Т.АМАРЗАЯА: Ажиглагч бол иргэдийн сонгох, сонгогдох эрхийн “манаач”

“Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяатай ярилцлаа

-Залуусын оролцоог дэмжих, сонгуулийг шударга зохион байгуулах зорилгоор сайн дурын ажиглагч нарыг бүртгэж байгаа гэсэн. Хэчнээн хүн бүртгүүлээд байна вэ?

-Бүртгэл эхэлснээс хойш 24 цагийн дотор 80, гурав хоног өнгөрөхөд 150 гаруй хүн хүсэлтээ ирүүлсэн. Тэдний 90 хувь нь сонгууль ажиглах үйл явцад өмнө нь оролцож байгаагүй гэсэн. Сонгогчдын боловсрол дээшилж, сонгуулийн үйл явцад иргэд анхаарлаа хандуулдаг болсныг илтгэж байгаа юм болов уу хэмээн үүнийг олзуурхан хүлээн авч байгаа. Хэрэв өмнө нь оролцож байсан хүн л бүртгүүлээд байвал энэ талаарх ойлголт нийтэд хүрээгүй байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, иргэний нийгмийн ажиглалтыг залуус сонирхож байгаа хэрэг.

Манайх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, идэвхжүүлэх, шударга сонгууль зохион байгуулахад хувь нэмэр оруулах зорилгоор сайн дурын ажиглагч нарыг бүртгэж, сургалт явуулдаг юм. Энэ ажлыг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага 2012 онд анх гардан зохион байгуулахад нь бид хамтарч байлаа. Дараа нь буюу 2014 онд “Бодлогод залуусын хяналт” ТББ-гаа байгуулж, 2016 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сайн дурын ажиглагч нарыг бэлтгэх ажлыг албан ёсоор хамтран зохион байгуулсан. Өнгөрсөн жилүүдэд бид давтагдсан тоогоор иргэний нийгмийн 500 гаруй ажиглагчийг хамтран бэлтгэжээ.

-Энэ жилийн хувьд ямар онцлогтой байх бол. Хорио цээрийн дэглэмийг сонгуулийн үеэр сунгах, эсэхээс шалтгаалж зохион байгуулах үйл явцдаа өөрчлөлт оруулах уу?

-2020 оны УИХ-ын сонгуулиар орон нутагт ажиллахаар төлөвлөж байна. Орон нутагт сонгууль хэрхэн зохион байгуулдгийг өмнө нь ажиглаж байгаагүй. Харин энэ удаа Дархан-Уул, Орхон, Дорноговь, Хэнтий, Төв аймагт ажиллана. Мөн Баянхонгор, Өвөрхангайн аль нэгийг сонгоно. Бүс болгоноос нэг аймаг сонгохыг хичээж байна. Хорио цээрийн дэглэм сунгагдаж магадгүй учраас гарч болох эрсдэлүүдээ тооцоод дээрх аймгуудыг сонгосон юм. Хотод 200, орон нутагт 30 ажиглагч таван баг болж ажиллана. Санал авах нэг хэсэгт хоёр хүн байна. Ингэхдээ ээлжээр буюу 07.00-15.00, 15.00-22.00 цаг хүртэл ажиллах юм. Зарим тохиолдолд тухайн ажиглагчийн, өглөө болон оройны бүх үйл явцыг хянах хүсэлтийг нь зөвшөөрдөг. Гэхдээ ажиглагч нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийн манаанд зогсож буй маш хариуцлагатай ажил хийж байгаа гэдгээ мартаж болохгүй.

Өөр нэг онцлог зүйл нь шалгах хуудас (check list)-аа цаасаар бус, цахим хэлбэрт шилжүүлж сан бүрдүүлэх гэж байгаа. Сонгуулийн санал хураах байрны нээлт, өглөө цагтаа эхэлсэн болон хар машины лац бүрэн, эсэхийг шалгах хуудсандаа тэмдэглэнэ. Мөн хэдэн хүн санал, гомдол гаргасан, согтуу хүн санал авах байранд орж ирсэн, нас барсан иргэний нэр дээр өөр хүн бүртгэсэн зэрэг зөрчил гаргавал ажиглагч цаг, минуттай нь бүртгэнэ. Үүнээс гадна санал тоолох, дүн гаргах үйл явцыг хянаж, тэмдэглэдэг. Ингэснээр тухайн ажиглагчийн ажиллаж буй хэсгийн хороонд юу болж байгааг цаг алдалгүй мэдээлж, хөрөнгө, хугацаа хэмнэх боломж бүрдүүлж буйгаараа өмнөх жилүүдээс ялгаатай. Түүнчлэн зөөврийн хайрцгаар санал авах үйл явцыг ажиглах саналаа СЕХ-нд хүргүүлэхээр төлөвлөж байна. Тусгаарлалтад олон хүн байгаа. Тэд сонгох эрхээ эдлэх хэрэгтэй шүү дээ. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” эвсэлд нэгдсэн, төрийн бус зургаан байгууллага хамтран сонгуулийн үеэр ажиллах төлөвлөгөөгөө эхлээд СЕХ-нд хүргүүлдэг юм. Дараа нь ажиглагч нараа бүртгүүлнэ. Тэгэхээр төлөвлөгөөгөө илгээсний дараа хүсэлтээ хүргүүлнэ гэсэн үг. Санал авахаас тав хоногийн өмнө буюу зургадугаар сарын 19-нөөс өмнө ажиглагчид бүртгүүлэх ёстой. Энэ хугацаанаас өмнө бидний хүсэлтийг шийдэж, хариу өгөх байх.

-Ажиглагч бол маш хариуцлагатай ажил гэдгийг та дээр дурдсан. Тэгэхээр хэн ажиглагч байх вэ гэдэг нь чухал юм шиг.

-Эрх зүйн бүрэн чадамжтай, 18 нас хүрсэн хүн бүрийг ажиглагчаар бүртгэж болно гэж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 67.2-т тусгасан. Харин бид нам бус, сайн дурын, 18 нас хүрсэн байх зэрэг шаардлагыг нь харгалзан бүртгэж байгаа. Ажиглагч нь хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус аргаар хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол бүртгэл нь хүчингүй болж, санал авах байрнаас гарна гэдгийг анхааруулан, тайлбарлаж өгдөг юм. Үүнээс гадна баг багаар нь хувааж, гурван сэдвийн хүрээнд цахим сургалт явуулдаг. Шалгах хуудас бөглөх тухай сургалтыг заавал танхимаар заахгүй бол болдоггүй. Ингэхдээ Улсын онцгой комисс болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу нэг дор гурваас дээш хүн цуглуулахгүй гэж төлөвлөсөн. Энэ жил санал авах үйл ажиллагааг зардал багатай, эмх замбараатай явуулах болов уу гэж харж байна.

-Гадаадаас ажиглагч ирэх, эсэх нь эргэлзээтэй. Тэгэхээр тэдний орон зайг нөхөж, илүү хариуцлагатай ажиллах шаардлагатай гэсэн үг үү?

-Гадаадын ажиглагчид Монгол Улсын сонгуулийн үйл явцыг олон улсад мэдээлдэг. Энэ удаа тэд ирэхгүй байлаа гээд онцын өөрчлөлт гарахгүй байх. Бидний ажилд айхавтар нөлөө үзүүлдэггүй учраас хэлж мэдэхгүй юм. Нам, эвслээс томилогдсон ажиглагч нар хоорондоо тохиролцох, зөвшилцөхгүй байхад иргэний нийгмийн ажиглагч давхар хяналт тавьдаг гэдэгт итгэдэг. Нам бус хүн тэмдэглэлээ шударгаар хөтөлдөг учраас нам, эвслийн ажиглагчид мөн л үнэн, зөвөөр бичихгүй бол болохгүй. Энэ утгаараа иргэний нийгмийн ажиглалт хийсэн 100 хэсгийн хороонд ноцтой зөрчил илэрч байгаагүй гэхэд хилсдэхгүй. Сонгуулийн санал авах үйл ажиллагаанд согтуу хүн саад учруулах, бүртгэл хийлгээгүй байх, хурууны хээ уншихгүй, хаяг давхардсан, нэр нь байгаагүй, зарим тохиолдолд саналын тоо зөрөх зэрэг нийтлэг зөрчил гардаг. Хэрэв саналын тоо зөрсөн бол дахиж тоолоод зөрчилгүй гэдгийг нотолж байж л санал авах байрнаас гарч ирдэг дээ.

-Ажиглалт дууссаны дараа нэгдсэн дүнгээ СЕХ-нд өгдөг үү. Гарсан зөрчлүүдийг хаана мэдээлдэг юм бол?

-СЕХ-нд гомдол гаргадаггүй. Харин саналуудыг нэгтгэж дуусаад хэвлэлийн бага хурал хийж, 100 хэсгийн хороонд ажиллах үед ийм зөрчил гарлаа гэдгийг олон нийтэд мэдээлдэг. Зарим үед тухайн хэсгийн хорооны ахлагчийн ёс зүй, харилцаанаас хамааралтай асуудал гардаг юм. Хуульд заагаагүй бичиг баримт нэхэх, бүртгэж авахгүй байх зэрэг нь хүндрэлтэй. Ийм тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороонд утсаар мэдэгдэнэ.

-Сонгуулийн үйл явцыг ажигласнаа олон нийтэд мэдээлснээр ямар үр дүн гардаг вэ?

-Сонгууль үнэхээр шударга явагдсан, эсэхэд иргэд эргэлздэг. Харин бид энэ тухай мэдээлснээр эргэлзээ нь тайлагддаг байх. Бидний зорилго бол сонгуульд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь боловсронгуй болгох юм. Тэгэхээр энэ тухай мэдээлэх нь иргэдэд итгэл найдвар төрүүлж, идэвхжүүлэхэд нэмэртэй гэж үзэж байна.

-Танай байгууллага сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ жил ямар ажил хийхээр төлөвлөж буйгаа хуваалцахгүй юу?

-“Иргэний нийгмийн ажиглалт” төслийн хүрээнд “Ажиглагч нараа алдаршуулъя” цахим аян эхлүүлээд байгаа. Өнгөрсөн хугацаанд сайн дураар ажилласан хүмүүсийг цахим орчинд алдаршуулснаар бусад залуу сонгогчийг идэвхжүүлж, сайнаар нөлөөлнө гэж найдаж байна. Мөн сонгох эрхээ хамгаалах, шударга сонгууль зохион байгуулахад хяналт тавих нь иргэний үүрэг гэдгийг залууст ойлгуулахад ач тустай. Санал авах байранд өдөржингөө суух амаргүй. Тэглээ гээд ажиглагч цалин авахгүй. Гэхдээ юуны төлөө тэгж суугаад байгааг нь бусад хүн ч гэсэн мэдвэл сонгуулийн оролцоо, идэвх нь сайжрахыг үгүйсгэхгүй. Үүнээс гадна “Улс төр ба мөнгө” хөтөлбөрөө хоёр дахь жилдээ хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд хуулийн мониторинг хийхээр төлөвлөсөн. 2016-2020 онд УИХ-ын гишүүд ямар хууль баталж, санаачилсныг нийтэд танилцуулахыг зорьж байна. 

Тэр гишүүн тийм хуулийн төсөл боловсруулсан гэх мэдээ байдаг ч баталсны дараа хэн санаачилсныг нь иргэд мэдэх боломжгүй. Энэ нь иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг учраас хэн ямар хууль баталсныг анхаарах хэрэгтэй. Мөн нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ нь аудитын байгууллагад хүргүүлсэн санхүүгийн тайлан, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэйгээ нийцэж байгаа, эсэхийг хянана. Түүнчлэн одоо гаргадаг зардлын тайлан нь хэтэрхий ерөнхий учраас үүнийг боловсронгуй болгох зөвлөмжийг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн. Тиймээс энэ жилийн зардлын тайлан олон нийтэд ойлгомжтой гарах байх гэсэн хүлээлттэй байна. Ийм ажил хийснээр улс төрийн намууд санхүүжилтийн тайлангаа ил тод гаргадаг жишиг тогтох, иргэд итгэл үнэмшилтэй болох зэрэг давуу талтай. Иргэдийн улс төрд итгэх итгэл буурч, залуус улам л идэвхгүй болох хандлагатай байна. Тиймээс залууст хандан уриалга гаргаж, цахим сүлжээнд сонгуулийн талаар чөлөөтэй ярилцах боломж бүрдүүлнэ.

-Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд төрийн албан хаагчид бус, оюутан, залуусаа ажиллуулдаг жишиг олон улсад байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хэсгийн хороонд төрийн албан хаагч бус, нам бус иргэд, залуусыг оролцуулж, урамшуулал олгодог гэсэн үг. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Санал авах байранд ажиллах хүн нам бус, эсэхийг нь баталгаажуулж, хяналт тавьж чадвал үр дүнтэй байж болох юм. Манай үйл ажиллагаа энэ жишигтэй ойролцоо ч гэсэн урамшуулал өгөх боломжгүй. Гэхдээ хоол, нэгжийг нь авч өгөөд, өглөө, оройдоо гэрт нь хүргэж өгч, авдаг. Ийм тохиолдолд сайн дураар оролцох хүмүүс их байгаа юм чинь, “цалинтай” бол залуус бүр ч дуртай ажиллаж магадгүй. Гол нь нам бус, эсэхэд нь анхаарах хэрэгтэй. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс аль нэг намын гишүүн байх нь элбэг. Тэгэхээр аль нам эрх барьж байгаагаас хамаараад сонгууль зохион байгуулах үйл явц, үр дүнд сөргөөр нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн сонгуулийн зардлыг бууруулах гэж хичээж ядаж байхад ийм хүч оруулж ирэх нэрээр зардлыг нь өсгөх эрсдэлтэй. Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг багасгаад, СЕХ-ныхыг өсгөх хэлбэрээр зохицуулж болох юм.

-Санал авахаас 22 хоногийн өмнө мөрийн хөтөлбөрийг нийтэд ил болгож байгаа нь хэр оновчтой шийдэл вэ. Үүнтэй танилцах хугацаа хангалттай гэж үзэж байна уу?

-Санал авахаас 22 хоногийн өмнө ил болгож байгаа нь “сонголтгүй сонголт” хийхийг шаардаж буйтай ижил. Уг нь мөрийн хөтөлбөртэй нь эртнээс танилцаж, дүн шинжилгээ хийх эрх иргэдэд байх ёстой. Гэтэл хуулиараа мөрийн хөтөлбөрийг нь нууцад хамааруулж байна. Ил гаргачихвал сурталчилгаа болно гэж үзээд байх шиг. Энэ удаа томсгосон тойргоор сонгууль зохион байгуулах учраас нэг тойрогт хоёроос гурван хүний нэрийг дугуйлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гурван хүний нэр дугуйлсан тохиолдолд л саналын хуудсыг хүчинтэйд тооцно. Хэрэв би нэг хүнийг л сонгомоор байвал яах вэ гэдгийг зохицуулаагүй. Тэгэхээр энэ жил аль ч нэр дэвшигчийг сонгохгүйгээр “цагаан сонголт” хийлээ ч сонгуулийн дүнд айхавтар нөлөөлөхгүй болов уу. Гэхдээ саналын хуудсаа хүчингүй болгосноос “цагаан сонголт” хийх нь сонгогчийн эрхээ эдэлж буй нэг хэлбэр болох байх.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)