөр хэлбэл, хуулийн гадна байгаа учраас төрөөс олгож буй хөнгөлөлт, чөлөөлөлтөд тэд хамрагдаж чадахгүй. Ташрамд дурдахад, ажилгүй иргэдээ төр орхиогүй. Тэдэнд сар бүр олгодог, хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүнг хоёр дахин өсгөж, хүүхдийн мөнгийг 100 000 төгрөг болгож нэмсэн. Хамрах хүрээ бус мөнгөн дүнг нэмж олгох бөгөөд 250 000 орчим хүн хүнсний эрхийн бичгийг нэмэгдүүлсэн дүнгээр, 1 122 000 хүүхэд 100 000 төгрөг авна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)