Төсөв цавчих төлөвлөгөө биелэх нь үү

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар батлах дөхөж буй энэ үед төсвийн зардалтай тойруу замаар ч болов холбогдох сүүлийн үеийн мэдээлэл хуваалцангаа асуудал хөндье. АНУ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульдаа 14 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь өмнөх хоёр буюу 2012, 2016 оны сонгуулийн зардлыг нийлүүлснээс илүү дүн аж. Уг зардалд дүн шинжилгээ хийсэн “Global times” онлайн сэтгүүлийнхэн “Америкт нэг өрх бүтэн жилийн хэрэгцээндээ дунджаар 63 036 ам.доллар зарцуулдаг бөгөөд энэ удаагийн сонгуулийн кампанит ажлынхаар 220 мянган өрхийн жилийн хэрэгцээг хангаж болох байв. Мөн энэ нь Монгол Улсын 2019 оны ДНБ-ий хэмжээтэй дүйцэх дүн юм” хэмээн нийтэлжээ. Ингэснээрээ манай улсыг бусдын нэг удаагийн сонгуулийн зардалтай тэнцэх хэмжээний ДНБ-тэй хэмээн дамшиглах гээгүй байх л даа. Тоон үзүүлэлт таарч тохирохоор нь жиших хэрэгсэл болгосон биз ээ. Гэхдээ л Монгол ийм өчүүхэн төсөв, хөрөнгөтэй улс, айл гэдгийг дэлхий нийтэд зарлаж орхих нь бидэнд таатай бус. Гэхдээ үнэн бол энэ. Маргах аргагүй. Манай улс нэгэнт бусдын “элэг доог” болох хэмжээний өчүүхэн төсөвтэй ч чангахан атгаж аль болох үр ашигтай зарцуулах нь УИХ, Засгийн газрын үүрэг билээ.

Ядаж л төсвийн хөрөнгийг цаасан дээр байхаас нь эхлэн тас цавчиж, өөрийн тусын тулд ашиглах “алсын” бодолтой сувдаг этгээдүүдийн гарын шүүс болгохооргүй боловсруулдаг болох цаг хугацаа өнгөрсөн дөө, уг нь.

2021 оны төсвийн хөрөнгийн хуваарилалтыг урьдчилсан байдлаар УИХ-д танилцуулахаар оруулж ирснийг ажиглахад мэдэн будлих мэтээр суулгасан хөрөнгө бишгүй байх аж. Хүссэн нь хэрэгтэй цагтаа суга татаж, дуртай зүйлдээ зарцуулах боломжийг нээлттэй үлдээхээр төлөвлөсөн “дэл сул” ажил ч байсан. Эрхбиш хэд хэдэн хэлэлцүүлгийн дараа нэр бүхий төслүүдийг сайжруулан хаана, ямар зориулалтаар юу барьж байгуулах, эсвэл ажил, үйлчилгээ явуулах гэж буй талаар тайлбарласан хувилбараар дахин парламент руу зүглүүлсэн байх гэж найдна.

Нэг зүйл ойлгомжгүй. Жишээ нь, хөрөнгө оруулалтын төсвийн тухай авч үзэхэд хаана, хэзээ, ямар зориулалт, хүчин чадлаар юу барьж байгуулах нь огтхон ч тодорхойгүй атал хуулийн төсөлд тусгуулаад, УИХ-аар хэлэлцүүлэхээр илгээж чаддаг “зоригтон” хэн юм бол. Төсвийн тухай хуулийн 33.2.6-д “Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар (нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүн) тусгаж, батлах” гэсэн заалт байсаар атал үүнийг хэрэгжүүлдэггүйн учир юу вэ. Үүний төлөө хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Одоогоор хэн нэгэнд хариуцлага хүлээлгэсэн тохиолдол үгүй. Шат шатандаа урьдын адил мэдэн будилж, “дээрээс” тушаал өгсөн даргын хэлснээр чимээгүйхэн шиг төслийн нэр тавьсан болоод, ард нь мөнгөний тоо бичихээ урьтал болгох. Энэ мэтчилэн “чоно борооноор” гэгчээр сэм суулгасан төсөв тэр чигтээ батлагдаад, нэр дэвшигчийн сонгуулийн зардал болон хувирч ирсэн тохиолдол олон.

Жишээ татъя. 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтын төслийн жагсаалтад хүчин чадал нь тодорхойгүй барилга, байгууламж нэлээд хэдийг эхлүүлэхээр заасан байв. Тухайлбал, хоёр жилд барьж дуусах, 10 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Дижитал-Эрдэнэт” төслийг Орхон аймагт, дөрвөн тэрбумын төсөвт өртөг бүхий “Шинэ сум” төслийг Хэнтийн Галшар сумд хэрэгжүүлнэ гэнэ. Мөн Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт сумд тус бүр нь таван тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр, Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх “Жишиг гудамж” төсөл зэргийг дурдаж болно. Эдгээр нь барилга, байгууламж гэсэн ангилалд багтаж байгаа тул Барилгын тухай хуулийн 4.1.1-т зааснаар хэдэн хүний багтаамжтай, эсвэл барилгын талбайн хэмжээ зэргийг тусгах шаардлагатай. Мөн 64 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалт” төсөл нь барилга, байгууламж гэсэн ангилалд багтаж буй ч мөн барилгууд хэдэн хүний багтаамжтай, хэдэн км зам, гүүртэй байх зэргээр хүчин чадлыг тусгаагүй. Дээр хэлсэнчлэн эрхбиш эдгээр, юу нь тодорхойгүй төслийг удаа дараагийн хэлэлцүүлгийн дүнд засуулсан, эс бөгөөс бүрмөсөн хассан байх учиртай. Энд “Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллагын хийсэн судалгааны дүнг эш татав.

Төсвийн хөрөнгөд хэл чимээгүй, хал балгүй гар дүрэх нэгэн арга нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын болон сайдуудын мэдэлд хэмээн заасан багцууд байдаг. Мэдээж эрх мэдэл бүхий албан тушаалтнууд газар хөдөлж, гал дүрэлзвэл ч юм уу хэрэглэх бага ч болов мөнгөтэй байх нь зүй. Гэхдээ түүх сөхвөл тэрхүү хөрөнгөөс улс төрийн ашиг олох зорилго бүхий төслүүдийг санхүүжүүлж ирсэн байдаг нь нууц биш. Өдгөө ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдэлд ийм нөөц хөрөнгө багагүй буй.

“Нээлттэй нийгэм форум”-ын судалгааны материалыг сайтар уншваас тодорхойгүй олон асуудал ил болохоор. Тэнд “Улсын төсвийн санхүүжилтээр 2021 онд шинээр эхлүүлэх төслүүдийн төлөвлөлтөд анхаарал татах асуудлууд байна. Хөрөнгө оруулалтын жагсаалтад барилга, байгууламж, тоног төхөөрөмж бус “төсөл” нэрээр орсон ихээхэн хэмжээний төсөвт өртөг бүхий зардлуудын талаарх танилцуулга, мэдээллийг уг жагсаалтад ч, хуулийн төслийн танилцуулгад ч тусгалгүй орхижээ. Тухайлбал, “Их соёл, эх үндэс” төсөл, хөтөлбөрийг Дундговь аймагт хэрэгжүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад 300, Соёлын сайдын багцад 200 сая төгрөгийг зэрэг тусгасан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад “Шинэ хөдөө” гэх төслийг зургаан аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төсөл нь 200 саяас 4.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байх аж. Мөн нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Эрүүл хүнс малчны хотноос” хөтөлбөрийн хүрээнд Архангай аймагт тоног төхөөрөмж худалдан авахаар тусгажээ.

Эдгээрээс харахад, Монгол Улсын 2021 оны төсвийн хөрөнгийн зарцуулалтыг өдгөөгийн УИХ-ын гишүүд урьдчилан төлөвлөсөн бөгөөд Сангийн яам зэрэг зохих байгууллага, субъект огт гар хүрэлгүй, татгалзуулж, түтгэлзүүлэлгүй “Өөрсдөө мэднэ биз” гэх лүгээ адил хүснэгтэлж гоё болгоод илгээсэн мэт. Америк хэмээх улс Ерөнхийлөгчийн нэг удаагийн сонгуулийнхаа кампанит ажлыг санхүүжүүлэх хэрийн жилийн төсөвтэй Монгол Улсын парламентын гишүүд бүрэн эрхийн давуу талдаа дулдуйдан байгаагаа хэрхэн үрэн таран болгохоор уралдан улайрдгийг үүнээс төвөггүй ойлгохоор.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)