Төсвийн хууль зөрчсөн дарга нарыг огцруулах ёстой

Төсвийн хууль зөрчсөн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцтай танилцах, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны тогтоолоор томилсон юм. Ц.Сэдванчиг ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын долоон гишүүн ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Жил бүр гардаг зөрчил дутагдал одоо ч хэвээр байгааг хариуцлага тооцолгүй өөгшүүлдэгтэй холбоотой гэж гишүүд үзэж байна. Хамгийн том зөрчлийг Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан гаргажээ. Дэд хорооны хуралд төсвийн ерөнхийлөн захирагч Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарыг дуудан ирүүлэв. Гэтэл УНДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг ирээгүйд гишүүд ихэд бухимдаж, түүнтэй хариуцлага тооцохоо амлав. Төсвийн хууль зөрчс өн бол албан тушаалаас нь огцруулах хүртэл арга хэмжээ авдаг юм байна.

Сангийн яам, ХЗДХЯ, ГХЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УНДЕГ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Үндэсний статистикийн хороог төсвийн хууль зөрчсөн гэсэн аудитын дүгнэлт гаргасан юм байна. ХЗДХЯ, УНДЕГаас бусад нь гаргасан алдаагаа хуулийн хүрээнд зассан гэж байв. ХЗДХЯ-ны хувьд Хадгаламж, зээлийн хоршоодтой холбоотой өр авлага байгаа аж. ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулахын тулд хураагдсан эд зүйлийг борлуулж орлого олох ёстой. Гэтэл тэдгээрийн үнийг хэт өндөр тогтоосноос худалдан авагч олдохоо больсон гэнэ. Тэгэхээр эд зүйлийн үнийг эргэж харах шаардлагатай гэсэн тайлбарыг яамныхан өгөв. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хувьд гадаад томилолт, ном хэвлэлийн зардлаа хэтрүүлчихэж.

Хэлмэгдсэн иргэдтэй холбоотой материалыг ОХУ-ын архиваас авахын тулд хойд хөрш рүү комиссынхон хэд хэдэн удаа яваад ирсэн. Хэлмэгдэгсдэд зориулсан “цагаан ном”-ыг хэвлүүлэх зардлыг өөр эх үүсвэрээс ашигласан нь зөрчилд бүртгэгдсэн байна. УНДЕГ-ын санхүү, төсвийн зөрчил 10 гаруй тэрбум төгрөгөөр яригдаж байгаа юм билээ. Гэхдээ их сонирхолтой аж. 1990-ээд оны дундуур Сэргээн босголт, ХОТШ, Ард, Эксим, Монголдаатгал зэрэг банк дампуурахад тэдний Нийгмийн даатгалын шимтгэлийн харилцах дансанд байсан мөнгө алга болжээ. 10 тэрбум 800-гаад сая төгрөг байдаг аж. Одоо болтол энэ мөнгөө олж чадаагүй нь олон жил УНДЕГ-ын төсвийн өр болж буй гэнэ. Бас өөр нэг өр энэ газарт үүсээд уджээ.

Банкууд дампуурдаг тэр үеэр аж ахуйн нэгжүүдийн санхүү хүнд байсантай холбоотойгоор компани, байгууллагууд ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг мөнгөөр бус бараагаар хийдэг байсан гэх тэр бүр дуулдаагүй сонин зүйлийн талаар УНДЕГ-ын хэлтсийн дарга ярьж байх юм. Тэр эд зүйлийг зарж борлуулах гэхээр бас л болж өгдөггүй юм гэнэ. Энэ мэтээр төсөвт орлого бүрдүүлэх үүрэг хүлээсэн эрхмүүд төсвийн зарлагын хяналтын дэд хорооныхонд байцаагдлаа. Харин гишүүд хариуцлага тооцдоггүй, толгойг нь илж ирсэн учраас наадуул нь төсвийн өмнө хүлээсэн үүргээ хайнга биелүүлдэг гэсэн аясаар хандаж байна. Төсвийн хууль зөрчсөн ерөнхийлөн захирагчдад хариуцлага тооцуулах албан тоотыг Ерөнхий сайдад явуулж, 14 хоногийн дотор хариуг авахаар болов.

Э.ТӨР


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)