Т.Амаржаргалан: Монголд илрүүлж чаддаггүй 30 нэр, төрлийн өвчнийг сургалтын эмнэлэгт оношилно

Их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй. Ажлын хэсгийн гишүүн БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалангаас энэ талаар тодрууллаа.

-Их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажил хэр урагштай байна вэ?

-Нийслэлийн ЗДТГ-ынхантай хамтарсан ажлын хэсэг байгуулж, тодорхой судалгаа эхлүүлсэн. Нэг айл нүүх, шилжих асуудал биш тул үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай. 

Хамгийн гол нь дэд бүтцээ эхэлж бий болгох ёстой. Хотын төвийн түгжрэлийг сааруулахын тулд эхний ээлжинд АШУҮИС-ийг нүүлгэнэ. Японы Засгийн газрын 170 тэрбум төгрөгийн санхүүжилтээр сургалтын эмнэлэг барьж байгаа.

Ирэх сард ашиглалтад оруулна. АШУҮИС-ийнхан өөрийн хөрөнгөөр эмнэлгийн хажууд оюутны дотуур байр барьж буй.

-Шинэ эмнэлгийн тоног төхөөрөмж, ажилтнуудын цалинг хэрхэн шийдэх юм бол?

-Сургалтын шинэ эмнэлэгтэй болсноор Монголд илрүүлж чаддаггүй байсан 30 нэр, төрлийн өвчнийг оношлох боломж бүрдэнэ. ЖАЙКА-гаас 199 нэр, төрлийн 614 тоног төхөөрөмж, 44 нэр, төрлийн 210 багаж нийлүүлэх юм. 

Үүнээс гадна хяналт шалгалтын 149 тоног төхөөрөмж суурилуулна. Эмч нарыг АШУҮИС цалинжуулахаар болсон. Бусад сувилагч, ажилтны цалингийн санхүүжилтийг шийдэхээр ЭМЯ, БСШУСЯ хамтарч ажиллаж байна.

-Ойрын хугацаанд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн өөр сургууль бий юү?

-Монгол, Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн сургуулийг Налайх дүүрэгт байгуулсан. Удахгүй олон зориулалтын лаборатори байгуулж, үүндээ үндэслэн судалгааны их сургуультай болно.

Улсын төсөв хүндрэлтэй учраас Германы Сэргээн босголтын зээлийн банкнаас долоон сая еврогийн зээл авахаар урьдчилсан хэлцэл хийсэн. Монголын тал төсвийн хөрөнгөөр 560 хүүхдийн дотуур байр барина.

Үүний эх үүсвэрийг 2019 оны төсөвт суулгасан. Мөн ХААИС-ийн экологийн салбарыг Дархан-Уул, ШУТИС-ийн уул уурхайн хөтөлбөрийг Орхон аймаг руу шилжүүлэхээр судалж байна. Нэлээд хөрөнгө шаардсан ажил учраас багагүй хугацаа хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)