Төсөвт тодотгол хийх хэд хэдэн хувилбар боловсруулжээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, түүнийг дагалдах хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс хэлэлцэх асуудалтай холбогдуулан нэмэлт мэдээлэл авах шаардлагатай хэмээн завсарлага авсан билээ. Өчигдөр МАН-ын бүлэг холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, нээлттэй хуралдлаа. Хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан нарын албаны хүмүүс оролцож, гишүүдийн асуултад хариулав. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр аль алинаасаа хараат бус үүрэг, чиглэлтэй Монголбанк, Засгийн газрын асуудлыг тус тусад нь хэлэлцэх нь зүйтэй гээд эхлээд Монголбанкны мэдээллийг сонсох горимын санал гаргасан ч дэмжсэнгүй. Бүлгийн дарга Н.Энхболдын хэлснээр намын бүлгийн хуралдаанаас илүүтэй мэдээлэл сонсох зорилготой хуралдаан эхэлж, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы товч мэдээллийг сонссон.

Үндэсний статистикийн хорооны дарга өнгөрөгч наймдугаар сарын гол гол үзүүлэлтийг статистик тоон баримтаар нэрлэв. Тухайлбал, өрхийн мөнгөн орлого өнгөрөгч сартай харьцуулахад 12.6, ДНБ-ийн өсөлт эхний хагас жилийн байдалтай харьцуулахад 15.2 хувиар өсөж, цэвэр экспортын дүн хасах үзүүлэлттэй гарсан хэдий ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дээрдсэн гэхчилэн харьцангуй эерэг тоон үзүүлэлтүүдийг дурдсан юм. Гэхдээ энэ нь хямрал хаяанд байтугай хотонд ороод ирлээ хэмээн эмээж буй цөөнхийн бүлгийнхэнд худлаа ярьж байгаатай адил сонсогдсон нь илт. Тиймээс ч Ардын намынхан албан тушаалтнуудын амнаас “хямрал хэдийнэ нүүрлэсэн” гэж сонсох гэж нэлээд мэтгэлцсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар: -Монголбанк, ҮСХ хоёр Засгийн газрын гал хамгаалагчийн үүрэгтэй байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэх үүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг жирийн иргэд хэлж байна шүү дээ. Хямрал нүүрлээгүй гэдэг дүгнэлтийг албан ёсоор хэлж өгөөч.

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан: -Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ энэ оны эхний үетэй харьцуулахад 6.7 хувиар өссөн ч, өмнөх оны мөн үед эл үзүүлэлт 14.2 хувиар нэмэгдсэн байдаг. Ер нь иргэдийн орлогын зөрүү алсарч, баян хоосны ялгаа нэмэгдэж байгаа. Статистикт баримталдаг зарчмын дагуу хоёр улирал дараалан хасах үзүүлэлттэй гарвал хямрал гэж тодорхойлдог. Эдийн засаг хүндрэлтэй байна. Гэхдээ арай хямраагүй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасрах нь тодорхой боллоо. Үүнийг яаж нөхөх вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: -Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар алдагдлыг нөхөж чадна гэдэгт итгэлтэй байна. Урсгалыг нэмэгдүүлэхэд ээлжит бус чуулганаар хэлэлцэх алтны худалдаа болон хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг батлах нь чухал ач холбогдолтой. Мөн энэ үеэр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт ирэх бямба гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсөвт тодотгол хийх талаар хэлэлцэх тухай дуулгав. Засгийн газрын тэргүүн төсөвт тодотгол хийх шаардлагагүй хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа ч Сангийн яам нь төсвийн тодотголын 2-3 хувилбар боловсруулаад байгаа юм байна.


 Б.НОМИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)